МАХНЫ ХУДАЛДААЧИД: Төр засаг ард түмнээ хэрхэн авч явж байгаагийн тод жишээ махны үнэ ханш боллоо
Махны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх зах болон Бөмбөгөр худалдааны төвийг зорилоо. Учир нь энэ хавар үхрийн мах нэг килограмм нь 30 мянган төгрөг давж, иргэдийн анхаарлыг татах болсон юм. Тэгвэл махны үнэ яагаад өсөв, үүнд юу нөлөөлсөн талаар худалдаачдаас тодрууллаа.
Баянзүрх захын мах худалдаалах хэсэгт хөл хөдөлгөөн цөөнгүй байв. Гэвч мах худалдан авч буй хүн бага, ихэнх нь 1-2 килограммыг жинлүүлээд гарч байгаа нь анзаарагдсан юм. Ингээд эхний лангууны худалдагч Г.Эрдэнэчимэгтэй ярилцаа. Тэрбээр “Мах угаасаа л үнэтэй байгаа. Харин үүнд төр засаг оролцоод л ийм болгож байна. Манайх гэхэд Дэнжийн мянгаас махаа бөөний үнээр авчраад зардаг. Малчид нэг килограмм махаа 10 гаруй мянгаар өгч байгаа гэж ярьж байна лээ. Бидэнд лав ийм үнээр нэг ч үхэр орж ирээгүй. Учир нь дундын ченжүүдээр дамжихаараа үнэтэй болчихож байгаа юм. Мөн ноднингийн аравдугаар сараас эхлэн малчид өөрсдөө мах худалдаалах цэгтэй болсноос хойш махны үнэ огцом өсөөд бид ашиг гээд байх зүйлгүй болсон. Эндээ 14 мянган төгрөгөөр зарж байна уу гэвэл үгүй. Бидний жижиглэнгээр зарж байгаа ханштай адилхан зарж байгаа. Сүүлдээ талбайгаа түрээслүүлж байгаа дундын байгууллага, амьдралаа авч яваа мах худалдаалж байгаа бид л хохирч байна. Ямар ч ашиггүй болсон. Жишээ нь, 200 килограммтай үхрийг 27500 төгрөгөөр авахад нийтдээ 5.500.000 мянган төгрөг болдог юм. Гэвч бид гар дээрээ ийм их мөнгө бариад сууж байдаг хүмүүс биш. Хамгийн ихдээ 2-3 сая төгрөгтэй байдаг.
Энэ мөнгөөрөө бөөний үнээр махаа аваад зарж, дуусаад ашгийн 30-40 мянган төгрөгөөрөө амьдралаа болгодог улс шүү дээ. Дээрээс нь түрээсээ төлнө. Талбайгаа түрээсэлж байгаа газрууд биднийг ашиг олохгүй байна гээд үнэгүй түрээслэхгүй шүү дээ. Тог, ус цахилгааны үнэ, татвар ямар билээ. Харин ч төр засгийн ямар ч хамааралгүйгээр 300-400 хүнийг ажлын байртай, амьдралтай байлгаж байгаа нь бидэн шиг амьдралын боломжгүй, том юм хийж чадахгүй хүмүүст боломж гэж хардаг. Гэвч сүүлийн жилүүдэд үнэхээр амьдрахад хэцүү байна. Миний хувьд олон жил эндээ ажилласан учраас харилцагч нараа махгүй байлгахгүйн тулд л түрээс төлөөд зогсож байна. Салбарын сайд нь экспортын махыг дөрвөн ам.доллараар гаргадаг гэсэн байна лээ. Үүнийг гайхаад байгаа юм. Тэгвэл махаа малчдаас аваад, биднээр дамжуулахаа боль л доо. Ингээд малчдаас авдаг махаа гадагшаа гаргахыг нь гаргаад, дотооддоо үйлдвэрлэхийг үйлдвэрлэх хэрэгтэй. Харин биднийг махны үйлдвэрийн худалдаачид болгож болно шүү дээ. Уг нь хийж байгаа зүйл нь буруу биш. Улс орноо хөгжүүлэхийн тулд гол түүхий эдээ өндөр үнэд хүргэх гэсэн санаа зөв. Гэвч систем нь буруу байна” гэсэн юм.
Ийнхүү худалдагч эмэгтэйтэй 10 гаруй минут ярилцах хооронд тэдний лангуун дээр 5-6 хүн ирж махны үнэ асуусан ч ямар нэгэн худалдан авалт хийсэнгүй. Баянзүрх захад үхрийн мах ястай нь 33500 төгрөг, гуяны цул мах 38000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин хонины ястай мах 26000, ясгүй мах 27000 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.
Бид тус захад 30 гаруй жил мах худалдаалж буй иргэн Г.Энхтуяатай ярилцсан юм. Түүний хэлж буйгаар 1994 оны үед нэг килограмм мах 150-200 төгрөгийн үнэтэй байжээ. Харин өнөөдөр махны үнэ хэд дахин өссөн ч иргэдийн цалин, өргөн хэрэглээний барааны үнэ ямар болсон талаар халаглан ярьж байлаа. Тэрбээр "Ерөөсөө бид явж явж хэн нэгнээс буруу хайгаад хэрэггүй. Төр засаг ард түмнээ яаж авч явж байгаагийн тод жишээ махны үнэ ханш болж байна. Өнөөдөр бие биенийхээ гэдсэнд хөлөө жийлцээд "Энэний буруу, тэрний зөв, тэдэн тэрбумаар идсэн" гээд хоорондоо маргадаг. Идэж болно оо. Гэхдээ ард түмэндээ хайртай байх хэрэгтэй. Ард түмнээ гэсэн хайр алга. Өнөөдөр хайр гэдэг зүйл ертөнцөөс арчигдсан учраас бид үнсэнд хаягдсан шалз аятай амьдарч байна. Одоогоос 2-3 жилийн өмнө нэг үхрийн махыг өдөрт нь зараад дуусдаг байлаа. Үүнээсээ 70-80 мянган төгрөгийн ашиг хийгээд, тэрийгээ хуримтлуулдаг байв. Нэг сар хуримтлуулахад 3-4 сая орчим төгрөг болно. Ингээд түрээс, татвар гээд бусад зардлуудаа хасаад сарын цалинтай хүн шиг гар дээр нэг сая гаруй төгрөг үлддэг байлаа. Энэ мөнгөөрөө ар гэрээ авч явдаг байсан юм. Бид ийм л хөдөлмөр хийдэг хүмүүс шүү дээ. Гэтэл иргэд биднийг "10 гаруй мянган төгрөгөөр махаа аваад, 30 мянга гаргаж зарлаа, та нар баяжиж байна" гэж ярьдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Мөн малчид малаа өөрсдөө худалдаалах цэгийн залуус олон газар тараагддаг махыг ганцхан газар төвлөрүүлчихсэн. Ингээд биднийг ямар ч махны орлогогүй болгосон. Өөрсдөө малчдыг үнэтэй заруулж байгаа гэсэн хэлбэр гаргасан. Гэвч ямар нэгэн зүйл өнөөдөр сайн юм шиг харагдавч маргааш нь аймшгийн алдаанд оруулж байгааг харж байгаа биз. Энэ олон түрээс төлж амьдардаг худалдаачид амьдралгүй болсон" гэв.

Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд махны үнэ ямар байгаа талаар сурвалжилсан юм. Тус худалдааны төвд үхрийн цул мах 38000 төгрөг, ястай мах нь 32000 мянган төгрөг байлаа. Харин хонины мах 26000-27000 мянган төгрөгийн хооронд байв. Махны үнэ өндөр үнэтэй байгаад иргэд ямархуу хандлагатай байгаа талаар худалдагч А.Алтан-Очироос тодруулсан юм. Тэрбээр "Иргэд махны үнэ асуучихаад загнаад л яваад байна. Гэвч бид үнийг нь өсгөөгүй шүү дээ.Дэнжийн мянгын махны бөөний үнийг эндхийн үнэтэй харьцуулахад 10-аад мянган төгрөгийн л зөрүүтэй. Гэтэл бид өнөөдөр түрээсээ төлнө, махаа янзлуулахын тулд хөлсөөр хүн ажиллуулна, мөн би өөрөө эрүүл байх ёстой учраас өдрийн хэрэглээний зардал заавал над дээр гарна.
Өдрийн тооцоогоор нэг хүн дээр 100 гаруй мянган төгрөгийн зардал гарч байна. Гэтэл өнөөдөр нэг үхрийн мах зарагдахгүй хэд хонохыг ч мэдэхгүй байна. Дээрээс нь махыг хадгалахад хэцүү. Бас монголчууд их сонин зантай. Нөөцийн махыг хямд гээд худалдаад авчихаж байгаа юм. Харин бид хөргөгчинд технологийн дагуу махаа хадгалж байгаа. Гэвч хөргөгчний мах гаргаад тавихаар хар өнгөтэй болчихдог шүү дээ. Тэгэнгүүт "Та нар муухай мах зарлаа гэдэг". Ингээд яривал асуудал их байна. Ер нь махны салбарт 30 гаруй жилийн түүхэнд байгаагүй өөрчлөлт гарч байгаа болохоор цаашдаа үнэ багасна, эсвэл нэмэгдэнэ гэж хэлэх эрх бидэнд алга. Яагаад гэвэл төр засаг оролцож байна. Их хөрөнгөтэй, хэзээ ч бууж өгөхгүй том компаниуд энэ салбарт оролцоод эхэлсэн. Тийм болохоор худалдаачид эрсдэлтэй байдалд орлоо. Энэ асуудал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Ер нь бидний ирээдүй бүрхэг байгаа учраас цаашдаа яах нь цаг хугацааны л асуудал байх" гэв.
Махны салбар дахь эдгээр асуудлын хүрээнд Монголын махны холбооны менежер И.Баттогтохтой товчхон ярилцлаа.
-Зах худалдааны төвүүдэд үхрийн мах дээд тал нь 38000 төгрөгийн үнэтэй байна. Ер нь махны үнэ зах зээлийнхээ зарчмаар явж байна уу. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Махны жижиглэнгийн үнэ байршил, чанар зэргээсээ хамаараад өөр байгаа. Гэхдээ жил бүрийн хавар махны үнэ тодорхой хэмжээнд өсдөг. Энэ бол манай улсын жилийн дөрвөн улиралтай салшгүй холбоотой. Саяхан зуны эхэн сар гарлаа. Нийт нутгаар бороо хур багатай байгаа учраас Улаанбаатар хот руу орж ирж байгаа махны нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногуудаасаа нэмэгдэж байна. Ер нь зах зээл дээр махны нийлүүлэлт нэмэгдэхээр мах угаасаа зах зээлийнхээ зарчмаар л явдаг. Саяхан нөөцийн мах нэлээд шүүмжлэл дагууллаа. Буцаад нөөцийн махны борлуулалт хэвийн үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ мах бага үнэтэй байх нь малчдад сөрөг нөлөөтэй. Төв суурин газрын иргэдийг махтай байлгахын тулд малаа хямд нийлүүл гэж хэлж болохгүй. Мах үнэтэй байгаад мэдээж малчид баяртай байгаа. Гэхдээ бид махаа экспортлохын тулд дотоодын зах зээлийн үнэ бага зэрэг өндөр байх нь ач холбогдолтой. Энэ жилийн хувьд өвөлжилт харьцангуй гайгүй болсон учраас одоогийн махны үнэ бол шинэ махны эрэлтийн үнэ.

-Салбарын сайд нэг килограмм махыг дөрвөн ам.доллараар гаргадаг гэж ярьсан байна лээ?
-Дөрвөн ам.доллараар гаргаж байгаа. Гэхдээ бүр нарийн хэд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Экспортод гаргасан мах үнэ өсгөөд байна гэж иргэд маш буруу ойлголттой ярьж байгаа. Манайх экпортод БНХАУ руу түүхий адууны мах, дулааны аргаар боловсруулсан ямааны мах, сарлагийн мах гарч байгаа. Эдгээр махыг дотоодын зах зээл дээр төдийлөн хэрэглээд байдаггүй. Манай гол мах бол хонь, үхрийн мах шүү дээ. Мөн Иран, Узбекистан улс руу халал аргаар бэлтгэсэн хонины мах гарч байгаа. Өнгөрсөн жил 85.6 мянган тонн мах экспортолсон. Үүний 50 хувь нь адууны мах байдаг. Үүнийг ястай махтай нь нийлүүлбэл 110 орчим мянган тонн мах экспортолсон байна. Манайх хөдөө аж ахуйгаас нийтдээ 450 мянган тонн мах бэлтгэж, хүнсэндээ хэрэглэж байгаа.
-Цаашдаа махны үнэ ямар байх бол?
-Угаасаа л цаг агаарын нөхцөл байдлаас улбаалан зах зээлд нийлүүлэгдэж байгаа учраас махны үнэ өдөр хоног ирэх тусам нэмэгдэнэ. Тиймээс эрэлт багасаад, үнэ буурах нь тодорхой.
Малчдын гар дээрээс мал ямар үнээр зарагдаж байгаа талаар орон нутгийн малчидтай холбогдож тодруулсан юм.
Дорнод аймгийн малчин Г.Өсөхбаяр: Одоогийн байдлаар манай аймагт дунджаар эр хонь 500 мянган төгрөгийн үнэтэй байна.
Дундговь аймгийн малчин: Энэ жил малын үнэ нэлээд өндөр ханштай байна. Амьд хонь 600-800 мянган төгрөгийн хооронд байна.
Хөвсгөл аймгийн малчин: Эр хонь 350-400 мянган төгрөгийн үнэтэй байна.
Завхан аймгийн малчин: Эр хонь 450-500 мянган төгрөгийн үнэтэй байна
Г.БАЛГАРМАА

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
