АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр шинэ удирдлагын багийнхан нь байр сууриа илэрхийлэв. Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) уржигдар хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаа нууц санал хураалтаар тодруулж, мөн таван дэд даргаа сонгосон билээ. С.Баярцогтыг хуралд оролцсон 338 гишүүний 224 буюу 66.2 хувь нь дэмжсэн юм. Мөн АН доторх таван фракцын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг 90.2 хувийн саналаар дэд даргаар сонгосон юм.
Удирдлагын багт өөрийн хүмүүсээ түлхүү оруулахын тулд АН доторх фракцууд талцсан. Тодруулбал, МоАХ фракцын Х.Баттулгын хүмүүс С.Баярцогтыг эсэргүүцэж, зохион байгуулалттайгаар харлуулах арга хэмжээ өрнүүлсэн. Гэхдээ МоАХ-ноос бусад фракцынхан нэгдсэн учраас Х.Баттулга “хүчгүйджээ”. Нөгөө талаар тэд тохиролцож чадсан гэсэн үг. АН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт энэ талаар “АН ард түмнээсээ эхтэй, дороосоо зохион байгуулалтаа хийж чаддаг нам гэдгээ үлгэрлэж чадлаа. 4-5 сарын турш үргэлжилсэн дотоод зохион байгуулалтын өөрчлөлт ийнхүү дууслаа. Манай нам олон ургалч үзэл уралдуулдаг, ардчилсан, нээлттэй, чөлөөтэй улс төрийн хүчин. Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа” гээд эв нэгдлийг нь харуулах эхний сорилт бол орон нутгийн нөхөн сонгууль гэдгийг онцлов. Дэд дарга Н.Ганибал “С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсноор дахин сэргэх үе эхэлснийг харуулж байна” гэсэн юм. Таван дэд дарга нь тус тусын чиглэлийг баримтлан, намын даргадаа дэмжлэг болж ажиллах бөгөөд улсын хөгжлийг тодорхойлох бодлогын бичиг баримтаа удахгүй боловсруулж танилцуулах аж.
С.Уул