Ардчилсан нам (АН) дотор албан ёсоор “фракц” гэж бүртгэгдсэн бүтэц байдаггүй ч бодит улс төрийн практикт нөлөө бүхий бүлэглэлүүд олон жил оршиж ирсэн. Тэдгээрийг доор тоочив.
Алтангадас фракц
МоАХ гаралтай бүлэг
Шонхор фракц
МҮДН гаралтай бүлэг
Нэг ардчилал бүлэг
Тодотгож хэлэхэд, эдгээр фракцууд өөрчлөгдөж, гишүүд нь “бууриа сэлгэдэг”. Сүүлийн үед шинэ фракц ч үүссэн. Тухайлбал, залуучууд голдуу нэгдсэн “Морьтон” фракц үүссэн. УИХ-ын залуу гишүүд болох С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн тэргүүтэн багтдаг. Түүнчлэн Анчин, Хангарьд, Од, Хийморь зэрэг толгой эргэм олон фракцтай. Анчин фракцыг Увсын АН-ынхан үүсгэсэн бол Хангарьд фракцыг З.Энхболд нэгтгэсэн гэж үздэг. АН-ын хуваагдлын үед Ц.Туваан тэргүүтэн “Нэг монгол хөдөлгөөн” үүсгэж, С.Одонтуяа, Ц.Баатархүү зэрэг гишүүд нь багтсан гэх өнцөг ч бий.
Фракц гэхээс илүүтэй тодорхой асуудалд эрх ашгаараа нэгддэг
АН олон фракцтай нь тус намын үүслээс үүдэлтэй. Анх эвсэх байдлаар байгуулагдсан учраас тэр. Үүнээс гадна эрх мэдэл, албан тушаалын төлөөх өрсөлдөөн нь ширүүсэх үед фракцууд нь илүү тодорч гарч ирдэг. О.Цогтгэрэл даргатай АН одоо яг ийм үетэйгээ “золгож” байна. Намын дэд дарга, генсекийн төлөөх “зодоон” ширүүссэн энэ үед фракц, бүлэглэл болж тоглож эхэллээ. Намын залуучууд нь энэ зодоон дунд учраа олохгүй “Ах нар бүх цаг үеийн төлөөлөлтэй хамтарч ажиллах ёстой. Сонгогчид залуужиж байна” гэж эвлэгхэнээр хэлцгээж байна.
Өчигдөр гэхэд АН-ын Улс төрийн зөвлөл, АН-ын бүлэг, дахиад орой АН-ын Улс төрийн зөвлөл, дараа нь Хяналтын хороо нь хуралдав. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгуулах гэсэн намын дарга О.Цогтгэрэлийн саналд намын зарим бүлэглэл нь “үгүй, тохиролцье” гэв. Гэтэл Улс төрийн зөвлөл нь дахиад хуралдаж, С.Баярцогтыг генсекийн үүргийг орлох шийдвэрээ цуцалсан гэх. Тэгтэл бүр Хяналтын хороо нь хуралдаад Улс төрийн зөвлөл байгуулсан тогтоолыг хүчингүй болгосон гэх мэдээ дуулдав.
Энэ янзаараа АН-ынхан МАН-аас ялгаагүй нь харагдав
Эрх баригч МАН-ын хагарал түр амсхийх зуур АН-ынхан ийнхүү бужигнаад эхэллээ. Энэ байдлыг нь харвал АН-ынхан 2028 оноос эрх баривал МАН-аас ялгарахгүй бололтой. МАН-ыг гайхаад шогшроод байсан АН-ынхан хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг л юм болов.
Эрх мэдэл хаа байна, тэнд хүрэхийн тулд гишүүдээ, иргэдээ хөсөр хаядаг энэ бугшсан системээс хэзээ гарах вэ? Мөнгөний сонгууль, мөнгөний улс төр, хяналт, хариуцлагагүй эрх мэдлээс салсан цагт л бохир систем цэвэрлэгдэнэ.
Сэтгэгдэл
Нэр