Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.10.05-нд хянан хэлэлцсэн.
Хэрэг 1.
Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд нар “Нандин-Ухаан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяагаас бэлнээр 70 сая төгрөгийн, “Анхтуяа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Анхтуяагаас бэлнээр 50 сая төгрөгийн хахууль авч, оронд нь Л.Бямбасүрэн “Чадамжийг үнэлэх журам”-ын дагуу чадамжийн үнэлгээ хийхгүй байх хууль бус үүрэг чиглэлийг удирдлагадаа ажиллаж буй албан тушаалтнуудад өгчээ. Үүний дагуу зохих хяналт шалгалт хийлгүйгээр “Нандин-Ухаан”, “Анхтуяа” ХХК-тай гэрээ байгуулжээ. Ингэхдээ хэвтүүлэн эмчлэх 2 оношийг гэрээнд нэмсэн байна. Энэ нь эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоог нэмэх зорилготой аж.
Үүнийхээ хариуд авсан 120 сая төгрөгийн хахуулийн 50 саяыг Л.Бямбасүрэн, 50 саяыг А.Төвшин, 20 саяыг Б.Номинсувд авсан байна.
Хэрэг 2.
А.Төвшин, Б.Номинсувд нар хамтран “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтийг нэмэгдүүлж өгөхөөр болж, тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаагаас 7 удаа нийт 70 сая төгрөгийн хахууль авчээ.
Хэрэг 3.
ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нар бүлэглэн, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан 1 тэрбум 881 сая 794 мянган төгрөгийн төсөвтэй тендерт “Сант баян бэрх” ХХК-ийг шалгаруулж өгчээ. Энэ бол тэдний чиг үүрэгт хамааралгүй ажил. Гэсэн ч тэд ийм зүйл хийж, хариуд нь дээрх санхүүжилтийн 5 хувийг авахаар тус компанийн хувьцаа эзэмшигч О.Мөнхчулуунаас шаардсан гэнэ. Энэ нь 90 сая төгрөг.
Хэрэг 4.
ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нар “Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч өгнө” гэж “Ти ай жэй хип” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхтулгаас хоёр удаа нийт 20 сая төгрөг авчээ. Үүнээс Б.Номинсувд 8.5 сая, С.Ундрам 11.5 сая төгрөгийг нь авсан байна.
Хэрэг 5.
Б.Номинсувд ЭМДЕГ-т ажилладаг. Тэгсэн атлаа Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл” авч өгөхөөр “Бөхөд” ХХК-ийн менежер С.Цэдэнсодном, дэлгүүр түрээслэгч П.Алтантуяа нараас 3 сая төгрөг авчээ.
Хэрэг 6.
ЭМДЕГ-ын сонгон шалгаруулалт, гэрээлэлт, гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Баянжав “Нандин-Ухаан” ХХК-ийн эмнэлгийн тусгай эрхийг хасахгүй байхаар тохирч, тус компанийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяагаас 10 сая төгрөгийн хахууль авчээ.
Шүүхийн шийдвэр 1
Д.Баянжав Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн байна. УИХ 2022.12.16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинж болон оногдуулах ялын төрөл хэмжээг хүндрүүлсэн юм. Д.Баянжав 2023-2024 онд хахууль авсан тул өөрчлөлт оруулсан хуулийг шүүх хэрэглэжээ.
Шүүхийн шийдвэр 2
ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд нар бүлэглэн, 120 сая төгрөгийн хахууль авсан. Тэдний авсан мөнгөний хэмжээ нь 100 сая төгрөгөөс их учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзжээ.
Шүүхийн шийдвэр 3
ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Номинсувд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Ундрам нар бүлэглэн, “Сант баян бэрх” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхчулуунаас 90 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан. Тэд бас “Ти ай жэй хип” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхтулгаас хоёр удаа нийт 20 сая төгрөг авсан. Үүнээс С.Ундрам 11.5 сая төгрөгийг нь авсан.
ЭМДЕГ-ын сонгон шалгаруулалт, гэрээлэлт, гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Баянжав “Нандин-Ухаан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяагаас 10 сая төгрөгийн хахууль авсан.
С.Ундрам Д.Баянжав нарын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авсан, шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэжээ.
Шүүхийн шийдвэр 4
Засгийн газрын агентлагийн дарга бол “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид тайлбарласан байдаг. ЭМДЕГ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тиймээс ЭМЕГ-ын дарга Л.Бямбасүрэн улс төрд нөлөө бүхий этгээд юм.
Л.Бямбасүрэн ЭМДЕ-ын даргаар ажиллаж байхдаа Б.Номинсувд, А.Төвшин нартай бүлэглэн 120 сая төгрөг буюу их хэмжээний хахууль авсан. Тиймээс “Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хүндрүүлэн зүйлчилжээ.
Шүүхийн шийдвэр 5
Л.Бямбасүрэн хахуульд авсан 50 сая төгрөгөөсөө 48 саяыг нь ЭМДЕГ-т үйлчлэгчээр ажилладаг Г.Даваадуламын данс руу шилжүүлж, БНСУ руу “Mercedes Benz E300” загварын машин захиалжээ. Уг машинаа Г.Даваадуламын нэр дээр бүртгүүлэн, улсын дугаар авсан байв. Хахуульд авсан мөнгөний эх үүсвэрээ ингэж нуун далдалсан тул Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж шүүх үзжээ.
Шүүхийн шийдвэр 6
Харин Л.Бямбасүрэнг анхан шатны шүүх мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ “…хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг мэдсээр байж үйлдсэн…” гэж буруутгажээ. Энэ бол ялыг хүндрүүлэх заалт юм. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэхүү хүндрүүлэх шинжийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгов.
Давж заалдах шатны шүүхээс оноосон ял
Анхан шатны шүүхээс Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, нийт 13 жил хорих ял оноосон.
Б.Номинсувдын нийтийн албанд ажиллах эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 7 жил хорих, С.Ундрамд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жил хорих, Д.Баянжавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтыг журамлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил хорих ялыг оноосон. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээлээ.
А.Төвшинд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.04.14-нд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулсан. А.Төвшин анхан шатны шүүхээс улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 60 сая төгрөгийг төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн. Үүнийг нь шүүх харгалзан үзжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн байдаг. Үүний дагуу давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж, 6 жил хорих ялыг нь 5 жил 6 сар хорих ял болгожээ. Харин нийтийн албанд ажиллах эрхийг нь 6 жилээр хассан нэмэгдэл ялыг нь хэвээр үлдээсэн байна.
Анхан шатны шүүх Т.Ариунтуяа, Т.Анхтуяа, Ө.Агиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрх хасах, торгох ял оноосон. Үүнийг “Хуулийн шаардлагыг хангаж Эрүүгийн хуульд заасан тухайн зүйлийн төрөл, хэмжээний дотор оногдуулсан байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, уг ялыг хэвээр нь үлдээжээ.

