|

Орон сууцны дэмжлэг авсан УИХ-ын 40 гишүүний нэрийг ил болго!

2026 оны 5-р сарын 11

2024 оны сонгуулийн дараа бүрдсэн шинэ парламентын талаар олон нийтэд ил болсон нэг мэдээлэл нийгмийн бухимдлыг дахин өдөөв. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн “орон байрны дэмжлэг” авсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс хальж, ёс зүй, шударга ёсны асуудал болон хувирч байна. Албан ёсны тайлбараар бол эдгээр гишүүд Улаанбаатар хотод орон сууцгүй, орон нутгаас сонгогдсон хүмүүс аж. Гэвч хамгийн гол асуудал нь тэдэнд дэмжлэг олгосон эсэхдээ бус, харин энэ бүхнийг ямар үндэслэлээр, ямар шалгуураар, хэний мөнгөөр шийдвэрлэсэн бэ гэдэгт оршиж байна.

УИХ-ын Тамгын газар хаврын чуулганы үеэр энэ асуудлыг олон нийтэд ил тод мэдээлнэ гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр хүртэл хэн хэн ийм дэмжлэг авсан нь нууц хэвээр байна. Чимээгүй өнгөрөөх тусам хардлага улам зузаарна. Ил тод байдал байхгүй газар итгэл улам алсардаг. Тэр тусмаа иргэдийн татвараар санхүүждэг төрийн байгууллагад бүр ч үгүй.

Монголд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бий. Энэ бол зөвхөн ахуйн сургааль биш, төрийн ёс зүйн философи юм. Гэтэл өнөөдөр өөрийн амьдралын наад захын хэрэгцээ болох орон сууцны асуудлаа шийдэж чадаагүй хүмүүс төрийн дээд байгууллагад сонгогдон ажиллаж, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр хувийн өмчтэй болж суугаа нь ямар логик вэ? Хэрэв төрд ажиллахын тулд эхлээд төрөөр өөрийгөө тэжээлгэх шаардлагатай болдог юм бол энэ тогтолцоо өөрөө эрүүл бус байна гэсэн үг.

Энд нэг чухал ялгаа бий. Төрийн албаны тухай хуулийн 61.1.5-д “орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлж болно” гэсэн зохицуулалт байдаг. Гэхдээ энэ нь төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарах зохицуулалт. Харин УИХ-ын гишүүн бол сонгогддог улс төрийн албан тушаалтан. Тэд ард түмний төлөөлөл болохоос нийгмийн халамж хүртэгчид биш. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч өөртөө зориулж давуу нөхцөл бий болгож, татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулж байгаа нь эрх зүйн болон ёс зүйн маш том зөрчил юм.

Энэ асуудал Монголын улс төрд шинэ үзэгдэл ч биш. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас огцруулах улс төрийн тэмцэл өрнөж, өөрсдийгөө “шударга тав” хэмээн тодотгож байсан Л.Оюун-Эрдэнэ нарын улс төр ид хүчээ авч байх үед зарим гишүүдэд “орон байрны дэмжлэг” авах санал идэвхтэй тавигдаж байсан гэх яриа бий. “Өргөдлөө л өгчих, мөнгө нь данс руу орчихно” хэмээн шахаж, ятгаж байсан тухай тухайн үеийн парламентын хүрээнд ярьдаг хүмүүс ч бий. Хэрэв энэ үнэн бол орон сууцны дэмжлэг гэх зүйл нь нийгмийн баталгаа бус, харин улс төрийн нөлөөлөл, дэмжлэг худалдаж авах хэрэгсэл болж ашиглагдаж ирсэн байж болзошгүй гэсэн ноцтой асуулт гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, төрийн мөнгө зөвхөн халамжийн механизм биш, улс төрийн барьцаа, үнэнч байдлын “баталгаа” болж хувирдаг тогтолцоо Төрийн ордонд үүссэн үү гэдэг эргэлзээ эндээс төрж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрийг дэмжсэн гишүүн орон сууцтай болж, эсэргүүцсэн нэгэн нь хоосон үлддэг байвал энэ нь ардчилал биш, далд хэлбэрийн улс төрийн наймаа юм.

Энэ бол энгийн иргэдийн бухимдаж буй гол шалтгаан. Өнөөдөр Монголын дундаж өрх зээлийн дарамтад амьдарч байна. Залуу гэр бүлүүд ипотекийн босго давж чадахгүй, ахмадууд тэтгэврээрээ эм тариагаа арайхийж залгуулж, олон ээж хүүхдийн мөнгө хасагдах эсэхийг санаа зовнин хүлээж сууна. Татвар нэмэгдэж, үнэ өсөж, амьдралын өртөг өдөр бүр чангарч байхад төр “мөнгө байхгүй” гэж иргэддээ тайлбарладаг. Гэтэл нөгөө талд нь хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэх орон сууцны дэмжлэгийг хууль тогтоогчид өөрсдөдөө чимээгүйхэн шийдчихдэг байж болох уу?

УИХ-ын гишүүн байна гэдэг яг ямар онцгой эрх вэ? Төрд ажиллаж байгаа учраас бусдаас илүү тав тух эдлэх эрх үү, эсвэл олон нийтийн өмнө илүү өндөр хариуцлага хүлээх үүрэг үү? Ардчилсан нийгэмд парламент бол давуу эрхийн клуб биш. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой институц. Хэрэв хууль тогтоогчид өөрсдөдөө зориулсан “хаалттай хангамжийн систем” бий болгож эхэлбэл төр иргэдээсээ ёс суртахууны хувьд тасарч эхэлдэг.

Нийгмийн хамгийн том аюул бол ядуурал биш. Харин шударга ёс алдагдсан гэх мэдрэмж юм. Иргэд “төр бидний төлөө биш, өөрсдийнхөө төлөө ажиллаж байна” гэж ойлгож эхэлбэл итгэл нурж эхэлдэг зүй тогтол бий. Итгэл нурсан нийгэмд хууль ч үнэгүйддэг, төр ч нэр хүндгүй болдог.

Тиймээс энэ асуудал дээр парламент тайлбар хийхээс зугтах биш, харин нээлттэй мэдээлэх ёстой. Хэн энэ мөнгийг авсан бэ, ямар шалгуураар олгосон бэ, эргэн төлөгдөх нөхцөлтэй юу, эсвэл шууд бэлэглэл үү гэдгийг нийтэд ил тод зарлах хэрэгтэй. Учир нь энэ мөнгө бол төрийн мөнгө биш. Иргэдийн мөнгө.

Төрөөс хамгийн түрүүнд тансаглах ёстой хүмүүс нь эрх мэдэлтнүүд биш, харин иргэд нь байх учиртай.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Н.Учрал барьцаа ахиулж Хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна7 цаг 10 минутын өмнөОрон сууцны дэмжлэг авсан УИХ-ын 40 гишүүний нэрийг ил болго!8 цаг 46 минутын өмнөБаабар: Тэмбүүнээс хорт хавдар хүртэл8 цаг 47 минутын өмнөХ.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино8 цаг 50 минутын өмнөНийслэлийн Засаг дарга хэн болох вэ?8 цаг 51 минутын өмнөН.Учрал унахгүйн тулд засагтаа АН-ыг урьж 6-8 яамыг УИХ-ын даргын суудлын хамт амлажээ8 цаг 52 минутын өмнө“Бодь”-ийн 110 сая доллар дээр улс төрийн тохироо хийгдээд Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А.Амундра мэдээллээ зогсоожээ8 цаг 53 минутын өмнөМАН-ын зодоон эцэстээ том төслүүдээ татан унагаж эхэллээ8 цаг 55 минутын өмнөОрмузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна8 цаг 58 минутын өмнөО.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”8 цаг 59 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль” хэлэлцэгдэж амжаагүй байхдаа үр дүн үзүүлж эхэлжээ9 цагийн өмнөН.Учрал: Өгөөжид юуг хамруулах, өгөөж гэж юуг ойлгох вэ гэдгийг хуульд нарийвчлан тусгана9 цаг 3 минутын өмнөХантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ9 цаг 5 минутын өмнөӨмнөд Солонгосын авиа компаниуд түлшний үнийн өсөлтийн улмаас гадаад чиглэлийн 900 орчим нислэгээ түр зогсоожээ9 цаг 5 минутын өмнө126 гишүүний гарт 2027 оны сонгуулийн хувь заяа бий9 цаг 7 минутын өмнөАН-ынхан УНШИХЫГ ХОРИГЛОНО!9 цаг 8 минутын өмнөЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ9 цаг 10 минутын өмнөС.БАЯРЦОГТ: Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа5 сар 8. 14:23О.Мандахзориг: Эдийн засаг нь хөгжиж буй Орхон, Дархан, Өмнөговь, Дорноговь руу бусад аймгаас шилжиж очих нь нэмэгдсэн5 сар 8. 14:19Г.Дамдинням: Шатахууны хомсдолд орохгүйн тулд Засгийн газраас яаралтай хуулийн төслийг дахин өргөн барина5 сар 8. 14:16Д.Алтанцэцэг: Зарим хүнд Газрын тос боловсруулах үйлдвэр хэрэггүй бололтой5 сар 8. 14:12Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилгоо хатуу баримтлан ажиллах болно5 сар 8. 14:08Д.Амарбаясгалан: Намайг МАН-аас өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгөх саналыг ХЕХ-ноос тавьсан5 сар 8. 14:00Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 13:572000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг5 сар 8. 9:34Баячууд тоохгүй, борчууд дийлэхгүй орон сууц баригдсаар5 сар 8. 9:26МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны TOP-15-д эрэмбэлэгджээ5 сар 7. 11:49Татварын хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 7. 11:39Ерөнхий сайд Н.Учрал: Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно5 сар 7. 11:36Э.Бат-Үүл: Монголчуудын ганц аврал нь Ардчилсан нам5 сар 7. 11:26

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.