Монголд нэг дуулиан 2 хоноод дараагийн дуулианд дарагддаг болсон. Гэхдээ дарагдаж болохгүй, мартагдаж боломгүй дуулиан гэж байдаг. Жишээ нь “Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлигын асуудал. “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа гэрээг нууцад оруулснаар сонгон шалгаруулалтгүйгээр Гүйцэтгэгч болсон. Төмөр зам барих өртгийг ТЭЗҮ-д 600 сая доллар байсныг 1.3 тэрбум болгож, дэлхийд байхгүй өндөр өртөг төрөөс гаргуулсан. Гэрээнд бүх алдагдлыг “Эрдэнэс Тавантолгой” хариуцахаар зааж, энэ нь бодитоор биелсэн. Зөвхөн энэ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр биш өөр төслүүд дээр мөн ийм хохирлыг төрд учруулсан байх магадлал үүсээд байна.
Одоо яригдаж байгаа 110 сая долларыг гэрээ байгуулаагүй байхад шилжүүлж авсан гэдэг ноцтой асуудал үүссэн. Энэ мөнгийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр гэрээнд оролцсон албан тушаалтнуудад өгсөн гэж байгаа. Тэгэхээр тэдгээр албан тушаалтнууд гэрээ байгуулахаас өмнө урьдчилгаа хэлбэрээр авсан байж болзошгүй нөхцөл үүсэж байгаа. “Бодь интернэшнл” компани 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын зураг төсөл, худалдан авалт барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гүйцэтгэлийн баталгааг өөрийн хөрөнгөөр гаргахаар шийдвэрлэсэн тогтоолыг гаргажээ. Уг тогтоолдоо “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэхээр амлаж, хэрэв энэхүү үүргийн гүйцэтгэлийн зөрчил болон гэрээтэй холбоотой аливаа бусад асуудлын улмаас захиалагчид ямар нэгэн төлбөр төлөх үүрэг үүссэн тохиолдолд 17.6 сая доллар түүнтэй тэнцэх мөнгөн дүнгээс хэтрэхгүй хэмжээгээр уг төлбөрийг захиалагч “Тавантолгой төмөр зам” компанид зохих ёсоор, бүрэн дүүрэн төлж барагдуулна гэдгийг бид эргэлт, буцалтгүй, нөхцөл болзолгүйгээр баталж байна" гэх баталгааг гаргажээ. Тус баталгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Ийнхүү ажил гүйцэтгүүлэхдээ үүргийн гүйцэтгэлийн баталгаагүйгээр захиалагч, гүйцэтгэгчийн гарын үсгээр өөрийн хүлээсэн үүрэгт өөрөө баталгаа гаргаж, их хэмжээний буюу 110 сая долларын урьдчилгаа төлбөрийг олгосон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 2 тасалж шилжүүлсэн уг 110 сая долларыг “Тавантолгой төмөр зам”-ын захирал Н.Удаанжаргал “Бодь”-ийн охин компани руу шилжүүлжээ. Тэрээр гуравдагч этгээдийн баталгаагүйгээр өөрөө баталгаа гаргаж, 110 сая долларын урьдчилгаа олгосон байна. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гуравдагч этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон гэх хэрэгт буруудахаар болжээ. Н.Удаанжаргал нь 2022 онд Монгол Улсын хилээр гарч, Зүүн өмнөд Азийн орнуудаар явж байгаад 2 жилийн өмнөөс сураг нь гарахаа болиод байгаа юм.
М.Бат-Эрдэнэ