dnn-logo

Х.Ганхуяг: Иргэдийн амьжиргааг яаж сайжруулах, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэгт анхаарч байгаа нэг ч “амьтан” алга

Otgoo

# Улс төр

2026-05-06

03:51

Х.Ганхуяг: Иргэдийн амьжиргааг яаж сайжруулах, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэгт анхаарч байгаа нэг ч “амьтан” алга

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа


-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа бол. Улс төрийн хүрээнд том гэгдэх төслүүдийг хөдөлгөх сонирхол одоохондоо алга байх шиг байна. Туулын хурдны замын төслийг зогсоолоо. Харбины гэрээтэй холбоотой асуудлыг ч мөн шалгах шаардлагатай гэж ярих юм...?

-Таны хэлж байгаа хоёр төслийн нэг нь экспортын төсөл. Тэгэхээр эдийн засаг талаас нь харвал экспортын төсөл үр өгөөжтэй байдаг л даа. Харин нөгөө төсөл нь Туулын хурдны зам. Энэ хоёр төслийг та харьцуулж асууж байх шиг байна. Туулын хурдны замын хувьд эдийн засгийн тооцоолол, үр өгөөж гэдэг талаас нь сайн мэдэхгүй юм. Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал яг бодитой ийм байгаа. 2024 онд манай улсын нийт гадаад худалдааны эргэлт 25 тэрбум ам.доллар байсан бол. 2025 оны гүйцэтгэлээр энэ тоо хэвээрээ л байна. Үүнийг манай эдийн засагчид хэлэхгүй байгаагаас биш үндсэндээ тэг зогсолт хийгээд байна гэсэн үг.

-Тэгвэл төсвийн бодлогын хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид 2025 онд төсвийн тодотгол хийж, хоёр их наяд төгрөгийг танасан. Гэвч 2025 оны гүйцэтгэлээр төсөв алдагдалтай гарсан. Бид алдагдалгүй төсөв баталсан ч тодотгол хийгээд, танаж, хасаад байхад л алдагдалтай төсөв гарч байгаа юм.

Нөгөөтэйгүүр парламент 126 гишүүнтэй болсноор төсөв маш их задардаг олчихлоо. Засгийн газар төвлөрсөн том төсөл хэрэгжүүлэх боломжгүй болчихсон байна.

-Ер нь л төслүүд явахааргүй болчихож байгаа юм биш үү?

-Төслүүд гэдэг нь аль төслүүдээсээ л хамаарна. Ер нь явуулах ёстой төсөл гэж байна. Мөн зарим цаг хугацаанд зүгээр тэсээд, тодорхой хугацааны дараа эхлүүлэх төсөл ч гэж бий.

Бид өнөөг хүртэл үндсэндээ цөөн хэдэн экспортын төсөл дээр тулгуурлаж ирсэн. Тухайлбал Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг олон жил “мөлжиж” ирлээ. Гэвч одоо эдгээрийн нөөц, боломж тодорхой хэмжээнд тулж ирж байна. Тэгэхээр цаашид бид эдийн засгийн өсөлтийг авчрах төслүүдээ буюу эдийн засгаа тэлэх төслүүд хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш өр нэмэгдүүлэх, эсвэл дотоодын хамаг нөөцөө шавхах төслүүд эдийн засгаа дахиад унагаах зүг рүү чиглүүлдэг.

-Тэгвэл эдийн засгийг тэлэх ямар төслүүд байна вэ?

-Эдийн засаг талаас нь л харъя. Манайд эдийн засгийн тэргүүлэх хэдэн чиглэл байдаг вэ. Яг Монгол Улсын хувьд УИХ болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлогдсон 180 тэргүүлэх чиглэл байна. Ийм олон тэргүүлэх чиглэл байхад хэзээ ч эдийн засаг өсөхгүй. Угтаа улс орон эдийн засгийн чадавх дээрээ тулгуурлаад эдийн засгаа хөгжүүлэх гол чиглэлээ тодорхой болгодог. Өөрөөр хэлбэл салбар, төрөл болгоныг гол чиглэл гэхээс илүү бодитой 4-5 чиглэлээ тодорхой болгоод түүн рүүгээ эдийн засгийнхаа нөөцөө шахаад явах ёстой шүү дээ. Харамсалтай нь манайд тийм зүйл алга. Ядаж байхад тодорхойлсон 180 гаруй тэргүүлэх чиглэл болгон нь гацаатай байна. Нөгөөтэйгүүр уул уурхай тэргүүлэх салбар мөн үү гэвэл мөн. Гэтэл өнөөдөр уул уурхайгаа тэргүүлэх салбар гэж ярьдаг атлаа хайгуулын лиценз олголт хумигдаж, шинэ төслүүд зогсонги байдалд орсон байна. Ирээдүйн өсөлтийг авчрах суурь нь үндсэндээ хаагдсан гэсэн үг.

-Эрх барьж байгаа нам нь эдгээр асуудал дээр ямар бодлого барьж ажиллах ёстой юм бол. Гол нь хэрэгжилтээ үр дүнтэй болгоод л явах юм биш үү?

-Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр парламентыг 126 гишүүнтэй болгосон. Ингэснээрээ аливаа зүйлд төвлөрөх фокустай ажиллах боломж нь илүү хязгаарлагдмал болчихлоо. Нөгөөтэйгүүр Засгийн газар тогтворгүй байдаг асуудал дахиад л давтагдахаар харагдаж байна. Засгийн газар тогтворгүй байна гэдэг нь бодлого тогтвортой явах, хэрэгжих ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Үүнээс хэн хожиж байна вэ гэхээр нөгөө популистууд. Үнэндээ 126 гишүүнтэй парламент бий болсноороо цалин, тэтгэвэр нэмэх, өсгөх асуудлыг л ярилаа. Үүнээс өөр яг бодитой юу ярьж, юу шийдсэн юм. Ийм байхад яаж хөгжлийн бодлого явах вэ дээ. Саяхан УИХ-аар Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн хуулиа явуулах гэж үзлээ. Харамсалтай нь нөгөө л популистуудаас болоод гацсан. Энэ юуг харуулж байна гэхээр 126 гишүүнтэй парламентаар хөгжлийн бодлого, бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах тэр бүх асуудал ороод хэлэлцэгдээд, батлагдаад явна гэдэг хүндрэлтэй болжээ л гэж харсан.

-Өөрөөр хэлбэл, энэ парламентын улс төрийн нөхцөл байдал хүнд байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн хүндрэлүүдээ давахын тулд нэн тэргүүнд улс төр нь тогтвортой байх ёстой. Гэтэл манайд улс төр нь тогтворгүй байгаа учраас эдийн засаг руугаа төвлөрч чадахгүй байгаад байна. Иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд цалин, тэтгэврийг нэмнэ гэхээс илүү эдийн засгаа л бүхэлд нь өсгөх шаардлагатай. Эдийн засаг өсвөл хүссэн хүсээгүй, шаардсан шаардаагүй цалин, тэтгэвэр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт сайжраад л явдаг. Энэ бол наад захын энгийн ойлголт шүү дээ. Гэтэл энэ ойлголт парламентынхаа түвшинд байхгүй болчихлоо.

-Урин дулаан цаг ирж, эдийн засаг идэвхжих үе эхэллээ. Гэтэл энэ үед эдийн засгийн бодит асуудлууд яригдахгүй, харин улс төрийн маргаантай сэдвүүд давамгайлаад байх шиг. Таны хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Та ч өөрөө анзаарсан байна. Би өнгөрсөн жил 2025, 2026 оны төсөв хүндрэх чиглэлтэй болж, зөвхөн цалин, тэтгэвэр ярьдаг болох хандлага бий болсныг анхааруулж байсан. Үүнтэй холбоотойгоор гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр хуулийн санаачилга гаргасан. Одоо тэр нь явж байна. Хэрэв батлагдчихвал Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүд урагшлах боломж бүрдэнэ. Мөн татварын ачааллыг бууруулах чиглэлээр тодорхой саналууд боловсруулсан. Жишээлбэл, НӨАТ болон ААНОАТ-ыг бууруулснаар төсөвт төвлөрдөг мөнгийг тодорхой хэмжээнд аж ахуйн нэгж, иргэддээ үлдээж, тэдэнд боломж олгох зорилготой байсан. Гэвч Засгийн газраас өргөн барьсан хуулийг буцааж татсан, одоо дахин өргөн барих гэж байгаа бололтой. Миний хувьд эдийн засагч хүнийхээ хувьд хийх ёстой ажлуудаа хийгээд явж байна. Гэхдээ хамгийн гол асуудал нь парламент эдгээр асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй байна.

-Татварын бодлогын хэрэгжилттэй холбоотойгоор институцийн асуудал байна гэж та хэлж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манайд байгаа нэг том алдаа бол татварын бодлогыг Сангийн яам дангаар барьж явдагт оршиж байна. Харин олон улсад энэ бодлогыг ихэвчлэн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг. Яагаад гэвэл Эдийн засгийн хөгжлийн яам улс орны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээртэй уялдуулж татварын бодлогоо боловсруулдаг. Харин манайд тэргүүлэх чиглэл тодорхойгүй байна. 180 гэдэг бол бараг бүх салбарыг тэргүүлэх чиглэл гэж зарлачихсан гэсэн үг. Ингээд татварын бодлогыг зөвхөн төсвийн орлого талаас нь харж хэрэгжүүлж байна. Тэгэхээр аль салбарыг бодлогоор дэмжих вэ гэдэг асуудал бодитой хэрэгжих боломжгүй болчихож байгаа юм.

-Зарим хүмүүс төр сүүлийн 30 жил өөрөө өөртэйгөө л ажиллаж ирлээ. Харин эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн бодит ажил дутагдаж байна гэж шүүмжилдэг. Та энэ байр суурийг хэрхэн харж байна вэ?

-Төр ер нь жижгэрэх ёстой. Харин хувийн хэвшилд илүү боломж олгох хэрэгтэй. Би үүнийг олон удаа хэлж байсан. Жишээлбэл, уул уурхайг тэргүүлэх салбар гэж ярьдаг мөртлөө лиценз олголт зогсонги. Банк, санхүүгийн салбарт шинэ банкны лиценз олгохгүй, гадаадын банк оруулахгүй байна. Үндсэндээ олон салбарт төр өөрөө бизнес хийж байна. Уул уурхайд төрийн өмчит компаниуд хамгийн том тоглогч байна. Иргэний агаарын тээвэрт мөн адил төрийн компани давамгайлж байна. Банкны салбарт ч өрсөлдөөн хязгаарлагдмал. Хэрэв үнэхээр тэргүүлэх салбар гэж үзэж байгаа бол тэнд “Шинэ салхи” оруулах хэрэгтэй. Өрсөлдөөнийг нээж, салбараа чөлөөлөх ёстой. Ерөнхий сайдын ярьж байгаа “Чөлөөлөх” бодлого бол зайлшгүй шаардлага болсон асуудал. Бараг бүх салбарт “Хоолой тулсан” нөхцөл байдал үүсчихсэн.

-Таны хувьд энэ хаврын чуулганаар ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Хэд хэдэн хуулийн төсөл бэлдэж, заримыг нь өргөн барьсан. Тухайлбал, эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль, чөлөөт бүсийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Эдгээрийг зургадугаар сарын 5-10-ны хооронд өргөн барихаар төлөвлөсөн. Бизнесийн орчинтой холбоотой хуулиудыг 60 хоногийн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлдэг. Одоогоор урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд явж, санал авч байна. Мөн Танхимын тухай хууль дээр ажилласан. Үүний гол зорилго нь Танхимыг улс төрөөс ангид байлгах байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад нэлээд эргэлзээ төрж байна. Харамсалтай нь зарим улстөрчид, тэр дундаа манай сөрөг хүчин хуулиа уншиж судлахгүйгээр, зөвхөн сураг сонссоноор дүгнэлт хийж байна. Бүр сөрөг хүчний намын дарга нь сураг сонсох нь ээ гэж эхлээд үг хэлж байх жишээтэй. Хууль хэлэлцэнэ гэдэг чинь уншиж, судалж байж ярьдаг зүйл. Ер нь ард түмний нуруунаас ачааг нь яаж хөнгөлөх вэ, яаж амьжиргаа, амьдралыг нь сайжруулах вэ, яаж бизнесийн орчныг сайжруулах вэ, яаж эдийн засгаа тэлэх вэ гэдэг тал дээр анхаарал хандуулж байгаа нэг ч “амьтан” алга даа.

-Таны хувьд одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар нэгэн дүгнэлт хийх боломж бий юу?

-Одоохондоо дүгнэлт хийхэд эрт байна. Шинэ сайд нар ажиллаад 100 хоног өнгөрч байж эхний үр дүн нь харагддаг. Одоо бол сар ч болоогүй байхад дүгнэлт хийх боломжгүй.

-Нэг талаас Засгийн газрыг тогтвортой байлгах шаардлага байна. Нөгөө талаас алдаа гаргавал хариуцлага тооцох ёстой. Тогтвортой байлгах ёстой гээд алдаа гаргасан ч байлгаад байх ёстой юу?

-Тогтвортой байдал гэдэг нь Ерөнхий сайд өөрөө тогтвортой байхыг хэлнэ. Харин салбарын сайд нарын хувьд солигдох, өөрчлөгдөх асуудал байж болно. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ сайд нар байнга солигдох нь сөрөг талтай.

Учир нь төрийн алба тогтворгүй болж, бодлого тасалддаг. Жишээлбэл, бид таван хуулийн төсөл бэлдэж, хоёрыг нь өргөн барихад бэлэн болгосон ч одоо хүртэл өргөн баригдаагүй байна. Энэ нь бодлого зогсож байгаагийн илрэл.

-Сүүлийн үед ёс зүй, албан тушаалын асуудлууд улс төрийн гол сэдэв болдог боллоо. Харин эдийн засгийн томоохон төслүүдийн үр өгөөж, эрсдэл хангалттай яригдахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ёс зүйн асуудал чухал ч гэлээ эдийн засгийн бодлогын асуудлууд дарагдаж болохгүй. Өнөөдөр хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн өртөг асар өндөр болсон. Манай эдийн засаг хангалттай өсөхгүй байхад төслүүдийн хэмжээ улам томроод байна. Жишээлбэл, Туулын хурдны замын төсөл 2.1 их наяд төгрөгийн өртөгтэй. Энэ нь улсын төсөвт шууд нөлөөлөх хэмжээний том төсөл. Гэтэл эдийн засгийн үр өгөөж нь тодорхойгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй, хугацаандаа ашиглалтад орох, бүр 2.1-дээ багтаж дуусах эсэх нь ч эргэлзээтэй байна. Ийм нөхцөлд эдгээр төслүүд амжилттай хэрэгжих эсэх нь өөрөө улсын тогтвортой байдалд шууд нөлөөлнө.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тэр хуулийн төслийг судалж үзсэн. Ер нь зарчмын хувьд дэмжих ёстой гэж харж байна. Учир нь манайд Ерөнхийлөгчид импичмент хийх, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах зохицуулалт бий. Харин УИХ-ын гишүүний хувьд тодорхой хариуцлага тооцох механизм сул байна. Үндсэн хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалт бий ч хэрэгжилт нь тодорхой биш. Тиймээс энэ чиглэлийн зохицуулалтыг тодорхой болгох нь зөв.

Э.МӨНХТҮВШИН

dnn-logo

“Өдрийн сонин” 1998 оны гуравдугаар сарын 10-нд анхны дугаар хэвлэгдсэнээс хойш 26 дахь жилтэйгээ золгож, өдгөө 7400 гаруй дугаараа гаргаад байна.

Компани

Бидний тухай

Холбоо барих

Сурталчилгаа байршуулах

Холбоо барих

Улаанбаатар-20, Их Тойруу, "Өдрийн Сонин"

+976 88111375

© 2009 - 2026 Өдрийн сонин ХХК

Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Х.Ганхуяг: Иргэдийн амьжиргааг яаж сайжруулах, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэгт анхаарч байгаа нэг ч “амьтан” алга | DNN.mn