С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан
Улсын Их хурлын гишүүн С.Цэнгүүнтэй Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийнх нь болон татвар бууруулах бодит боломжийн талаар ярилцлаа.
-ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг та Ж.Баярмаа нарын гишүүдтэй хамтран өргөн барьсан. Энэ хуулийг боловсруулсан гол үндэслэл нь юу вэ?
-УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон гишүүний хувьд би хуулийн төслүүд дээр хамтрахдаа намын үзэл баримтлалыг дагадаг. Манай нам баруун төвийн үзэл баримтлалтай. Энэ үзлээр бол цомхон төр, бага татвар байх ёстой. Гэтэл манай улсын эдийн засгийн суурь хуулиуд (үүнд эрчим хүчний тарифын бодлого ч мөн ордог) шаталсан бүтэцтэй байгаа. Өөрөөр хэлбэл, хэн илүү орлого олно, тэр илүү төлөх ганц зарчим үйлчилж байна. Энэ бол зүүний чиглэлийн намуудын бодлого. Тиймээс ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамтран санаачилсан.
-Байнгын хороон дээр уначихлаа гээд байсан. Гэвч чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Гишүүд ер нь ямар байдлаар энэ хуулийн төсөлд хандаад байна вэ?
-Гишүүд харилцан адилгүйгээр асуудалд хандаж байна. Хэрэв намын үзэл баримтлалаа дагавал яг нэг хувь гэдэг үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байх магадлалтай. Учир нь МАН-ын гишүүд зүүний бодлогоо илт дагадаг. Хэрэв тэд том эрх ашгаа харж чаддаг бол энэ хууль батлагдах нь зөв. Сүүлийн 10 жилд МАН үнэмлэхүй ялж, засаг барилаа. Гэвч маш олон төрлийн татвар, хураамжийг нэмж, татварын олон шатлал бий болгожээ. Үр дүн хаана байна вэ. ААН-үүд өнөөдөр Х тайлан гаргаж байгаа. Ерөнхий сайд Н.Учрал аргаа бараад өртэй компаниудын дансыг "чөлөөлье" нэрийн дор нээж байна. Баян хүмүүс баяжих гээд байна гэж иргэдээ айлгадаг ч яг үнэндээ дундаж давхаргаа устгаж байгаагаа МАН-ын гишүүд ойлгодоггүй. Бүтээмжтэй, чадварлаг гүйцэтгэх захирлууд, хариуцлагатай албан тушаалтнууд болон нарийн мэргэжилтэй хүмүүс өндөр цалинтай байгаа.
Угтаа улам олон хүн тийм хэмжээнд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, өндөр цалинтай болох ёстой. Тэр хүмүүс чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлнэ. Тийм хүмүүсээ бид дэмжихгүй байгаа учраас чадварлаг залуус эх орноосоо дайжиж байна. Хувийн хэвшил ажилчдадаа өндөр цалин өгөх боломжийг Засгийн газар нээх шаардлагатай байгаа юм.
-Ер нь ингэж нэг хувь болговол бага болон дунд орлоготой иргэдэд бодит дэмжлэг болж чадах уу?
-Бага, дунд орлоготой иргэдэд мэдээж бодит дэмжлэг болно. Гэвч асуудал их, бага, дунд орлогодоо биш юм. Хуулийн төсөлд хэд, хэдэн гол агуулга бий. Тухайлбал, Татварын дарамтыг бууруулна. Ихэнх иргэдийн үндсэн орлогод ногдох татварын хувь хэмжээг 10 хувиас нэг хувь болгон эрс бууруулж байгаа нь хүн амын дийлэнх хэсгийн татварын ачааллыг хөнгөвчлөх зорилготой.
-Их орлоготой хүмүүс их татвар төлөхөө болино гээд зарим гишүүн яриад байгаа дээр юу хэлэх вэ?
-Сангийн яамнаас ирүүлсэн 2024 оны мэдээллээс харахад нэгдүгээр шатлал буюу жилийн 120 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдийн тоо 984289 буюу нийт татвар төлөгчдийн 99.2 хувь, хоёрдугаар шатлал буюу жилийн 120-180 сая төгрөгийн орлоготой иргэн 5130 байна. Харин гуравдугаар шатлал буюу жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой иргэн 2950 байна. Үүнийг задалбал нэгдүгээр шатлал буюу жилийн 120 сая төгрөг хүртэлх орлоготой 984289 иргэний төлсөн ХХОАТ-ын хэмжээ 1.75 их наяд төгрөг байгаа нь нийт цалингийн орлогын ХХОАТ-ын 87.53 хувь, нийт ХХОАТ-ын орлогын 71.4 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр ХХОАТ-ын үндсэн ачааллыг “Өндөр орлоготой баячууд” биш, эсрэгээрээ цалинтай ажилчид, дундаж болон бага, дунд орлоготой иргэд үүрч байгаа нь статистикаас харагдаж байгаа юм. Тийм ч учраас энэ хуулийн төсөл нь дундаж болон бага орлоготой иргэдээ дэмжсэн төсөл мөн. Нөгөө талаас их орлоготой гэж хэнийг хэлж байна вэ гэдэг асуудал. Жишээлбэл, уул уурхайн салбар нийт экспортын 95 хувийг бүрдүүлж байна. Гэтэл энэ салбарт ажиллагсдын орлого улсын дундажаас дээгүүр байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд ачааг нэг салбарт хэт үүрүүлэх нь зохимжгүй. Өмнө хэлсэнчлэн шаталсан татварын бодлогын үр дүн сүүлийн жилүүдэд огт харагдсангүй. Ард түмний амьдрал дээр ч мэдрэгдсэнгүй.
-Одоогийн нөхцөл байдалд манай улс татвараа бодитоор буулгах боломж хэр байгаа гэж үздэг вэ?
-Боломж хангалттай бий. Миний хувьд 2024 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд Ж.Баярмаа гишүүнтэй адил улсын төсөвтэй холбоотой хуулиуд дээр анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал, 2026 оны төсөв дээр бүлгийн гишүүдийн хамт гурав хүртэлх их наяд төгрөгийг танах саналаа албан ёсоор гаргаж байсан. Мөн татвараа буулгах нь татварын орлого тасарна гэсэн үг биш. Татварын өндөр дарамт нь хөрөнгө оруулалтыг сааруулах, бизнесийн өсөлтийг хязгаарлах, ажлын байр бий болгох чадварыг бууруулах, далд эдийн засгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Улс төр талаасаа МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан. Тиймээс сонгогчдод амласан амлалтуудаа биелүүлэх нь улс төрийн намын үндсэн үүрэг.
-Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн барьсан. Үүнд бодитой өөрчлөлт, шинэчлэлүүд хэр туссан байна вэ?
-НӨАТ-ийн тухай, Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хууль, ААНОАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүд өнгөрсөн тавдугаар сарын эхэнд өргөн баригдсан. Эдгээр төслүүд нийгэм, эдийн засагт шууд тусгалаа өгөх төслүүд учраас хэлэлцэх эсэх нь дэмжигдсэний дараа хуулийн төсөл дээр илүү анхаарал хандуулна. Одоогоор Ардчилсан намын бүлэг эдгээр хуулийн төслүүдтэй танилцан нарийвчилсан тоо, баримт, мэдээллийг нягталж, анализууд хийж байна. Үүний дараа нэгдсэн байдлаар санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналууд гарна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
