Улсын Их хурлын гишүүн П.Наранбаяртай ярилцлаа.
-Хаврын чуулган энэ долоо хоногт хаана. Энэ удаагийн чуулганы онцлог юу байв. Ямар, ямар гол хууль батлав?
-Энэ хаврын чуулган эхэндээ маш барцадтай байлаа . Тодруулбал , гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл засгаа унагаах л ажлыг голчилж хийлээ. Энэ богино хугацаанд гурван ч Засгийн газрын нүүрийг үзэж байна. Харин сүүлийн хагаст УИХ-ын дарга нь шинээр сонгогдож, үйл ажиллагаа жигдрэх зүйл рүү ороод олон хуулийн төсөл орж ирж батлагдаж байна . Хүмүүс наадам дөхсөн үед хуулийг шударч, бөөнөөр нь баталж байна гэж ярьдаг л даа. Гэхдээ энэ удаад үйл ажиллагаа нь жигдэрч байгаа юм болов уу гэж хараад байгаа. Миний зүгээс онцолж хэлэх хууль гэвэл Татварын багц хуулийг УИХ-аар баталлаа. Энэ хууль баялаг бүтээгч, бүтээх эрх чөлөөгөө эдэлж байгаа хүмүүст нэлээд ээлтэй болсон болов уу гэж харсан. Цаашдаа энэ хүмүүс чинь л ажлын байр бий болгоно. Одоо чинь Татварынхаа хуулиудыг харж байхад бид ажилтан, ажил олгоч хоёр зэрэг торгуульдаг л системтэй байна. Дандаа татварын хүнд дарамтууд очдог. НӨАТ-ыг бодохдоо цалинг нь зардал болгож хасдаггүй. Иймэрхүү явж ирсэн зүйл дээр бид зоригтой "мэс засал" хийх цаг нь болжээ гэж боддог. Аж ахуйн нэгжүүд чинь одоо сөхөрч байна. Томоохон компани, аж ахуйн нэгжүүд бол өөр хэрэг. Гэтэл жижиг, дунд аж ахуйн нэгж, бичил бизнес эрхлэгчид үнэхээр хэцүү байна.
- Татварын багц хууль дээр энэ бүхнийг дээшлүүлэх гол ямар заалтууд байна вэ?
-НӨАТ-ын босгыг 400 сая болгосон. Ингэснээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэлээд дэмжлэг болох болов уу гэж харж байна. Гэхдээ манайх НӨАТ-ыг бүртгэлийн систем гэж хараад байдаг. Үүнийг ингэж ашиглах нь хэр зөв юм. Ер нь НӨАТ-гүй улс байвал яасан юм гэдгийг бодох шаардлагатай. Яагаад гэхээр бид байгалийн баялагтай, хөдөлмөрийн насны иргэдийн цонх үе нь ирчихсэн орон. Гэтэл НӨАТ-аар дамжуулж төсөв бүрдүүлээд байгаа би их буруу гэж боддог. Татвар бүрддэггүй хэцүү үедээ үүргээ гүйцэтгэсэн л байх. Хоёрдугаарт, татварын өртэй болчихсон аж ахуйн нэгжийн дансыг шууд хаалгүй, боломж олгодог болсон явдал байна. Энэ чинь боломж олгож байгаа бас нэг алхам. Аж ауйн нэгжийн орлогын албан татварын босгыг дээшлүүлж, үе шатыг нь нэлээд өөрчиллөө. Энэ мэт олон өөрчлөлт байгаа. Төр оршиж байгаа дор татвар заавал байна. Бид татвараа шударга төлж, тэр нь эргээд шударга зарцуулагдаж байж энэ нийгэм чинь эрүүл болно. Энэ утгаараа бид татварын систем нь өөрөө шударга байж чадаж байна уу гэдэг дээр эргэж харах зүйл нэлээд байна. Аливаа зүйлийг хийснийх нь дараа эргээд харахад алдаа дутагдал нь харагддаг. Тиймээс ажил олгогчийг дэмжсэн бүхэл бүтэн татварын тогтолцоо хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулагч нар бол тусдаа. Харин өөрөө хөрөнгөө оруулж, ажлын байр бий болгож байгаа хүмүүс дээр маш их татварын дарамт орж ирдэг. Хувьцаа авч, хөрөнгө оруулдаг хүмүүст ирдэг татвар нь үсрээд л 10 хувь. Гэтэл нөгөө ажил олгогч дээр болохоор 46 хувь болчихдог. Ийм байхад хэн ажлын байр бий болгохыг хүсэх юм. НӨАТ төлөгч биш, эсвэл нэг лангуутай, үгүй бол үл хөдлөхүүдээ түрээслээд л явж байхыг илүүд үзнэ. Энэ талдаа ч их ээлтэй эдийн засаг болчихоод байна. Ер нь онцолж ярих олон хууль бий. Тэр дундаа Тамхины хяналтын тухай хууль яг одоо ид хэлэлцэгдэж байна. Үүн дээр хоёр тал болж хуваагдаж болно. Нийгэм угаасаа л ийм байдаг. Хоёр битгий хэл гурав, дөрөв болж ч талцаж болно. Хамгийн гол нь хоорондоо ярилцаж байгаад зөв гэсэн зөвшилцөлд хүрэх ёстой. Бие биеэ хүндэтгэх хэрэгтэй. Гэтэл хууль санаачилсан гишүүд рүү зүй бусаар дайрч байна. Түүнд нь уурлаж бухимдсандаа ч юм уу, тэр, энэний эрх ашиг гэж ярьж байгаа нь буруу. Бидэнд чинь ирээдүй үеэ тамхины донтолтоос хэрхэн хамгаалах вэ л гэдэг гол асуудал байгаа.
-Түүнээс биш электрон болон утаат тамхины аль нь илүү хортой тухай асуудал уг нь биш биз дээ?
-Тийм, ер нь бол тэр вэйб гэдэг зүйлийг тамхины төрөлд оруулж онцгой албан татвар авч байгаа нь бүгд зөв. Энэ бол маш зөв алхам. Сонгогчидтойгоо уулзаад явж байхад ч үүнийг бүрэн хориглох нь зөв гэж байна. Хэлээд байгаа арга нь буруу байж болох ч үүнийг нийгмийн дуу хоолой л гэж харах ёстой. Хориглохдоо гол нь биш, бид маш сайн хязгаарлах хэрэгтэй.
-Энэ хаврын чуулганы дундуур болсон олны анхаарлыг татсан гол зүйл бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр Ерөнхий хяналтын сонсгол хийсэн. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд та үүнд хэрхэн оролцов?
-Би Баянзүрх дүүргээс 2020-2024 онд сонгогдож байсан НИТХ-ын төлөөлөгч, тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд нэлээд анхааралтай ажиглаж, асуулт асууж оролцсон. Ер нь мега төсөл нэрийн дор хулгай явчихав уу гэдэг дээр л анхаарах ёстой. Гэвч зөвхөн Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв дээр төвлөрсөн. Бүтээн байгуулалтыг ХҮН нам ерөөсөө үгүйсгээгүй. Хэрэгжүүлж байгаа арга зам, хууль зөрчсөн үйлдлүүдийг нь зөвтгөж ерөөсөө болохгүй. Энэ том зүйлүүдийг нь ярьчихаад хажуугаар нь явж байсныг нь бид орхигдуулсан. Тиймээс би 420 тэрбум төгрөгийн асуудлыг хөндөж асуусан.
-Тэр нь юу вэ?
-Жил бүр нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд 420 тэрбум төгрөгийг зарцуулах Засгийн газрын тогтоолыг 2021 онд баталсан. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг баталж ирсэн. Уг нь Засгийн газрын зөв. Даанч өнөөдөр түгжрэлийн нөхцөл улам хүндэрлээ. Дөрвөн жил дараалж энэ мөнгийг өгөхөөр бараг хоёр их наяд болж байгаа юм. Үүний маш өчүүхэн хувийг сургууль, цэцэрлэг барихад зориулсан. Уг нь үүнийгээ бүрэн зарцуулсан бол 100-гаад сургууль, цэцэрлэгийг гэрт нь ойрхон барьчих байсан. Түгжрэлийн нэг том шалтгаан нь энэ. Автомашиныг радио долгионоор хянаж, хотын төвийн замыг төлбөртэй болгох төсөл дээр л гэхэд 22.3 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч одоо энэ нь огт хэрэгжээгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар завшсан байж болзошгүй төслүүд буйг л хэлээд байгаа юм. Тиймээс ч иргэдийн хяналт нийслэл дээр бүрэн алдагджээ гэсэн дүгнэлтэд бид хүрсэн.
-Нэг нам олонхоороо засаглахаар ингэж хяналтгүй болж байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Гэтэл саяхан болсон орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүнг харахад танай нам, Ардчилсан нам ялгаагүй л ялагдчихлаа шүү дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Энэ удаагийн нөхөн сонгууль 45 мандат дээр явсан. Манайхаас гурван хүн дэвшсэн. Эндээс Увс аймгийн Баруунтуруун суманд дэвшсэн Ц.Оюунболд гэдэг хүн гараад ирсэн. Мөн Увс аймгийн төвийн Чандмань багийн нөхөн сонгуульд 1554 хүн санал өгсөн. Харамсалтай нь тал хувь нь “царцаа” байсан. Сумын Засаг дарга нь төрийн албан хаагчдаа дагуулан шилжиж очсон. Энэ чинь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг. Эрүүгийн ялтай хэрэг. Хоёрдугаарт, иргэдийн сонгуульд итгэх итгэлийг эрс алдагдуулсан үйлдэл. Иргэд нь багийнхаа асуудлыг шийдэх гээд сонгууль өгөхөөр гаднаас баахан нөхдүүд орж ирээд тэдний эрхийг булаагаад авчихаж байна. Үүнийг бид ярихгүй бол болохгүй.
-Малчны хүүхдүүдийг цахимаар сургах гэдэг асуудал яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Би энэ хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа. Түүнийгээ ч ний нуугүй хэлж байна. Хөдөө, алс буйд газар болох тусмаа боловсролын ялгаа өндөр байна гэсэн судалгаа бий. Ийм үед сургуулийнх нь үйлчилгээг ойртуулахын оронд цахимаар аргацаасан ажлыг хийж болохгүй. Нэг, хоёрдугаар ангид хүүхдийн сурах гол үндэс нь тавигдаж байдаг. Багшийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Өөрөө бие дааж сурч чадахгүй. Эцэг, эх нь багшийн орон зайг хэзээ ч орлохгүй. Дээрээс нь зун малчдыг завтай байдаг гэж хэн хэлээд байгаа юм. Хамгийн л завгүй үеүдийнх нь нэг шүү дээ.
-Цахимаар сургах дээр ковидынг үеийн хоцрогдол гээд маш том сургамж уг нь бий. Дээрээс нь малчны хүүхдүүдийг цахимаар сургана гэхээр сүлжээ, дата гээд асуудал гарна биз дээ?
-Хөдөөгүүр яваад малчидтай уулзахаар үүнийг хүсэхгүй байна лээ.
-Тэгвэл яагаад ийм хуулийн төсөл оруулж ирээд байгаа хэрэг вэ?
-УИХ-ын зарим гишүүн л хүсээд байна. Гэтэл малчид маань хүүхдэдээ өндөр боловсролыг хүсэж байна. Малчдын 130 мянган хүүхэд сурч байгаа. Тэдгээрийн 40 мянга нь Улаанбаатарт, 40 мянга нь аймгийнхаа төвд ирж сурч байна. Харин бусад нь сумынхаа сургуульд сурдаг. Тэгвэл тэр 80 мянган хүүхэд чинь ялгаваргүй, чанартай боловсролыг л хүсэж байгаа юм. Тиймээс үүнийг дэмжих малчин маш ховор.
-Яг үүний эсрэг уг нь багийн бага сургууль гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ юу болсон бэ?
-Багийн бага сургуулийг бид ХҮН намынхаа мөрийн хөтөлбөрт оруулаад, улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод хэрэгжүүлээд явж байсан. Алслагдсан газруудад сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж, 2-3 багш ажиллах, 70 хүртэлх хүүхдийг сургах ажил байгаа юм. Энэ ажил маань нэлээд ч явсан. Дандаа хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийсэн учраас төсөвт ирэх дарамт нь асар бага. Энэ ажилд оролцсон "Хаан" банк, "Номин" групп, "Монполимет" группийн хамт олонд би маш их талархдаг. Энэхүү багийн бага сургуулийн нэгдсэн зураг, төсвийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хүртэл гаргаж өгсөн. Зардал нь 600 саяас 1.8 тэрбум төгрөг гардаг.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.
© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК
Бүх эрх хуулиар хамгаалагдсан
