Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна
ХЭҮК-оос “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн нээлттэй хяналт шалгалтыг 2023-2025 онд явуулжээ. Энэ талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Цахим орчин хурдацтай хөгжиж буй энэ үед манай улсад хувийн халдашгүй байдал ямар түвшинд байна вэ. Энэ хүрээнд та бүхэн ямар, ямар хяналт шалгалт хийсэн бэ?
-Бид эрх зүйт ёсны индекс гэж гаргадаг. Үүнийг 2022 оноос хойш дэлхийн 190 улс гаргаад явж байна. Үүгээр манай улс халдашгүй байдлын үзүүлэлтээрээ доогуур гэж гарсан. Үүнд хүний эрүүл мэнд, өмч, хувийн мэдээлэл зэрэг багтдаг. Энэ дотроо хүнийг биет зүйлээр нь хамгаалах тухай ойлголт бидний толгойд ч, хуулийн хэрэгжилтийн хувьд ч тэр хэвшчихсэн юм билээ. Жишээлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд халдаж болохгүй, өмчийг нь хулгайлж дээрэмдэж болохгүй гэдгийг бүгд ойлгодог. Харин хүний хувийн мэдээлэл барих барьцгүй юм шиг атлаа Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр хамгаалагддаг халдашгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг юм. Харин энэ нь Монгол Улсад 50-иас доош хувийн үзүүлэлттэй байдаг шалтгааны талаар бид 11 сэдвийн хүрээнд авч үзсэн. Юун түрүүнд бид хууль эрх зүйн орчноо тодорхой болгох ёстой юм билээ.
Хэдийгээр 2021 онд хүний хувийн мэдээллийг хамгаалах талаар хуультай болсон ч үүний араас зөрчил, гомдлыг хянан шийдвэрлэх уялдаа холбоо нь үр дүн муутай гэж дүгнэсэн. Ер нь хүмүүс хувийн мэдээлэл чухал гэдгээ ойлгож, намайг гутааж, доромжиллоо, эсвэл миний мэдээллийг үндэслэлгүйгээр ашиглалаа гэдэг асуудлыг тавьж байгаа ч хангалтгүй байна. Мөн зөвшөөрөлгүйгээр хүний мэдээллийг цуглуулсан, эсвэл зөвшөөрөлтэй цуглуулсан боловч зорилгоосоо өөрөөр ашиглаж байна. Жишээ нь, банкинд өгч байгаа мэдээлэл зөвхөн банкнаас үйлчилгээ авахад л ашиглагдах ёстой.
Мөн хиймэл оюун нэвтрээд эхэлсэн, бид өдөр тутамдаа ашиглаж байгаа. Гэхдээ энэ зөвхөн Chatgpt-ийн асуудал биш. Цаашдаа хиймэл оюунаар хагалгаа хийлгэх, дроныг удирдах, шинээр программ зохиох гэх мэт улам бүр өргөжнө. Тиймээс үүнд үндэсний стратегийн эрх зүйн зохицуулалт байх ёстой. Учир нь бидний хувьд гадна юу байна, түүнийг нь шууд хэрэглээд явж байгаа. Үүний үр дүнд хүний эрх зөрчигдвөл яах вэ гэдэгт хариулт байдаггүй.
-Цахим орчинд түгээмэл ажиглагддаг зүйл бол хэн нэгний нэр төрд халддаг асуудал. Үүнд зохицуулалт хэрэгтэй байна уу?
-Тийм ээ. Цахим орчинд хэн нэгний нэр төрийг гутааж, доромжилж, ялгаварлан гадуурхаж байна. Учир нь цахим платформыг ухаалаг төхөөрөмжтэй хүн бүр ашиглаж байна. Тодорхой эзэн бие гэж байхгүй. Үүнийг дагаад цахим залилангийн хохирогч олон боллоо. Цахим залилан ч хүний хэрэгцээнд тулгуурлаад олон төрөл болж хувирсан. Үүнийг дагасан асуудал тасрахгүй байна. Иймд бид үүний эсрэг хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөсөн. Нэгдүгээрт, иргэд өөрсдөө цахим мэдлэгтэй болох ёстой. Өөрийгөө хамгаалах, хүний эрхийг зөрчихгүй байх талаарх мэдлэг асар чухал байна. Яагаад гэвэл хамаагүй хувийн мэдээллээ өгснөөс болоод хохирогч болж буй тохиолдол олон болсон. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа кейсийн ихэнх нь ийм байдаг. Мөн ухаалаг төхөөрөмж өдөр тутамдаа хэрэглэдэггүй хүмүүс ямар нэгэн зүйлд нухацтай ханддаггүй юм байна. Гэнэн, итгэмтгий байна гэсэн үг л дээ. Улмаар гарах үр дагаврыг бүрэн тооцоолохгүй байна. Тиймээс "Бичиг үсэг тайлагдана" гэж ярьдаг шиг цахим бичиг үсгийн боловсролыг бүгдэд нас насанд нь тохирсон байдлаар олгох ёстой гэдэг зөвлөмжийг өгч байгаа.
Нөгөө талдаа гомдол мэдээллийг үр дүнтэй хянан шийдвэрлэх ёстой. Хамгийн гол анхаарал татсан зүйл нь хохирогчийн эрхийг сэргээх асуудал байсан. Өмчөө хулгайд алдсан бол түүнийгээ үнэлдэг шүү дээ. Гэтэл цахим орчинд нэр төрийг нь гутаасан, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, хэн арилгах, хэрхэн сэргээх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Зөрчлийн хуулиар торгож байгаа нь нэг талын шийтгэл ч эрх нь яаж сэргэсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Үүнийг бид шийдэх ёстой.
-Цахим орчинд томчууд хүүхдийнхээ зураг, бичлэг, яриаг их оруулдаг. Энэ нь хүүхдийн эрхэд халдаж буй зөрчил мөн үү?
-Хүүхэд өөрөө эрх зүйн чадамжгүй. Гэтэл насанд хүрэгчид хүүхдийнхээ зураг дүрс, хоолойг нь цахимд оруулчихдаг. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчих эрсдэл үүсгэж, шууд буруугаар ашиглагдах эрсдэлтэй. Мөн хүүхэдтэй холбоотой мэдээ, сурвалжилга бэлтгэж байгаа бол цахим ул мөр нь үлддэг. Цахим технологи ашиглан жендерт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэдгээр цахимаар мөрдөх, мөшгөх, зураг дүрсийг нь ашиглах асуудал үүсдэг. Үүнд цахим технологи мэдэхгүй өсвөр насны хүүхдүүд хамгийн их өртөж байна.
-Тэгвэл дээрх эрсдэлүүдийг үүсгэж буй талбар болох олон нийтийн сүлжээнд ямар нэгэн зохицуулалт шаардлагатай байна уу?
-Бидний хувьд олон нийтийн сүлжээг зохицуулаач ээ гэдэг саналыг өгч байгаа. Зохицуулахгүй байгаа нь дур зоргоор авирлах, гутаах доромжлох боломжуудыг олгож байна. Хяналт, шалгалтын явцад "Нэр төр гутаалаа" гэдэг асуудал хамгийн их хөндөгдсөн. Жишээ нь, фэйсбүүк группүүдээр нэр, зургийг нь ашиглаж мэдээ мэдээлэл гардаг юм байна. Сүүлийн үед хиймэл оюунаар видео хийж, хүссэнээрээ эвлүүлэг хийж байна. Энэ мэт цахим орчинд хүний нэр төрд асар ихээр халдаж байна.
Технологи хүнийг гарын хээ, нүүрээр нь л таньдаг байсан бол одоо үйлдлээр нь таньдаг болсон. Улмаар нийтийн эзэмшлийн талбайд хүний мэдээллийг буруугаар ашиглах эрсдэл үүсч байна. Нүүр таних систем нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ч буруугаар ашиглагдах эрсдэлтэй. Ер нь өгөгдөл байгаа газар түүнийг алдвал буруугаар ашиглах буюу хакердах, зорилгоос нь өөр байдлаар ашиглавал дандаа эрсдэл үүснэ. Ингээд хүний хувийн халдашгүй байдал, эрх чөлөөг зөрчдөг учраас кибер аюулгүй байдлын хамгаалалт хатуу байх ёстой. Энэ талаар иргэд мэдээлэлтэй байж, гомдол гаргах нь чухал. Мөн гомдлыг шийдэх үр дүнтэй механизм чухал байна.
Г.БАЛГАРМАА

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
