Орос хар ламын хар тамхины хэргийн эргэн тойронд ...
Европ даяар Оросын төр, мафи, тусгай алба, хар тамхи гэх дөрвөн үг сүүлийн 30 жилд бараг салшгүй ойлголт болж хувирсан тухай улам их ярьж эхлэв. Өмнө нь Оросын төр ийм зүйлийг “Өрнөдийн суртал ухуулга” гэж тайлбарлахыг оролддог байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр болжээ. Учир нь асуудал зөвхөн гудамжны гэмт хэрэг биш, харин Оросын төр, шашин, аюулгүй байдлын системийн түвшинд гарч ирж байна. Тухайлбал, энэ сарын 25-нд Чехийн Карловы Вары хотод Оросын үнэн алдартны сүмийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг митрополит Иларион(иргэний нэр нь Григорий Алфеев) саатуулагдсан тухай мэдээлэл Европын хэвлэлүүдэд шуугиан тарив.
Тэр бол зүгээр нэг лам биш. Тэрээр Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Кириллийн дараа орох хоёр дахь хүн гэж тооцогдож байсан, Ватикан болон Европ дахь “Сүмийн дипломат ажиллагааг” удирдаж явсан нөлөө бүхий хар лам юм. Орос улс Украины эсрэг бүрэн хэмжээний дайнаа эхлүүлсний дараа түүнийг Унгар дахь Будапешт-Унгарын епархийн тэргүүнээр томилсон байна. Гэвч тэр тэнд удаан ажилласангүй. Учир нь Иларионы туслах лам түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасны дараа митрополитийг Чехийн Карловы Варын сүмд алба хаалгахаар шилжүүлжээ.
Чехийн Цагдаагийн алба түүний машины тээшнээс цагаан өнгийн бодистой дөрвөн жижиг сав илрүүлсэн гэж мэдээлсэн нь шуугиан тариад байна.Харин митрополит лам Иларион үүнийг “өдөөн хатгалга” гэж мэдэгджээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Энэ явдлыг бид митрополитын нэр хүндийг унагах, цаашлаад Чехэд сүүлийн үед дайралтад өртөх болсон үнэн алдартны шашныг бүхэлд нь харлуулах зорилготой, урьдчилан зохион байгуулсан өдөөн хатгалга гэж үзэж байна” гэж мэдэгдэв. Гэхдээ энэ хэрэг Европын улс төр, аюулгүй байдлын хүрээнд огт өөр асуудал босгож ирэв. Яагаад гэвэл Иларионы нэр өмнө нь ч Оросын тусгай албадтай холбогдож байсан аж. Чех, Унгарын хэвлэлүүд түүнийг Оросын аюулгүй байдлын байгууллагуудтай ойр харилцаатай гэж бичиж байжээ. Тэр ч байтугай ФСБ-ийн хэрэглэдэг буугаар түүний буудлагын талбай дээр бэлтгэл хийж буй бичлэг хүртэл нийтлэгдэж байсан аж. Эндээс хамгийн сонирхолтой зүйл эхэлж байгаа гэнэ. Зөвлөлтийн үеэс эхлэн Оросын тусгай албад хар тамхины урсгалыг зөвхөн мөнгөний эх үүсвэр биш, геополитикийн хэрэгсэл гэж хардаг байсан тухай олон баримт байдаг аж. Афганистаны дайны үед Зөвлөлтийн армийн эзэлсэн бүс нутгаар дамжин хар тамхины сүлжээ өргөжсөн тухай хуучин КГБ-ийн офицерууд хүртэл дурссан байдаг гэнэ. Харин ЗХУ задарсны дараа энэ бүтэц бүр илүү мафижсан юм байна.
Оросын томоохон хотууд 1990-ээд онд героин, синтетик бодист живж эхэлсэн. Афганистанаас Төв Азиар дамжин орж ирэх героины гол гарцын нэг нь Орос болов. НҮБ-ын тайлангуудаар дэлхийн хамгийн том героин хэрэглэгч орнуудын тоонд Орос тогтмол бичигдэж байжээ. Энэ нь зүгээр нэг нийгмийн асуудал байгаагүй. Хар тамхины мөнгө банк, улс төр, тусгай алба, олигархийн системтэй нийлж эхэлсэн аж. Үүнээс ч сонирхолтой нь Кремль энэ асуудлын бодит хэмжээг олон жилийн өмнөөс бараг нууцын зэрэглэлтэй болгож эхэлсэн явдал юм. Оросын эрх баригчид 2010-аад оны дунд үеэс эхлэн хар тамхины хэрэглээ, тун хэтрүүлэлтээс үүдсэн нас баралт, ДОХ-ын халдвар, синтетик бодисын тархалтын талаарх статистикийг улам хаалттай болгосон гэж барууны болон Оросын бие даасан судлаачид бичдэг. Өмнө нь ил тод гардаг байсан зарим мэдээлэл “Үндэсний аюулгүй байдал”, “Нийгмийн тогтвортой байдал” гэх шалтгаанаар хязгаарлагдах болсон. Ялангуяа Украины дайнаас хойш Орост бодит статистикийн олон мэдээлэл шууд хаалттай ангилалд оржээ.Хэрэв асуудал бага хэмжээтэй байсан бол Кремль нуух шаардлагагүй байлаа. Харин энэ үеэс Оросын олон бүс нутагт синтетик хар тамхи, “спайс”, метадон, үйлдвэрийн гаралтай химийн бодисын хэрэглээ асар нэмэгдсэн тухай эмч, нийгмийн ажилтнууд, бие даасан хэвлэлүүд тасралтгүй анхааруулсаар ирсэн байна. Зарим орос судлаачид бүр “Архидалт дээр нэмэгдсэн хар тамхины давлагаа” хүн амын нас баралт, хөдөлмөрийн чадварын хямралыг улам дордуулж байна гэж үздэг болжээ.
Оросын мафийн бүлэглэлүүд Европ, Балканы орнууд, Кавказ, Төв Азийн маршрутуудтай холбогдон асар том сүлжээ байгуулсан. Испани, Герман, Чех, Балтын орнуудын мөрдөн шалгах байгууллагууд олон удаа Оросын гаралтай гэмт бүлэглэлүүдийг кокаин, героин, синтетик бодисын наймаатай холбон шалгаж байв. Сүүлдээ “Оросын мафи” гэх нэр томьёо зөвхөн киноны үг биш болж хувирсан. Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүхэн Оросын төрийн суртал ухуулгатай зэрэгцэн явагддаг болжээ. Москва өөрийгөө “Уламжлалт үнэт зүйл хамгаалагч”, “Ёс суртахууны сүүлчийн цайз” гэж сурталчилдаг атлаа нөгөө талд нь “элитүүд” нь мафи, тусгай алба, авлига, хар тамхины сүлжээ тасралтгүй холбогдсоор байдаг. Хар лам Иларионы хар тамхины энэ хэрэг энэхүү том зураглалын илрэл болж байгаа учраас Европт ихээхэн анхаарал татаж байна.
Өнөөдөр Европын олон орон Оросын сүм, соёлын төв, бизнесийн бүтцүүдийг зөвхөн шашин, соёлын байгууллага гэж харахаа больжээ. Тэдгээрийг нөлөөллийн сүлжээ, мэдээллийн ажиллагаа, зарим тохиолдолд хууль бус санхүүгийн урсгалтай холбож шалгах болсон. Ялангуяа Украины дайнаас хойш энэ хандлага эрс чангарсан.Иймээс Иларионы машинд илэрсэн “цагаан нунтаг” өөрөө гол асуудал биш юм. Харин хамгийн ноцтой нь Оросын төр, сүм, тусгай алба, далд санхүүгийн ертөнц хоорондоо хэр зэрэг хутгалдсан бэ гэсэн асуулт юм. Европ яг үүнийг л сөхөж байна. Зөвлөлтийн үед Москва өрнөдийг “Хар тамхинд живсэн ялзарсан капитализм” гэдэг байсан. Харин өнөөдөр Европын хэвлэлүүд эсрэгээрээ Оросын элитүүдийг хар тамхи, мафи, тусгай ажиллагаатай холбон бичиж сууна.
Энэхүү үйл явдлын үеэр энэ сарын 13-нд Төрийн Дум, 20-нд Холбооны Зөвлөл баталсан ОХУ-ын иргэдийг гадаадад баривчлах, саатуулах, Эрүүгийн болон бусад төрлийн мөрдлөгөд өртсөн тохиолдолд “хамгаалах” зорилгоор армийг ашиглах эрхийг ерөнхийлөгчид олгох хуульд В.Путин яаран гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхлэв. Энэ нь ОХУ-ын иргэдийг бусад улсад баривчилсан тохиолдолд хэрэглэх хууль билээ. Өөрөөр хэлбэл “Сибирийн хүч-2” төсөл манайд хэрэгжсэн тохиолдолд оросууд дуртай гэмт хэргээ үйлдэж, харин бид баривчлах эрхгүй болж байгаа явдал бөгөөд УИХ маань Оросууд орж ирэх бүх төслийг маш яаралтай зогсоож, Монгол Улс нэг ч орос иргэдгүй болох ёстой болж байна гэсэн үг юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьж, Оросын зэвсэгт хүчин Украины армийн ашиглаж буй объектууд болон “шийдвэр гаргах төвүүд”-д системтэй цохилт өгч эхэлж буй учир Киев дэх АНУ-ын дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж, бас 2025 оны наймдугаар сард Анкориджид АНУ-ын санаачилгаар хүрсэн Украины дайны талаарх дээд түвшний тохиролцоог Европ болон Киев “сүйтгэж байна” гэж буруутгасан байна. Энэ сарын 24-нд Орос нийт 90 далавчит болон баллистик пуужин, 600 цохилтын дрон, мөн дунд тусгалын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай хоёр “Орешник” пуужин Киев рүү хөөргөсний нэг нь л амжилттай болсон билээ. Энэ нь цөмийн хошуутай бол хоёр “Орешник” болгоны нэг нь өөр дээр нь дэлбэрнэ гэсэн үг. Харин энд дурдсан хууль нь хэт их зардалтай Украины дайныг зогсоож, оронд нь орос иргэдтэй нэг жижиг улс руу халдахад зориулсан хууль бөгөөд үнэндээ бол энэ хууль ч, Лавровын мэдэгдэл ч дотооддоо нэр хүндээ өсгөх гэсэн хоосон сүржигнэл билээ. Учир нь Кремлийн дэглэм өнөөдөр энэ бүхнийг хэрэгжүүлэх мөнгөгүй, хамгийн гол нь иргэдийнхээ олонхийн дэмжлэгийг алдчихаад байна. Түүхэнд иргэдийн дэмжлэггүй дарангуйлагч гэж байдаггүй. Үүнийг өнөөдөр улс төр судлаачид “Орост хөргөгч телевизийг ялав” хэмээн бичиж байна. Суртал ухуулга ийнхүү бодит байдалтай нүүр тулан мөргөлдөх үед хамгийн түрүүнд нурдаг зүйл нь “ их гүрэн” гэх хиймэл дүр байдаг ажээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
