О.Мандахзориг: Эдийн засаг нь хөгжиж буй Орхон, Дархан, Өмнөговь, Дорноговь руу бусад аймгаас шилжиж очих нь нэмэгдсэн
Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Номын санд өнөөдөр "Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.
Энэхүү хурлын үеэр Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос "Хүн ам, орон сууцны тооллого 2025"-ын онцлогийг танилцууллаа.
Уг тооллогын үр дүнг Засгийн газарт танилцуулсны дараа олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Ингэхдээ Монгол Улсын хүн ам, яс үндэс, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууцны нөхцөл, гадаад улсад амьдарч буй монгол иргэд, шилжилт хөдөлгөөн зэрэг 10 гаруй бүлгээр тооллогын үр дүнг танилцуулах юм байна.
"Хүн ам, орон сууцны тооллого 2025"-ын зарим үр дүнг ҮСХ-ны Статистикийн бүртгэл, тооллогын хэлтсийн дарга О.Мандахзоригоос тодрууллаа.
- 2025 оны Хүн ам, орон сууцны тооллого 100 хувь бүртгэлд суурилсан байдлаар явагдсан. Энэ явцад ямар давуу болон сул тал гарсан бэ. Төрд буй мэдээллүүд хоорондоо зөрөх тохиолдол гардаг шүү дээ?
- Төрийн нийт 14 байгууллагын мэдээллийн 29 санг ашиглалаа. Энд төрийн байгууллагууд дахь мэдээллийн чанарын асуудал хөндөгдсөн. Бүртгэлд суурилсан тооллогыг зохион байгуулахаас өмнө төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудад эх үүсвэрийн мэдээллийн чанарын үнэлгээ хийсэн бөгөөд уг үнэлгээг 1-5 онооны шалгуураар дүгнэхэд хамгийн өндөр үнэлгээ 3.9 оноо байв. Иймээс 100 хувь төрийн байгууллагын өгөгдөлд суурилан явуулж байгаа хэдий ч мэдээлэл нь дутуу, зөрүүтэй тохиолдолд иргэдтэй холбогдож мэдээллийг нь тодруулах, баталгаажуулах ажлыг зохион байгуулсан.
Тооллогын мэдээллийн чанарыг хангах, баталгаажуулах, тодруулга хийх үйл ажиллагааг утсаар, И-Монголиа системээр, мөн баг, хорооны Засаг дарга нараар дамжуулан зохион байгуулсан. Тодруулгаар нийт 527 мянган өрхөөс мэдээлэл цуглууллаа.
- Хүн амын өсөлт хэдэн хувьтай гарсан бэ?
- Өмнөх тооллогоос хойших хугацаанд жилийн дундаж хүн амын өсөлт 1.4 хувь байна.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсын нийт хүн ам 3,589.8 мянгад хүрч, 2020 оны тооллогын дүнгээс 8.9 хувиар өссөн байна. Харин 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн ам 3,591 мянга болжээ. Мөн Монгол Улсын 201.3 мянган иргэн гадаад улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин сууж байна. Гадаадад байгаа иргэдийн 25 хувь нь БНСУ, 15.8 хувь нь Америк, 9.5 хувь нь Япон улсад байна.
- Оршин суух хаягийн бүртгэлтэй иргэдээс гадна хаяг тодорхойгүй, нийгмийн хараа хяналтаас гадуур үлддэг орон гэргүй хүмүүс бас бий шүү дээ. Эдгээр иргэний мэдээллийг хэрхэн авч нэгтгэсэн бэ?
- Хүн ам, орон сууцны тооллогод орон гэргүй иргэдийг хамруулах чиглэлээр Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран ажиллаж, тус байгууллагын орон гэргүй иргэдийн бүртгэл, мэдээллийн санг ашигласан.
- Сүүлийн жилүүдэд хотын төвлөрлийг сааруулж, орон нутагт шилжин суурьшихыг дэмжихээр хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүн нь шилжилт хөдөлгөөний мэдээгээр харагдах байх. Тооллогын дүнгээр хотоос хөдөөг чиглэх хөдөлгөөний ямар нэг өөрчлөлт ажиглагдсан уу?
- Тооллогын дүнгээр Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний эрчим буураагүй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн 206.6 мянган хүн байна.
2025 оны Хүн ам, орон сууцны тооллогоос гадна, 2023 онд ҮСХ-ноос Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа явуулахад дээрх үр дүн гарч байсан.
Шилжилт хөдөлгөөнийг бүсээр авч үзвэл 2020 оны тооллогоор баруун аймгуудаас шилжилт хөдөлгөөн нэлээд бүртгэгдэж байсан бол 2025 онд Төв, Хангайн бүсээс Улаанбаатар руу шилжих нь нэмэгдсэн байна.
- Цуглуулсан мэдээллийг хэрхэн боловсруулсан бэ. Мөн мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага гараад байгаа. Энэ тал дээр авсан арга хэмжээний талаар тайлбарлана уу?
- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний статистикийн хороо олон улсын ISO/IEC 27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү тогтолцооны хүрээнд мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах бодлого, журам, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлдэг. Үүнд хандалтын эрхийн нарийвчилсан зохицуулалт, мэдээллийн шифрлэлт, системийн аюулгүй байдлын хяналт, эрсдэлийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагаа зэрэг багтдаг. Иймд мэдээлэгчдийн ирүүлж буй мэдээллийн үнэн зөв байдал хангагдахын зэрэгцээ тэдгээрийн нууцлал, аюулгүй байдал олон улсын стандартын түвшинд бүрэн хамгаалагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
