Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг төслөөр хуулийн 40 орчим хувийг өөрчлөх гэнэ. Төсөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдагийг хязгаарлахаар тусгажээ. Үүний тулд хугацааг зургаан жил болгож, төлбөрийг нэмэх гэнэ. Ингэснээр лицензийн найлзааг тасалан зогсоож, олон улсын жишигт ойртуулах нь.
Мөн одоогоор дэлхийн улс орнууд 30-50 төрлийн эрдэс, элементийг чухал ашигт малтмалын жагсаалтдаа тодорхойлсон бөгөөд Монгол Улсад хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүнд эдгээр элементийн хуримтлал бүхий цэг нэлээд байгаа нь тогтоогджээ. Тиймээс уг хуулийг батласнаар "чухал ашигт малтмалын бодлого"-оо тодорхойлж, судалгааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлийг нутагшуулах, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах АМНАТ-ийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамааарч хүдэрт 0-15, баяжмалд 0-5, бүтээгдэхүүнд 0-2.5 хувь байхаар тусгажээ. Гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмалыг хяналтгүйгээр худалдан авч, хууль бус олборлолтыг өөгшүүлэх, татвараас зайлсхийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж буй гажуудлыг ч арилгахыг зорьсон байна.