2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 28
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30


Хотын даргын хамгийн амжилттай хэрэгжсэн мега төсөл нь Сүхбаатарын талбай дээрх хоолны том асар юм.
2024 оноос хойш нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 30 орчим хувиар өсч иржээ. Энэ 2026 оны нийслэлийн төсвийг анх НИТХ нь 5 их наядад баталсан боловч төд удалгүй тодотгон 6.5 их наядад хүргэсэн нь Монгол Улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд очсон гэсэн үг юм.
Логик утгаар нь харвал төсөв нь тэлж байгаа нь муу зүйл огт биш, тэр хэрээр нийслэл хотын иргэдийн тав тухтай, амар амгалан, аюулгүй амьдрах орчин сайжрах шууд хамааралтай байх учиртай. Гэтэл энэ нь урвуу хамааралтай байгааг хотын гудамжаар алхаж яваа иргэн бүр хэлнэ. Төсвийн тэлсэн, хотын үзэмж муудсан хоёр яг тэнцэхээр болсоныг Алтан тэвшийн хөндийд амьдрагч хэн ч түүртэлгүй хэлэхээр болжээ. Хаашаа л харна ундуй сундуй, явган хүний замын хавтангууд нь хага үсэрсэн, хөл дор сул яйжиганасан, траншэйний таг нь нэг бол цөмөрсөн, нэг бол овойж товойсон, тэгшхэн зассан талбай бараг байхаа больсон, хогийн савгүй ийм л дүр зураг өнөөдөр Улаанбаатарын хаа сайгүй тааралдах болжээ. Дээрээс нь цаг дулаарахтай зэрэгцэн явган хүний зам дээр адуу мал шиг багшралдах скутер, мопедууд нь муу дээр нь муухай, муухай дээр нь улцан харагдуулж байна.

Хот нь ийм ундуй, сундуй, эвдрээгүй бүтэн зам талбайгүй шахам байхад мега хэмээн нэрийдсэн бетонон байгууламжийн төсөлд их наядаар нь мөнгө зарцуулахаар улайрч байна. Улаанбаатар хотын гудамжаа эхлээд жимбийлгэчихсэн байсан бол иргэд Х.Нямбаатарын Туулын хурдны замын төслийг ингэтлээ эсэргүүцэхгүй байх байлаа. Мини төслөө хийж чадаагүй хүн мега төсөл хийнэ гэдэгт итгэхгүй байгаа хэрэг. Хоёрт, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх мини төслийг алгасч шууд мега төсөл хэрэгжүүлэхээр улайрч байгааг мөнгө угаалт гэж ойлгох нь зүйн хэрэг. Өнөөдрийн байдлаар Х.Нямбаатар даргын амжилттай хэрэгжсэн мега төсөл нь Сүхбаатарын талбай дээрх 300 сая төгрөгөөр боссон хоолны асар л байх шив.
Л.Оюун-Эрдэнийн зарласан 14, Х.Нямбаатарын зарласан нийслэлийн 24 мега төсөл биелнэ гэдэгт өнөөдөр итгэх хүн хуруу дарам. Эдгээр мега төслийн өртөг нь хамгийн багадаа $1 тэрбум. Мега төслийг сэтгэлийн хөөрөл, цаасан дээр буулгасан тооцоогоор бүтээхгүй, өндөр гүйцэтгэл, өндөр хариуцлага, өндөр ур чадвар, өндөр манлайллын дор л гүйцэтгэхгүй бол мянгуужингийн үлгэр болоод дуусдаг жишээ дэлхийд цөөнгүй. Түүнээс биш Туулын бургасанд жирийн өрөм зоож, хувингаар ус зөөж гүйцэтгэхгүй.

Мэдээж улс орон хөгжихөд мега төсөл чухал ач холбогдолтой. Монголчууд бидэнд ийм туршлага бараг байхгүй. Өнгөрсөн зуунд Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, шинэ зуунд Оюутолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр гэсэн гарын таван хуруунд багтах мега төсөл хэрэгжүүлсэн, мөн хэрэгжүүлж байгаа улс бид чинь. Гэхдээ бүгд гадныхны оролцоотой, монголчуудын дангаар бүтээн бий болгосон нь үгүй.
"Financial Times" сонины 2023 оны бизнесийн шилдэг номоор Flyvbjerg болон Gardner нарын автортай “How Big Things Get Done” шалгарч, бестселлэр болж байсан. Энэ номонд мега төслүүдийн эрсдэл, амжилттай хэрэгжихэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг тухай өгүүлсэн. Төслийн төлөвлөгөөг нухацтай боловсруулаад, хурдан гүйцэтгэж чадсан нөхцөлд л амжилттай байх магадлалтай хэмээн тус номонд дүгнэсэн байдаг.
“Төсөл том байхын хэрээр хүмүүс, байгууллагууд нөөц хөрөнгө, албан тушаалын төлөө өрсөлдөж уралддаг. Өрсөлдөөн, уралдаан хаана байна, тэнд эрх мэдэл, хүч байдаг. Эдгээрийн хойно улс төр бий. Эдгээр нийтлэг хүчин зүйлс төслийн хувь заяанд хэрхэн нөлөөлдгийг харуулсан нэг жишээ бол, дээр дурдсан Калифорнийн хурдны галт тэрэгний төслийн жишээ юм. Төсөл батлагдаж, ажил доголдож эхэлсэн. Удалгүй асуудал улам бүр нэмэгдсэн. Ахиц дэвшил удааширсан. Илүү олон асуудал гарч ирсэн. Ганц хурдалсан зүйл нь зардлын өсөлт байсан бол, бусад бүх ажил улам удааширсан. Төсөл цаашаа сунжирсан. Тус загварыг "Хурдан бодож, удаан гүйцэтгэх (Think fast, act slow)" гэж нэрлэдэг. Энэ нь бүтэлгүйтсэн төслүүдийн нийтлэг шинж юм” хэмээн тус номонд бичжээ.
Энэ ном бэстселлер болохоос бараг 10 гаруй жилийн өмнө Ерөнхий сайд асан М.Энхсайхан мега төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар монголчуудад бичиж сануулж байсан. М.Энхсайханы бичиж, сануулсан зүйлс одоо ч шинэ сэргэг хэвээр байна.
“Мега төсөл дээр хоёр зүйлээс зайлсхийхийг зөвлөдөг. Нэгдүгээрт, Optimism bias буюу хөөрөл. Манайхан яг одоо хөөрлийн байдалд байна. Төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Цахилгаан станц байгуулъя зэргээр том төслүүд ярихдаа бид маш гоё кино хийж чадаж байна. Кинонуудыг сайн харвал нисдэг тэргээр зураг авсан нь ч бий. Хөөрөл мега төслийг алдаг. Хоёрдугаарт, Planning fallacy. Үүнийг төлөвлөлтийн алдаа гэхээсээ сэтгэлгээний алдаа гэх нь монголчуудад илүү бууж магад. Сэтгэлгээний алдаа гэж юуг хэлээд байна вэ гэдгийг ойлгуулахын тулд хүмүүний түүхэнд байсан нэг жишээг хэлж болох юм. Хүн төрөлхтөн нэг хэсэг дэлхийг хавтгай гэж ойлгож байсан. Мега төслийн боловсруулалт дээр ийм алдаа гаргах аюултай. Мега төслийг зохион байгуулж байгаа хүн хөөрөл, сэтгэлгээний алдаа хоёроос зайлсхийх хэрэгтэй. Хөөрөлгүй, оновчтой буудах хэрэгтэй. Хөөрөл тэнцвэргүй байдал үүсгэнэ. Хөөрөлд автах нь төслөө зөв хийж чадахгүй, оновчтой буудаж чадахгүйд хүргэнэ” хэмээн хэлж байжээ.
Тэгэхээр ТЭЗҮ, санхүүжилтийн задаргаа, байгаль орчны үнэлгээ гээд мега төсөлд шаардагдах наад захын шаардлагууд нь бүрдээгүй Х.Нямбаатарын "Туулын хурдны зам" бол мега битгий хэл мини ч төсөл биш. Эхлээд минидэж сурчихаад дараа нь мегадмаар байна.

Мегадах синдром манай бараг салбар болгонд ажиглагддаг. Сургууль боловсон бие засах газаргүй, цэцэрлэгийн багачуулын хоол нь авах ёстой илчлэгтээ хүрэхгүй, хавдар туссан иргэд нь хэвтэх эмнэлэггүй байхад учир утгагүй том хөшөөнүүд босгох, угтах хаалга барьж уралдах, адуу маланд баатар цол олгуулахыг бодож олох зэрэг нь мегадах синдром мөн.
Өчигдөрхөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг уламжлалт ёсоор том том сэдэв ярьж өнгөрөөсөн манай салбарт мегадах синдром хангалттай илэрдэг. Үүнийг нотлох нэгэн жишээ татъя.
Монголын Хэвлэлийн хүрээлэн анх байгуулагдаж байх үед Данийн Архус дахь Сэтгүүл зүйн сургуулийн багш нар ирж зургаан сарын Дээд курсийн хөтөлбөр боловсруулан, барууны чиг баримжаатай сэтгүүлчдийг анх бэлтгэж эхэлсэн юм. Тэр үед мөхөс миний бие Данийн багш нартай хамт хичээл заах завшаан тохиосон юм. Ларс Моллер хэмээх багштай хамт хичээл заалцаж, заахын хажуугаар өөрөө ч бас их зүйлд суралцсан бөлгөө.
Ларс багш оюутнуудтай илүү дотно танилцахын тулд хичээлийн бус цагаар чөлөөт хөтөлбөр зохион байгуулахыг хүссэн бөгөөд бид зааланд очиж сагс тоглохоор боллоо. Бидний очсон хотын төвийн нэгэн сургуулийн биеийн тамирын заалны шал нэг хэсэг газраа цөмөрчихсөн, нөхөж тагласан зүйлгүй, гүйж байгаа хүүхэд унаж бэртэхээр байв. Оюутнууд тэр нүхийг тойрон гүйлдсээр бид тоглож дуусгасан. Маргааш өглөө нь хичээл эхлэхэд Ларс багш "За та нар ямар сэдвээр мэдээ бичмээр байна, хүнд хэрэгтэй ямар сэдэв байна вэ" хэмээн оюутнуудаас асуулаа. Ажилгүйдэл, инцляц, хотын хог, нийтийн тээвэр, төрийн албаны хүнд суртал, хээл хахуул гээд оюутнууд урсгаж өглөө. Гэтэл Ларс "Та нар их сайхан сэдвүүд хэллээ. Гэхдээ өчигдөр бидний тоглосон заалны шал яагаад цөмөрсөн тухай бичихгүй юм уу" гэж асуув. Нэг нь тэндээс "аан энэ бол жижиг сэдэв шүү дээ" гэв. Харин Ларс "энэ жижиг сэдэв гэж үү, энд маш олон асуулт байна, тухайлбал, шал хэзээ цөмөрсөн бэ, сургуулийн захиргаа үүнийг хэзээ засах вэ, энэ зааланд өдөрт хэдэн хүүхэд хичээллэдэг вэ, үүнээс болж хүүхэд бэртэж гэмтсэн үү, бэртсэн бол хэдэн хүүхэд бэртсэн бэ, бэртсэн хүүхдийн эх эцэг хэдэн өдөр ажлаасаа чөлөө авч хүүхдээ асарсан бэ, эм тарианд хэдэн төгрөг зарцуулсан бэ, хүүхдээ асарсан хоногийн ажлын хөлсөө эцэг эх авсан уу гээд. Энэ жижиг асуудал гэж үү" хэмээн асуулаа. Нээрээ л энэ сэдэв инфляц, ажилгүйдлээс илүү том сэдэв байжээ, бид ч "тэнгэрийн л юм ярьдаг юм байна" гэсэн ухаарал оюутнуудын нүдэнд гялсхийж билээ. Ларс багшийн үг сэтгүүлчид ч гэсэн мегадахаас өмнө эхлээд минидэх хэрэгтэй гэдгийг оюутнууд маань ойлгуулсан хэрэг.
Ларс багшийн хичээлээс хойш 30 жил өнгөрч, Хэвлэлийн хүрээлэн өнгөрсөн Баасан гаригт 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэлээ. Залгуулаад амралтын өдрүүдээр МСНЭ ч баярын өдрийг сайхан хуралдаж тэмдэглэлээ. Гэхдээ урьдын адил мега сэдвээ ярьсаар л. Гэтэл амьдрал мини төслөө амжилттай хэрэгжүүлэхийг шаардсаар л байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 28
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30