Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Тус хурлын талбайд Монгол Улсын далбааг мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөлөл оролцлоо.
Бага хурлыг нээх үеэрээ Ерөнхий сайд Н.Учрал “Манай Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэгэн чухал чиглэл болох ногоон чөлөөлөлтийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг УИХ-аар баталж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, иргэд, хувийн хэвшил, орон нутгийн оролцоонд тулгуурласан байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн шинэ эринийг бид бүтээж байна.
Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, дутагдлаа нөхөх, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд шат дамжлагыг тав дахин цөөлж, зөвшөөрлийн хугацааг зургаан сараас 11 өдөр болгон бууруулж чадсан. Энэ жил бид сэргээгдэх эрчим хүчний олон төслийг эхлүүлж, олон зуун айл эрчим хүч үйлдвэрлэгч болж эхлээд байна. Иргэд ногоон тээвэр лүү үе шаттай шилжиж байна.

“Нарлаг Монголын малчин өрх” хөтөлбөрийн хүрээнд малчин өрхүүдийн амьжиргаа, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн хүртээмж, экспортын өрсөлдөх чадварыг нэг цогц тогтолцоонд уялдуулахыг зорьж байна. Бидний зорилго бол бэлчээрээ хамгаалж, экосистемээ нөхөн сэргээж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн орон нутаг эдийн засгийн үр шимийг хүртдэг тогтолцоо бий болгох явдал юм” гэв.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд COP17 хуралд оролцож буй улс орон, байгууллагууд, хувийн хэвшлийнхний павильонтой танилцлаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд Н.Учрал “Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд айл өрхүүд нарны эх үүсвэр ашиглан хэрэглээгээ хангаж, илүү гарсан эрчим хүчээ төвийн бүсийн системд нийлүүлж, орлого олох боломжтойг харуулж чадлаа.

Манай Засгийн газрын үед сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг зохион байгууллаа. Таван аймагт эх үүсвэр барьж байна. Өдгөө хоёр станцын гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Гадаадын улс орнууд манайхаас туршлага судлах сайн санаачилга байна хэмээн хүлээж авч буйд талархалтай байгаа” хэмээв.
Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож буй, энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх COP17 хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа эрчим хүчний дэд бүтэц, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах уулзалтуудад оролцож, “Эрчим хүчний ногоон шилжилт” сэдвээр танилцуулга хийнэ.
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна
Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"
ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилж, МАХН-ын гурван сайдын квотыг М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт хувааж өгөхөөр тохирчээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.