
-УИХ-аар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч бие даасан хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрхийг хамгаалахаас гадна анагаах ухааны салбарт дэвшилтэт том бодлого, үйл ажиллагаа явуулах боломж нээж өгч байгааг хууль санаачлагчид онцолсон. Ер нь хууль батлах үйл явц, хэрхэн өрнөж, ямар судалгаа хийж ажиллав?
-Ж.Чинбүрэн нарын гишүүдийн хамтаар 2025 онд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Миний бие хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэн баталтал ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Монгол Улсад Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг зохицуулсан бие даасан анхдагч хууль буюу хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хууль батлагдсан гэдгээрээ онцлог. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт олон маргаан дагуулсан асуудал гарсан учраас тал бүрээс нь судалж, хуульд үр дүн, ач холбогдлыг нь тусгахыг хичээлээ. Хуулийг анх өргөн барьснаас хойш нийтдээ 75 зарчмын зөрүүтэй санал гарч, бүгдийг нь засч сайжруулсан. Хуулийн гол үзэл баримтлалын хувьд, анагаахын шинжлэх ухаанд дэлхий дахинаа 1963 оноос хойш эрхтэн шилжүүлэх эмчилгээ, мэс заслыг хийж эхэлсэн байдаг. Дараагаар нь 1968 онд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж болдог юм байна гэдэг нээлтийг хийсэн байна.
Монгол Улс 1996 онд анхны эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийж байсан. Өдгөө 30 жил болж байна. Анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд хийсэн байдаг. Одоо 20 жил болж байна. Гэтэл тухайн үед хууль эрх зүйн орчин ямар байв.
Өнгөрсөн 2018 онд Цусны донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэхтэй холбоотой тодорхой хэдэн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр тусгасан ч хууль эрх зүйн хүрээнд дутмаг гэдэг нь Гавьяат эмч П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал дээр тодорхой харагдсан. Сүүлд шүүхийн байгууллагаас зөв зүйтэй шийдвэр гаргаж, П.Батчулуун эмчийг цагаатгасанд талархалтай байна. Би өөрөө дэд ажлын хэсгийг байгуулж, мэргэжлийн эмч, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл, донороо хүлээж байгаа өвчтөн зэрэг олон талын төлөөллийг багтаан нийт 15 удаа хуралдсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн нийт мэс заслын 90 орчим хувийг амьд донороос эрхтэн шилжүүлсэн байна. Харин үлдсэн 10 хувь нь амьгүй донороос эрхтэн шилжүүлжээ. Тиймээс амьд донорыг хамгаалж, амьгүй донорыг илрүүлэх нь чухал юм байна гэдэг асуудал хөндөгдсөн. Нэг амьгүй донор найман хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Нөгөө талаас хүн хорвоогийн мөнх бусыг янз бүрийн шалтгаанаар үзүүлж байна. Нэгэнт бурхны оронд одсон хүн элэг нэгтнийхээ амь насыг аврах нь их буянтай үйлс юм гэдэг талаас нь харж, хуулийн зүйл заалтыг нь боловсруулсан.
-Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардлыг хоёр сангаас олгож байсныг нэг сангаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна. Талийгаач нийгмийн даатгал төлдөг байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно гэж ойлгосон. Мөн талийгаачийн ар гэрээс нь донор болох эсэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар хуульд тусгасан бол?
-Энэ хуулийн үзэл баримтлалын 90 хувь нь Монгол Улсын нэгдэн орсон Истанбулын тунхаглалыг үндэслэж, тусгасан. Бид хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэх явцдаа ХЭҮК-той хамтран ажилласан. Тус комиссоос 22 саналыг ирүүлж, 100 хувь хуульд тусгасан бөгөөд эд эрхтэн болон хүний наймааны асуудлыг хааж өгөх тал дээр гол анхаарлаа хандуулж, ажилласан. Жишээлбэл, нэг иргэн нас барахаасаа өмнө донор болох эсэхээ өөрөө хүлээн зөвшөөрч болно. Ингэхдээ И-Монголиа систем рүү нэвтэрч, цахим үнэмлэх авах боломжтой. Тухайн байгууллага дээр нь очиж үнэмлэх авсан ч болно. Мэдээж тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой эмзэг мэдээллийг чанд нууцална. Тухайн хүн өөрийгөө донор болсон гэдгээ зарлах, зарлахгүй нь хувийн асуудал. Хамгийн гол нь нийцлийн хувьд эрүүл мэндийн байгууллага нуух ёстой. Мөн хэн нэгэн хүн ямар ч үед энэ саналаасаа татгалзаж болно.
Хэрвээ донор болохоосоо татгалзалгүй нас барсан бол гэр бүлд нь мэдэгдэнэ. Тэр хүн үнэхээр донорын шаардлага хангаж байвал эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Хэрвээ өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд гэр бүлийн гурван гишүүний зөвшөөрлийг бичгээр болон дуу хоолой, дүрс бичлэгээр авахаар хуульд заасан.
Ингэснээр тухайн хүний эрхтэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилнэ. Эдгээр зүйлийг баталгаажуулахаас гадна П.Батчулуун эмчийн кейс шиг зарим нэг эрхтэн, эд, эс шилжүүлэхдээ ойролцоох эдтэй нь хамт авч, бүрдүүлбэр болгодог тохиолдол бий. Гэтэл яг энэ асуудал дээр ойлголтын зөрүү үүсч, шөрмөс авахдаа чөмөгтэй нь авсан гэх асуудал үүссэн. Эдгээр зүйлүүдийг хуульдаа нэлээн нарийн тусгасан. Гэхдээ хууль батлагдах нэг хэрэг. Хуулиа соён гэгээрүүлж, танилцуулахад салбар яам болон нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хамтын оролцоо маш чухал юм.
Өнөөдөр нийгмийн даатгал төлж байсан хүнд оршуулгын зардал гэж гурван сая төгрөг улсаас нэг удаа олгодог. Дээр нь амьгүй донор болохыг зөвшөөрсөн тохиолдолд нийгмийн даатгал төлөгч, төлөгч бус байснаас болж маргаан үүсдэг байсан.
Хэрвээ даатгал төлж байсан нь нийгмийн даатгалын сангаас, даатгал төлдөггүй нь Эрүүл мэндийг дэмжих сангаас 4.5 сая төгрөг олгодог байсан. Тэгэхээр нь энэ бол нийгмийн даатгалтай огт хамаагүй асуудал учраас нэг удаагийн оршуулгын зардал болох гурван сая төгрөгөө авахаас гадна донор болж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх оршуулгын тэтгэмжийг ар гэрийнхэнд нь олгоно. Энэ мөнгийг Эрүүл мэндийг дэмжих тусгай сангаас олгох юм. Судалгаа хийхэд дундаж оршуулгын зардал 7-10 сая төгрөгт багтаж байна гэж үзсэн учраас төрөөс нийт найман сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон. Дээр нь нийгмийн даатгал төлдөг хүн байсан бол найман сая дээрээ гурван сая төгрөгийн тэтгэмжээ нэмж авна. Энэ мөнгөн дүн зарим хүнд чамлалттай санагдаж болох ч сайн дурын үндсэн дээр донор болох талаас нь хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, улсын төсөвт дарамт учруулахгүй байдлаар төсвийн асуудлыг зохицуулсан.

-Та сая нийт мэс заслын 90 орчим хувийг амьд донороос эрхтэн шилжүүлсэн бол үлдсэн 10 хувь нь амьгүй донороос эрхтэн шилжүүлсэн гэлээ. Энэ хууль батлагдсанаар амьгүй донорын тоо хэдэн хувиар нэмэгдэнэ гэдэг тооцооллыг хийсэн үү?
-Сүүлд 1000 гаруй хүн эрхтэн шилжүүлэх мэс заслыг хүлээж байна гэх тоон мэдээлэлтэй байсан. Нөгөө талдаа амьгүй донорын илэрц маш бага байдаг. Монголчуудын сүсэг бишрэл, зан заншил, соёл, уй гашууд автсан хүмүүсийн сэтгэл зүйн асуудал гээд энэ бол маш эмзэг сэдэв. Гэхдээ олон нийт энэ асуудлыг сүүлийн үед маш сайн ойлгож байна. Зөвхөн тархины цус харвалт гэдэг оноштойгоор хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүний тоо нэг жилд 3000 орчим байна. Эдгээр хүмүүсээс амьгүй донор болох боломжтой нь хэд байх вэ гэдгийг илрүүлэх нь чухал. Энэ хууль батлагдсанаар амьгүй донорын тоо шууд нэг өдөрт өсөхгүй. Гэхдээ илрүүлэлт, зөвшөөрөл, зохицуулалт, логистикийн процесс хуулиар тодорхой болсон тул 3 жилийн дотор 5–10 pmp, 5 жилийн дотор 15–20 pmp хүрэх зорилт тавьж байна. Тоогоор хэлбэл эхний шатанд жилд 18–35, дараагийн шатанд 53–70 амьгүй донор илрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой.
Энэ хуулийг ганцхан П.Батчулуун эмчийн кейс дээр үндэслэн, боловсруулсан гэдэг байдлаар хандаж болохгүй. Ер нь хуулийн гол зохицуулалт бол эмч, өвчтөн, донор гэсэн харилцааг зохицуулж байгаа учраас ажлаа хийснээрээ эмч хохирдог байж болохгүй. Эмч хүн бол хүний амь насыг аврах зорилготой ажиллаж байгаа шүү дээ. Амьд донорыг хамгаална гэдэг нь хэн нэгэн ойр дотныхоо хүний амь насыг аврахын тулд эрүүл эрхтнээсээ "тасалж" өгнө гэдэг маш том эрсдэл. Магадгүй тэр хүн амь насаа алдах хүртэл эрсдэлтэй учраас амьгүй донор хүлээх боломжгүй болсон үед яаралтай гэр бүл, ойр дотныхноос нь эрхтэн шилжүүлэхээр хуульд тусгасан.
Амь нас нь донор хүлээх боломжтой байна гэж үзвэл өвчтөн эмчилгээндээ хамрагдаад, хүлээлгийн жагсаалтад орох зохицуулалттай.
Олон улсын жишгээр эрхтэн шилжүүлэн суулгах салбарын гол үзүүлэлт нь нэг сая хүн тутам дахь амьгүй донорын тоо байдаг. Монгол Улс 2024 онд IRODaT-ийн бүртгэлээр таван амьгүй донор буюу 1.43 pmp түвшинд байсан бол Испани 2024 онд 52.6 pmp хүрч, Европын холбооны 2023 оны дундаж 22.9 pmp байлаа. Тиймээс бид эхний гурван жилд 5–10 pmp буюу жилд 18–35 амьгүй донор, таван жилийн дараа 15–20 pmp буюу жилд 53–70 амьгүй донор илрүүлэх зорилт тавих ёстой. Ингэж чадвал амьд донорын эрсдэлийг бууруулж, амьгүй донороос жилдээ 90–210 орчим эрхтэн шилжүүлэн суулгах боломжит суурь бүрдэнэ. Ер нь хүлээлгийн хугацаа наашилна гэсэн өндөр итгэл үнэмшил байна. Яагаад гэхээр амьгүй донор илрүүлэх процесс өөрөө их ойлгомжтой болж байгаа. Жишээлбэл, 21 аймгийн бүсийн оношилгооны төвүүд бүгд донор эмнэлгүүд болсон. Орон нутгийн эмч нар иргэдэд үйлчилж, тэнд хүний амь нас эрсдэж байгаа учраас тухайн эмнэлгийн багт донор илрүүлэх баг ажиллаж байна. Саяхан 2026 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр нэг амьгүй донор гарч, гурван хүний амь нас аварсан. Нэг донороос хоёр бөөр, элэг шилжүүлэн суулгасан бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс нь эсэн мэнд, эмчилгээндээ хамрагдаж байна. Элэг шилжүүлэн суулгахаар бол жагсаалтаасаа дор хаяж 20 хүн дууддаг. Нийцлийг нь үзэж, хамгийн түрүүнд таарч байгаа хүмүүсийг мэс засалд оруулдаг. Харамсалтай нь 20 хүн дуудсаны тал нь бараг донор хүлээж чадалгүй нас барсан байсан. Тэр жагсаалт нь өвчтөн эрүүл болж бус хүлээлгийн хугацаагаа дийлэхгүй нас барж байгаа нь туйлын харамсалтай.
-Хуулийн өөр бусад заалтуудаас онцолбол. Хүүхдэд эд, эс, эрхтэн шилжүүлэх зардлыг төрөөс даах болон тээгч эхтэй холбоотой зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?
-Өмнө нь мөрдөгдөж байсан хууль дээр амьд донорын нас 25 байсныг энэ удаа 21 болгосон. Хэлэлцүүлгийн үед 18 нас гэдэг санал гарч байсан. Жишээлбэл, 18 настай нэгэн хүү аавынхаа донор болох гэсэн боловч нас нь болоогүй гээд "Та хуульдаа энэ боломжийг нээж өгөөч" гэдэг хүсэлтийг тавьсан. Би “Хүн 18 нас хүрч Монгол Улсын иргэн болж, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн тодорхойлогддог боловч сэтгэл зүйн төлөвшил буюу шийдвэр гаргах төлөвшил дэлхийн жишигтээ 25 нас байдаг юм. Бид харин энэ хуульдаа 21 болгож бууруулсан. Тийм учраас 18 нас болгох боломжгүй. Ингэснээр гаргасан шийдвэртээ эргээд харамсахгүй, эрсдэлээ бүрэн дүүрэн ойлгох нас гэж авч үзсэн гэдэг" тайлбарыг хэлсэн. Харин амьгүй донорт нас заагаагүй. Энэ нь хүүхдэд эрхтэн шилжүүлэх боломжийг нээсэн гол заалт юм.
Дараагийн асуудал нь тээгч эх. Монгол Улсад тээгч эхийн хууль эрх зүйн орчин дутмаг байсан учраас энэ асуудал хуульгүй явж ирсэн. Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүн асан Ц.Оюундарь Тээгч эхийн тухай хууль санаачлаад өргөн барьж байсан ч УИХ-аар хэлэлцэн баталж чадаагүй. Тэгэхдээ энэ асуудлыг тусгайлан хуулиар зохицуулсан улс орон цөөн юм билээ. Гэр бүлийн тухай хууль болон Эрхтэн шилжүүлэх тухай хуульд шингээсэн байдаг. Монгол Улсын хувьд тээгч эхийг хуулиар зөвшөөрч байгаа. Ингэхдээ өнөөдөр эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаар ураг тээх боломжгүй, жирэмсэн болдоггүй гэсэн дүгнэлтийг заавал гаргуулснаар тээгч эх ашиглах боломжтой. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд магадгүй "Би таргалж, гоо сайхны алдана" гэдэг байдлаар тээгч эхийг ашигладаг байсныг хориглож байгаа юм.
Дараагийн нэг асуудал бол үр шилжүүлэн суулгах тухай. Сүүлийн үед гадаадын иргэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, үр шилжүүлэн суулгах тохиолдол нэмэгдэж байна. Энэ зүйл дээр хуулиар тодорхой хугацаа зааж өгсөн. Монгол хүний ген, үндэсний аюулгүй байдлын асуудал учраас гадаад хүнтэй гэр бүл болоод нэг жил болсон тохиолдолд үр шилжүүлэн суулгах эрх нь нээгдэнэ. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болж, гурван жилээс дээш хугацаанд хамт амьдарсны дараа бие биедээ эрхтэн шилжүүлэх боломжтой болох юм. Мөн бэлгийн эстэй холбоотойгоор Био банкинд хадгалдаг болсон. Дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн учраас гэр бүл төлөвлөлтөө хийж, хэрэв 2030 онд хүүхэдтэй болохоор бол хадгалуулсан бэлгийн эсээ шилжүүлэх бүрэн боломжтой. Өмнө нь нэг бэлгийн эсээ нэг төрөлтөд ашигладаг байсан бол одоо нэг бэлгийн эсийг 10 төрөлтөд ч ашиглаж болохоор Био банкийг байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэснээр Эс, эд, эрхтэн шилжүүлэх төвөөс гадна санхүүгийн өндөр чадамжтай хувийн эмнэлгүүд байгуулах боломж бүрдүүлсэн. Сайн үүлдрийнхээ хурдан удмынхаа морины генийг хадгалуулах боломжтой. Зөвхөн хүн гэлтгүй. Тэгэхээр маш том дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийг нээж өгч байна.
-Монголчууд хүнд өвчин тусахаараа л гадаад эмнэлгийг олноороо зорьдог. Тэгвэл энэ хууль батлагдсанаар эх орондоо эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийлгэж, гадаад руу явах урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой болж байна шүү дээ?
-Тухайн үед судалгаа хийж байхад өндөр дүн гарч байсан. Монголчууд нэг жилд 400 тэрбум төгрөгөөр гадаадад эмчлүүлэх зорилгоор явж байна. Энэ мөнгө эх орондоо үлдэх ёстой. Монголчууд аливаа өвчнийг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг. Гэхдээ бид өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай огт ойлголтгүй юм байна. Амьдралдаа биеийн тамир, спорт, зөв хооллолт, зөв дадал зуршлыг хэвшүүлэх нь чухал. Эдгээр зүйлүүдийг амьдралдаа хэвшүүлж, мөрдөөгүйгээс эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хүн ерөөсөө өвчнийг мөнгө гэж харсан тохиолдолд эрүүл мэнддээ анхаарах юм байна. Таны халааснаас гарах зардал гэж харвал хүн хүссэн, хүсээгүй эрүүл мэнддээ анхаардаг болно. Монголын эрүүл мэндийн салбарт итгэхгүйгээс гадна харилцаа, хүнд суртал гэх мэт шалтгаанаар гадаадыг зорих хүмүүс ч байна. Тодруулбал, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Турк, Герман, Япон, АНУ руу эмчилгээ хийлгэхээр олноороо явж байна. Тухайн улсуудын хувьд эмчилгээний зардал нь чанар үйлчилгээнээсээ хамаараад харилцан адилгүй. Зарим иргэд амь амьдралаа барьцаалан гадаадад эмчлүүлж байгаад гадаадад нас барах тохиолдол гарч байна. Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах хүртэл эмчилгээний зардал эрчимтэй өсч байгаад мэс заслын дараа зардал нь уруудаж эхэлдэг. Эрхтэн шилжүүлсний дараа уудаг дархлаа дэмжих эмийг улсаас үнэ төлбөргүй дааж байна. Аль болох Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аварч, хамгаалах ёстой.
Тэр утгаараа хуулиа амжилттай батлуулсан ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Хуулийг баталсан ч 2026 оны тавдугаар сарын 22-нд эцсийн найруулгаа сонсох ёстой.
Учир нь энэ хууль батлагдсанаар Цусны донорын тухай хууль хүчингүй болох юм. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нарын Цусны донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хугацаанд хууль эрх зүйн орчингүй байлгаж болохгүй учраас өнөөдөр Донорын хууль мөрдөгдөж байх ёстой юм. Энэ процессоо харж байгаад эцсийн найруулгаа Цусны донорын тухай хуультай зэрэг сонсохгүй бол хуульгүй байж болохгүй шүү дээ.
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд барьж байгаа Эс эд эрхтэн шилжүүлэх төвийн өргөтгөлийн барилгын ажил хэр явцтай үргэлжилж байна вэ?
-Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж байсныг статусыг нь өөрчилж, салбар яамны дэргэд газрын статустай мэргэжлийн хороо болгосон. Хорооны зүгээс бодлого гаргаж, УНТЭ-ийн хашаанд шинээр баригдаж байгаа Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв нь гүйцэтгэх ажиллагааг хариуцаж явна. Жишээлбэл, бөөрний донор хүлээж, долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригт диализын аппаратад ордог олон өвчтөн байна. Энэ аппаратад орохоор өвчтөн маш их ядардаг учраас өөр хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй. Мягмар, Пүрэв гаригтаа шинжилгээ өгч, биеэ хянуулах гэхээр эмнэлгийн цаг нь олддоггүй. Тэгэхээр энэ шинэ төв ашиглалтад орсноор донорууддаа эмчилгээ үйлчилгээг тогтмол хийж, хяналт тавих юм.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэх мэс заслын зургаан баг бий. Энэ багуудаа нэгтгэж, чадамжийг нь дээшлүүлэх хэлбэр рүү оруулахаар төлөвлөж байна.
Ер нь Монголын эмч нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ч эх орондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Бид өөрсдөө эмч нартаа итгэхгүй байна гэсэн үг. Энэ бол эмч нарын буруу биш. Тухайн салбарыг чиглүүлж байгаа бодлогын байгууллага зөв зохицуулалт, зөв менежментийг хийж чадаагүйгээс ийм нөхцөл байдал үүсээд байна. Эмч нарын буруутай үйлдлээс болоогүй. Жишээлбэл, "Сонгдо" эмнэлгийн эмч нар Азийн улс орнууд болон БНСУ-д очиж зүрхний мэс заслыг хийж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн эмч нар, чадварлаг баг хамт олон Монгол Улсад байгаа юм байна. Харин хууль эрх зүйн орчин, салбарын бодлого дутмаг байгаагаас энэ асуудал гацаж байсан гэдгийг өнгөрсөн хугацаанд олж харсан.
Гэрэл зургийг Б.Батцагаан
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
Эвсэл задрахад хүрч, сонгуулийн хуулийг өөрчилсөн өдрүүд
АН-тай "сүжирсэн" дарга нарынхаа өмнөөс бичиг явуулсан ИЗНН-ыг СЕХ бүртгэж авсангүй
Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга "хадарч" явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.