Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35-р хорооны Улиастайн эцэст орших Бурхантын хошуунд өнгөрсөн шөнө баавгай айлын гэр эвдэн орж, 1 хүн барьж, 1 хүн гэмтээгээд байна. Энэ талаар БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр:
-2026.10.08-ны 01:04 цагт нийслэлийн Шуурхай удирдлагын төвд дуудлага ирсэн. Уг дуудлагаар нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран, 2 цагт очиход 1 хүний амь хохирсон байсан.
Одоо 41 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 12 техник хэрэгсэлтэйгээр дулаан мэдрэгч, дрон ашиглан уг баавгайг хайж байна. Байгаль хамгаалагчид эхний дуудлага ирж, тэр нь хотын шуурхайд мэдээлэл өгсөн. Шуурхай бүрэлдэхүүн нэг дор цуглаад, газар дээр нь очсон.
“Улаанбаатарт баавгай байна” гэх дуудлага мэдээлэл 2018 онд хоёр удаа, 2019 онд нэг удаа бүртгэгдсэн. Үүнээс хойш нэг ч удаа бүртгэгдээгүй. Харин 2026 он гарсаар нийт 28 удаа бүртгэгдээд байна. Үүний 24 нь бодит дуудлага байсан. 4-ийг иргэд андуурсан, зарим хүн AI-р баавгайн дүрс эвлүүлсэн байсан.
Баавгайг аюулгүй болгох төсвийг засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан. БОУАӨЯ-наас цагдаагийн байгууллагын хяналт дор 10 сарын 7-ноос эхлэн ганцаараа явж байгаа баавгайг аюулгүй болгох чиглэл өгсөн. Бамбарууш, бамбаруушаа дагуулсан эм баавгайг агнаж болохгүй гэсэн.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням:
-Байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зэрлэг амьтан суурьшлын бүсэд нэвтэрч, хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье! Баавгай үзэгдсэн тохиолдол 11 аймаг, нийслэлд нийт 754 бүртгэгдээд байна. Энэ бол давхардсан тоо. 80 хувь нь бамбарууш, бамбарууш дагуулсан баавгай байна.
Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Үүнийг булчин сулруулах зориулалттай зүү шидэгч буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулна.
Баавгай давтамжтай орж ирсэн газруудад анхааруулга, зөвлөмж хүргүүлсэн. Баавгайг агнах ажлыг албаныхантай хамтран хэрэгжүүлж байгаа. Ямар хүчин зүйлээс үүдэн суурьшлын бүс рүү ойртож байгааг нь судалж байгаа.
Баавгай агнах 27 зөвшөөрлийг 8 аймагт өгсөн. Үүний дагуу 6 баавгай агнаад байна. “Хэнтийд агнасан баавгайд задлан хийхэд ходоод, хоол боловсруулах эрхтэнд ямар ч хоол тэжээл байгаагүй” гэдэг мэдээлэл ирсэн. Тиймээс хууль бусаар самар түүх, мод бэлтгэлийн ажлыг таслан зогсоох, жимс түүхээр уул руу орохыг хориглож байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар:
-Баавгайд бариулсан Н гэх 55 настай эмэгтэйг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн. ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:04 цагийн үед “Баавгайд бариулсан” гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал хүнд байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа.
Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай. Цээж, хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовуурьтай ирсэн. Мэс засал хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авсан.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ:
-Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.

