Эрчим хүчний сайдын дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратеги (2026-2050)-ийн төслийг хэлэлцэж, салбарын урт хугацааны хөгжлийн бодлого, хэрэгжилтийн үндсэн чиглэлээр санал солилцлоо.
Хуралдаанаар Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэглээний өсөлт, дулаан хангамжийн тулгамдсан асуудал, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын шаардлага болон эрчим хүчний шилжилтийн үндсэн хувилбаруудыг танилцуулав.

Стратегийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хувийг 2030-2050 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний импортын хамаарлыг эрс бууруулах, дулаан хангамжийн тогтолцоог шинэчлэх, хүлэмжийн хийн ялгарлыг суурь хувилбартай харьцуулахад 39.1 хувиар багасгах зорилтыг тусгаад байна.
Мөн 2026-2030 онд сэргээгдэх эрчим хүч болон батарей хуримтлуурын томоохон төслүүдийг хэрэгжүүлж, салбарын эрх зүйн орчин, зах зээлийн шинэчлэлийн суурийг бүрдүүлэхийн зэрэгцээ цаашид усан цэнэгт станц, устөрөгч, цөмийн эрчим хүч, бүс нутгийн эрчим хүчний худалдаа, экспортын төслүүдийг үе шаттай хөгжүүлэхээр төлөвлөөд буй.

Хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний бодлогын зөвлөлийн гишүүд стратегийн төсөлд тусгасан зорилт, арга хэмжээ, хэрэгжилтийн үе шат, хөрөнгө оруулалт, эрх зүйн шинэчлэлийн талаар санал, зөвлөмжөө илэрхийлж, баримт бичгийг холбогдох байгууллагуудын саналыг тусган улам боловсронгуй болгон дараагийн шатны хэлэлцүүлэгт танилцуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратеги (2026-2050) нь эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, салбарын урт хугацааны бодлогын үндсэн баримт бичиг юм.
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна
Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"
ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилж, МАХН-ын гурван сайдын квотыг М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт хувааж өгөхөөр тохирчээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.