
УИХ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжилгүй унагаж, хууль санаачлагчид нь буцаалаа. Үүнтэй холбогдуулан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн захирал Д.Алтанцэцэг ямар хүндрэл үүсээд байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэтхэгийн Засгийн газраас авсан зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Хийсэн ажлын төлбөр, худалдан авалт, тоног төхөөрөмжийн мөнгийг төсвийн хязгаараас болоод төлж чадахгүй болчихоод байна. Энэ бол маш хэрэгтэй хууль байсан юм. Том хэмжээний өртөгтэй төслийнхөө санхүүжилтийг ашиглаж чадахгүй байна гэдгийг УИХ-ын гишүүд ойлгохгүй байна. Энэ жилийн хувьд зээлийн ашиглалтын хэмжээ нь 350 сая ам.доллар. Яагаад гэвэл, үйлдвэрийн маань төлөвлөлт инженерчлэл гээд хамгийн их хугацаа шаарддаг хэрнээ бага санхүүжилт шаарддаг хэсэг нь өнгөрчихсөн. Одоо тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт нийт гэрээний үнийн дүнгийн 60 хувийг эзэлдэг хэсэг дээрээ явж байна. Тоног төхөөрөмжөө гадаадад үйлдвэрлээд наашаа татаж авах гээд төлбөрөө хүлээгээд сууж байна. Үүнийг авч чадахгүй байна гэдэг маш хортой. Бүхэл бүтэн улс орон юм чинь арга хэмжээ авах байлгүй гэж найдаж байна.
Нэг тэрбум 658 сая ам.долларын өртөгтэй үйлдвэр. Нийтдээ 2028 он хүртэл нэг тэрбум доллар зарцуулж байж дуусах юм. Тэгэхээр төсвийн хязгаараас болоод өнгөрсөн хоёр, гурван жилд 50,60 сая ам.доллар тавьчихаад жилийн эцсээр гэрээлэгчдэдээ төлбөрөө төлж чадахгүй, тоног төхөөрөмжөө авч чадахгүй учраас ажил гацчихаад байгаа. УИХ-ын гишүүд улсын төсвөөс тусад санхүүжүүлэхгүй бол төсөл чинь 20, 30 жил үргэлжлэх нь гэж хэлж байсан. Гэтэл энэ төсөл дэмжигдсэнгүй. Зарим хүнд энэ үйлдвэр хэрэггүй байдаг юм байлгүй" гэв.