
"Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр цахим орчинд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг хамгийн өндөр байгааг Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор мэдээлсэн. Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас 2025-2026 онд үе тэнгийн дээрэлхэлт болон гэмт хэрэгтэй холбоотой 502 хууль бус группийг устгасан талаар мэдээлсэн.
Хэдийгээр сургууль болон нийгмийн орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг 8 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан гэх эерэг үзүүлэлт гарч байгаа ч цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг тав дахин өсөөд буй.
Үүнээс үзэхэд бодит орчин дахь хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг буурч байгаа ч цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, зөрчил өдөр ирэх тусам өссөөр байгаа юм.
Монгол Улс 2022 онд ПИСА үнэлгээнд анх удаа хамрагдсан. Энэхүү үнэлгээний хүрээнд хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь үе тэнгийн дээрэлхэлт байсан. Дэлхийн эдийн засгийн байгууллагын судалгаагаар Монгол Улс ОСД-ын орнуудын дунджаас 17 хувиар өндөр үзүүлэлттэй гарсан талаар зөвлөмжид дурдсан.
Иймээс энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллах, мөн цахим орчин дахь хууль эрх зүйн орчин дутмаг байгааг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн. Иймээс хуулийн төслийг боловсруулахдаа эдгээр асуудлыг хэрхэн тусгах, цаашид хөрсөн дээр хэрхэн дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал” гэлээ.
"Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн зорилго нь,
Хуулийн төсөлд 13-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох, 13-16 насныханд технологийн хамгаалалт хийхээр тусгаад буй. Түүнчлэн 13-16 насныханд технологийн хамгаалалтаас гадна багш, эцэг эхийн хяналтыг нэмэлтээр оруулж ирэхийг судлаад буй. Мөн 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулахаар тусгажээ.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ын 23-т заахдаа, оролцогч улсууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцод нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэхийг зөвлөсөн байдаг.
Иймээс хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын туршлагыг судалжээ. Эдгээр орнууд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч (платформ)-ийн үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учруулж болзошгүй эрсдэлийн түвшинд үндэслэн ялгамжтай зохицуулалт хийдэг байна.