УЛААН ТАРИА
1950-иад оны дундуур арьс өнгөний өвчин, ялангуяа тэмбүүний эсрэг эмнэлэгийн кампанит ажил улс орон даяар өрнөж бараг бүх хүмүүсийг “улаан тариа” гэж тэр үедээ нэрлэгдсэн тариагаар эмчилсэн. Энэ тариаг оросууд "Красный стрептоцид" гэж нэрлэдэг байсан, уг нь дэлхийд тархсан шинжлэх ухааны нэр нь пронтозил юм. 1935 онд германы эрдэмтэд нийлэгжүүлж гаргаж авсан сульфонамидын бүлгийн анхны бактерийн эсрэг эм.
Энэ нь биед идэвхтэй "цагаан стрептоцид" (сульфаниламид) болж хувирдаг азо будагч бодис бөгөөд стрептококкийг устгадаг. Орчин үед антибиотикт байр сууриа тавьж өгснөөр одоо бараг ашиглагдахаа больсон.
Пронтозил нь анхны сульфаниламид бүлгийн бактерийн эсрэг эм бөгөөд ихэвчлэн стрептококк зэрэг грам-эерэг бактерийн халдвар болох шарх, халууралт, төрсний дараах халдварт үйлчилдэг. Харин тэмбүү өвчин нь Treponema pallidum гэдэг спирохет төрлийн нянгаар үүсдэг учраас ийм төрлийн халдварт пронтозил үр дүнгүй. Тэмбүүгийн анхны үр дүнтэй эм бол 1910 онд гарсан Salvarsan байсан, гэхдээ найрлагад нь хүнцэл ордог тул хортой. Дараа нь 1940-өөд онд пенициллин гарч ирснээр тэмбүүг илүү найдвартай эмчилдэг болжээ. 1930–1950-иад онд дэлхий даяар, түүний дотор ЗХУ, Монгол хадварт өвчин болох шарх, уушигны үрэвсэл, тэмбүү зэрэгт хэрэглэгдэж байв. 1950-иад онд Монголд пронтозилийг тэмбүү зэрэг бэлгийн халдварт өвчинд үргэлжлүүлэн хэрэглэж байсан нь “хоцрогдол” гэхээс илүү тухайн үеийн эдийн засаг, тээвэрлэлт, эрүүл мэндийн тогтолцооны бодит нөхцөлтэй холбоотой. Пенициллин 1940-өөд онд нэвтэрсэн ч үйлдвэрлэл нь нарийн технологи шаардсан, хадгалалт нь хөргөгч шаарддаг байв.
Монголд тухайн үед дотоодын үйлдвэрлэл байгаагүй, ЗХУ-аас нийлүүлэлт хязгаарлагдмал, үе үе тасалддаг байж. 1950-иад оны Монгол нь өргөн уудам нутаг хүн амын ихэнх нь нүүдэлчин, тархай суурьшилтай, зам тээвэр сул хөгжсөн, эмч, сувилагчийн тоо бага, олон газар бага эмч ажиллаж байсан.
Иймээс эмч нарын гар дээр сульфа эмүүд илүү тогтвортой. Гэтэл пенициллин нь зөв тун, давтамжтай тарилга шаарддаг, харшлын урвал үүсэх эрсдэлтэй хөргөлт шаарддаг, олон удаагийн тарилга хийх хэрэгтэй. Монголын эмийн хангамж зөвхөн ЗХУ-аас хамааралтай байсан. ЗХУ-д 1930–40-өөд оноос пронтозилийг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан бол пенициллин эхэндээ цэргийн болон том хотын зарим эмнэлгүүдэд илүү чиглэсэн олдоц муутай учир хөдөө орон нутагт хүрч чадахгүй байж. 1950-иад онд Монголд тэмбүү болон бэлгийн замын бусад халдварт өвчин өргөн тархсан байсан. Тиймээс төрөөс том хэмжээний эрүүл мэндийн кампанит ажил өрнүүлж пронтозил зэрэг тухайн үеийн олдоцтой эмээр эмчилгээ хийж, хүн амыг бөөнөөр нь тарилгаар эмчилж байсан. Яаралтайгаар олон хүнийг хамруулах эмчилгээ шаардлагатай тул “хамгийн үр дүнтэй” эм биш, харин “хамгийн хүртээмжтэй эм” илүү чухал байсан юм.
ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР
Тэр үед нэг удаагийн тариур, зүү байгаагүй, ариутгалын стандарт сул, нэг тариурыг олон хүнд дараалан хэрэглэдэг байжээ. Ийнхүү халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байсан тул, цусаар дамждаг өвчнүүд, ялангуяа гепатит маш хурдан тархсан. 1960 он гэхэд Монголд элэгний архаг өвчлөл эрс нэмэгдэв. Гепатит B 1965 онд, гепатит C 1989 онд дөнгөж нээгдсэн болохоор тухайн үед эдгээрийг тус тусад нь оношлох боломж байхгүй байж.
Гепатит B, C нь олон жил шинж тэмдэггүй явдаг, архаг хэлбэрт аажмаар шилждэг, элэгний эсийг удаан хугацаанд гэмтээдэг. Үүнээс болж архаг гепатит, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх дарааллаар гүнзгийрдэг.
Өнөөгийн нөхцөлд Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг, хүн амын дунд гепатит B, C-ийн халдварын тархалт өндөр хэвээр. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс нь түүхэн тариурын халдвар, 1990-ээд он хүртэл цусны шинжилгээ сул байсан, архины хэрэглээ, хожуу оношлогоо. Тухайн үед анагаах ухаан зөвхөн гепатит А буюу халдварын шар мэддэг байсан тул хий дэмий л тэрний эсрэг арга хэмжээ авч байлаа. Гепатит А" нь вирусээр үүсгэгддэг, бохир ус, хоол хүнсээр дамждаг элэгний цочмог халдварт өвчин юм. Ихэвчлэн шарлалт, сульдаа, хоолны дуршил буурах шинж тэмдгээр илэрдэг бөгөөд 15-30 хоногийн нууц үетэй. Халдварт шар өвчин өөрөө эдгэрдэг, архагшдаггүй, дахидаггүй.
Цөсний үйл ажиллагаанаас зэргээс болж арьс шарлах мэтээр В ба С вирустай адилхан гадаад шинж тэмдэг үзүүлдэг болохоос огт өөр, хавьгүй хөнгөн өвчин. Хорт хавдар өвчний хувьд энэ нь газарзүй, байгаль орчин, тухайн үндэстний зан заншил, хооллох соёл зэргээс хамаарч давамгайлах хавдрын төрөл улс орон бүрд янз бүр байдаг.
Төв Азийнхан, түүний дотор монгол үндэстний дотор олон зуун жилийн турш хоол цайг хэт халуунаар нь хэрэглэдэгээс болж улаан хоолойн өмөн үү, шингэц муутай мах голлон хэрэглэдэгээс ходоодны хавдар зонхилдог байжээ. Эхнийхийг нь “нарийнтах”, дараагийнхыг нь “бадгана” гэж тусгайлан нэрлэдэг нь элбэг өвчин учир. Өмнөд Африк, Шинэ Зеланд, Австралид цагаан арьстнуудын дунд арьсны хорт хавдар их атал Монголд бараг байхгүй. Сэрүүн бүсийн солонгосчууд ходоодны хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг нь тэдний халуун ногоо их хэрэглэдэгээс болдог гэх. 1950-иад оны сайн санааны эрүүл мэндийн кампанит ажил нь тухайн үедээ тэмбүүг бууруулахад үр дүн өгөөгүй, харин ч ариутгалын дэглэмийн дутагдал, нэг тариурын олон хэрэглээ зэргээс шалтгаалан гепатитын “чимээгүй тахал” эхэлсэн юм. Энэ нь хэдэн арван жилийн дараа элэгний хорт хавдрын өндөр түвшинд хүрэх суурь болсон гэж эрдэмтэд үздэг. Сүүлийн жилүүдийн ДЭМБ, үндэсний судалгаа, скрининг хөтөлбөрүүдийн дундаж үнэлгээг нэгтгэвэл, гепатит B нь насанд хүрэгчдийн дунд 8-11%, гепатит C нь насанд хүрэгчдийн дунд “8-15%”, 40-өөс дээш насанд тэрнээс ч илүү өндөр байна. Энэ нь дэлхийн дундаж (HBV ~3–4%, HCV ~1%) -аас хэд дахин өндөр үзүүлэлт юм. 100 мянган хүн тутамд 70-90 тохиолдол илэрч байна.
Сүүлийн жилүүдийн ахиц гарч байгаа нь гепатит B-ийн вакцин нярайд хийдэг болсон, гепатит C-ийг бүрэн эмчлэх эмүүд гарсан, улсын хэмжээнд илрүүлэг, эмчилгээний хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэвч зөвхөн 1950–60-аад оны тариурын асуудал өнгөрөөд 70 гаруй жил буюу хүний 2-3 үе өнгөрчихөөд байхад, яагаад одоо хүртэл өндөр байна вэ?
1950–1990 онд халдвар авсан хүмүүс одоо 40–70 насныхан болсон, архаг халдвартайгаа олон жил явсан, одоо хорт хавдар болж илэрч байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн өндөр өвчлөл нь 30-50 жилийн өмнөх халдварын үр дагавар. Зөвхөн 1950-аад он биш, 1980–90 он хүртэл цус сэлбэлт хангалттай шалгагддаггүй, шүд, мэс засал, тариурын ариутгал муу байлаа. Энэ нь гепатит В, С тархалтыг улам нэмэгдүүлсэн. Гепатит нь шинж тэмдэггүй 10–30 жил явна. Ихэнх хүн цирроз эсвэл хавдар болсон хойно оношлогддог. Эхээс урагт дамжих гепатит В ч өмнө нь төрөх үед вакцин хийдэггүй байсан учир эх үрийн хооронд дамжих явдал түгээмэл байв. Одоо нярайн вакцинжуулалт сайн болсон ч гэсэн өмнөх үеийн халдвар үлдсэн. Монголд гепатит өндөр хэвээр байгаа нь ганцхан шалтгаантай биш, харин “3 давхар хүчин зүйл” буй нь 1. Түүхэн халдвар (1950-1990), 2. Архаг халдварын удаан явц. 3. Орчин үеийн нэмэлт эрсдэлүүд (архидалт, хожуу онош). Иймээс Монгол нь архаг гепатитийн хуримтлагдсан нөөцтэй улс!
Гепатит В нь цус, бэлгийн зам, эхээс урагт халдвар дамждаг, архагших магадлал 10%, бүрэн эдгэдэггүй, хорт хавдрын эрсдэл өндөр. Гепатит С үүнээс ялгаатай нь цусаар халдвар дамждаг, архагших магадлал 80%, гэвч бүрэн эдгэх бололцоотой, хорт хавдрын эрсдэл маш өндөр.
Гепатит В вирус биед байгаа эсэхийг илрүүлдэг HbsAg шинжилгээ маш чухал. Хэрэв вирус их, элэг гэмтэж эхэлсэн, шинжилгээ муу гарсан бол ихэвчлэн Tenofovir, Entecavir эмийг хэрэглэдэг. Эдгээх эм гепатит В-г бүрэн устгахгүй ч вирусыг дарна, удаан хугацаанд уудаг. Эмийн үнэ Tenofovir сард 30 – 80 мянган ₮, Entecavir сард 80-150 мянган ₮. Зөв хяналттай бол олон жил хэвийн амьдарч болно. Бусдад халдаахаас сэргийлж бэлгийн хамгаалалт болон цус, шүдний хэрэгслэл бусадтай хуваалцахгүй байхад онцгой анхаарах. Нэг үгэндээ шинжилгээгээр гепатит В вирус биед байгаа нь илэрвэл шууд аюултай гэсэн үг биш, зөв хяналттай бол удирдаж болдог өвчин.
ТЭМБҮҮ
1930-аад онд, бас 1950-аад онд Монголд Бэлгийн замын халдварт өвчлөлийн талаар зөвхөн зорилтот бүлэгт судалгаа хийсэн. Үүнийгээ хожим нь социализм Монголд тэмбүү өвчнийг хэрхэн бүрэн устгасан талаар хуурамч суртал нэвтрүүлэгт өргөн ашиглажээ. Үнэндээ антибиотик гарахаас өмнө тэмбүү өвчин дэлхий даяар их тархмал байжээ.
Антибиотик, ялангуяа пенициллин нэвтрэхээс өмнөх үед тэмбүү нь зөвхөн Монголд биш, бараг бүх тивд өргөн тархсан, архаг явцтай халдварт өвчний нэг байсан. Тэр үеийн “тархалт” гэсэн ойлголт өнөөдрийнх шиг нарийн бүртгэл, лабораторийн баталгаанд тулгуурладаггүй байсан учраас ихэвчлэн түүхэн баримт, эмнэлгийн тэмдэглэл, цэргийн бүртгэл, хотын эрүүл мэндийн тайлангаас ерөнхий дүр зураг гаргадаг.
XIX зуунаас XX зууны эх хүртэл Европ, Хойд Америкт насанд хүрсэн хүн амын 10–15% орчим нь амьдралынхаа аль нэг үед тэмбүүгээр өвчилж байсан гэж судлаачид таамагладаг. Зарим томоохон хотуудад энэ хувь бүр өндөр байсан. Цэрэг арми, боомтын хотууд, аж үйлдвэрийн төвүүдэд тархалт илүү их байжээ. Африк, Ази, Латин Америкт ч адилхан тархалттай байсан ч бүртгэл бага тул яг тоо тодорхой биш. Англи, Вэльст 1910 он орчимд насанд хүрэгчдийн 10–15% орчим нь идэвхтэй халдвартай гэж үнэлэгдсэн. XVIII зууны Лондонд 35 нас хүрэхэд хүмүүсийн 20% нь тэмбүү туссан байсан гэсэн түүхэн тооцоо бий. Европ даяар хотын хүн амд өвчлөл илүү өндөр гэж үздэг. ЗХУ-ын хувьд 1917 оноос өмнө тэмбүү “өргөн тархсан”, хяналтын систем бараг байгаагүй. 1928 оны Буриадад хийсэн судалгаагаар 42–63% (!) хүн ам халдвартай байсан нь дэлхий дээрх хамгийн өндөр бүртгэгдсэн тархалтын нэг. Энэ өндөр хувь нь тусгаарлагдсан бүс, эрүүл ахуйн нөхцөл муу, эмнэлгийн үйлчилгээ бараг байхгүйтэй холбоотой. Ингээд ЗХУ дараа нь масс шинжилгээ, албадан эмчилгээ, суртал ухуулга эхлүүлсэн. Гэхдээ эдгээр өндөр хувь нь бүх ЗХУ-д биш, харин “халдвар ихтэй бүсүүдийн судалгаа” гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бэлэгсийн халдварт өвчин монголчуудын дунд нэлээд тархсан байв. 1926 онд хийсэн шинжилгээгээр 8 744 хүнээс 1 544 нь бэлэгсийн өвчтэй байв. 1927 онд доктор Шастины үзлэгээр 28,8 хувь, 1938 онд доктор Лейний үзлэгээр 33 хувь нь бэлэгсийн өвчтэй байлаа.
Юутай ч хүн амын хориос доошгүй хувь нь заг, хүйтэн, трихомоноз, тэмбүү зэрэг өвчнөөр халдварлагдсан байсан бололтой. Тэгээд ч судалгаа сэжиг бүхий зорилтод бүлэгт хийсэн болохоос нийт хүн амд хамаагүй. 1958 оны тавдугаар сард МАХН, Сайд нарын зөвлөлөөс “Монгол улсад арьс өнгөний өвчнийг устгах тухай” хамтарсан тогтоол гарч өнгөний өвчинтэй тэмцэх 35 отряд томилон ажиллажээ. Үүний өмнө 1952-1955 онд бэлэгсийн замын өвчинтэй тэмцэх долоон удаагийн отряд гарч орон нутагт ажилласан юм. 1930-аад онд ба 1950-аад онд Монголд бэлгийн замын халдварт өвчлөлийн талаар зөвхөн зорилтот бүлэгт судалгаа хийсэн. Үүнийхээ тоон үзүүлэлтийг хожим нь нийт хүн амд хамааруулан, социализм Монголд тэмбүү өвчнийг хэрхэн устгасан талаар үзэл суртлын суртал нэвтрүүлэгт хуурамчаар өргөнөөр ашигласан. Үнэндээ Монгол дахь тэмбүү өвчний тархалт тухайн үеийнхээ дэлхийн дундаж хавьцаа байсан бололтой.
Тэр үед дэлхий даяар тэмбүү өвчний тархалтыг нэмэгдүүлсэн гол хүчин зүйлс нь, хотжилт, шилжилт хөдөлгөөнөөр хүмүүс улам олноор бөөгнөрөх болсон, цэрэг, далайчид, ажилчин ангийн дунд олон хамтрагчтай бэлгийн харилцаа их, бэлгийн боловсрол дорой, хамгаалалт бараг байхгүй, өвчтэй хүмүүс нуугдаж, эмчилгээ авахгүй байх нь элбэг.
Пенициллинээс өмнө эмчилгээ нь мөнгөн ус (маш хортой), 1910 оноос Salvarsan гэх анхны “зорилтот” эм боловч найрлагад нь хүнцэл ордог, төгс биш эм байлаа. Эдгээр нь бүрэн эдгээхгүй, заримдаа илүү хор хөнөөлтэй байсан. Иймээс халдвар архаг хэлбэрт шилжиж, олон жил үргэлжилдэг байв. Тэмбүү нь үе шаттай (анхдагч, хоёрдогч, гуравдагч) тул олон хүн шинж тэмдэггүй үедээ халдвар тараадаг байсан. Мөн эхээс урагт дамжих төрлөхийн тэмбүү их байжээ. 1940-өөд онд пенициллин нэвтэрснээр тэмбүүг богино хугацаанд бүрэн эмчлэх боломжтой болж, дэлхий даяар өвчлөл огцом буурсан. Энэ өөрчлөлт нь олон улс оронд (зөвхөн социалист орнуудад биш) ажиглагдсан. Тиймээс ХХ зууны дунд үеийн “огцом бууралт” нь ихэвчлэн эмчилгээний технологийн дэвшил (пенициллин)-тэй шууд холбоотой бөгөөд зөвхөн нэг улс, нэг системийн үр дүн гэж тайлбарлах нь хэт нэг талтай ойлголт.
ҮР ДҮН
Монголд 1960–1980 онд тэмбүү өвчнийг бүрэн “устгасан” гэж зарласан статистик нэлээд маргаантай. Энэ нь шууд утгаараа өвчин бүрэн алга болсон гэсэн үг биш, харин тухайн үеийн статистик, улс төр, эрүүл мэндийн бодлогын нийлбэр үр дүн байсан. Социализмын үед “устгасан” гэдэг нь тархалтыг маш бага түвшинд хүргэсэн, олон нийтийн дунд хяналтад орсон, шинэ тохиолдол цөөн бүртгэгддэг болсон. Гэхдээ ингэж зарлахад улс төрийн нөлөө хамгийн гол нь байв.
Төрийг удирдаж буй намд нийгмийн амжилтыг харуулах статистик чухал байлаа. Халдварт өвчнийг “устгасан” гэж зарлах нь суртал ухуулгын ач холбогдолтой. Энэ үеийг бүхэлд нь “худал” гэж үзэх нь бас өрөөсгөл.
Пенициллинийг өргөн хэрэглэх болсон, бүх нийтийг хамарсан үзлэг, шинжилгээ хийх болсон, “диспансерийн систем”-ээр халдвартай хүнийг бүртгэж, заавал эмчлэх болон хөдөө орон нутагт хүртэл эмчилгээ хүргэх оролдлого зэрэг. Үүний үр дүнд тэмбүүгийн хүнд хэлбэрүүд эрс багассан, халдварын гинжин хэлхээг тасалсан.
Нөхөж баршгүй хамгийн том алдаа нь Монголд тэмбүү болон бэлэгсийн халдварт өвчний тархалт тухайн үедээ дэлхийн дундаж хавьцаа байхад тэрийгээ мэдэхгүйгээр илүүтэй улс төрийн суртал нэвтрүүлэгт голлон анхаарч кампанит ажлыг улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсгээр ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангалтгүйгээс болж хүнд хэлбэрийн архагших өвчин болох гепатит В, С-г бараг нийт хүн амд гүн шигтгэсэн явдал юм. Мэдээж энэ нь зориудын хорлон сүйтгэл биш. Гэвч сайн санаа болгон тустай биш, урьдчилж зөв тооцоологүй алхам хожим нь эдгэшгүй хор холбогдол үүсгэж болдгийн бодит жишээ юм. Сайн санааны үзүүрт тос гэсэн үг байдаг. Гэвч алсын хараагүй, судалгаа тооцоогүй сайн санаа үзүүртээ зүүтэй ч байж болох аж.
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
Эвсэл задрахад хүрч, сонгуулийн хуулийг өөрчилсөн өдрүүд
АН-тай "сүжирсэн" дарга нарынхаа өмнөөс бичиг явуулсан ИЗНН-ыг СЕХ бүртгэж авсангүй
Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга "хадарч" явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.