Авлига, албан тушаал, ард түмний амьдралыг сайжруулахын төлөө нэг нь нөгөөгийнхөө эсрэг гарч тэмцэлдсэн Ардын намынхны зэс нь цухуйж эхлэв. Үнэндээ тэд мөнгө, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байснаас ард түмэн, улс орны төлөө тэмцэлдэж, нэгнийгээ өшиглөж унагасан түүхгүй нам.
Сүүлийн хэдэн сар л МАН-ын дарга нар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар л ардын намынхаа хадны мангас болчихсон байв.
Хэдэн сар л Засгийн газрын тэргүүн, намын дарга, УИХ-ын дарга, Хотын даргын албан тушаалтай зууралдаж, тэднээс л муу хүнгүй байсан цаг саяхан. Мэдээж, ардын нам хоёр тал болж, талцсаны одоогийн ялагч тал нь Ерөнхийлөгчийн "баг" гэгддэг Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Учрал тэргүүтнүүд. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар гурвыг унагаж, одоо МАН-ын, төрийн эрх мэдэл Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Учрал нарынх болсон. Тиймээс намын, төрийн эрх мэдэл гартаа атгасан эдгээр эрхэмүүд одоо хүссэнээ хийж, хүссэнээ авч, хүссэн албан тушаалдаа хүн томилж, ёстой л эрх ямбаа эдэлж байгаа. Ардын намынхан ард түмэн, улс орны төлөө тэмцэлддэггүй гэдэг нь өдөр хоног өнгөрөх тусам илүү их тодорч байгаа нь гайхах зүйл биш.
БОР ТЭЭГИЙН ОРД Д.АМАРБАЯСГАЛАНГААС Я.СОДБААТАР, Н.УЧРАЛ, Ж.ЭНХБАЯР НАРТ ШИЛЖИВ
Уншигч та санаж байгаа бол саяхан л МАН-ын генсек, УИХ-ын дарга байсан Д.Амарбаясгаланг Бор тээгийн орд гэдэг автортой болгосон. Энэ ордыг Д.Амарбаясгалан хууль бусаар авсан, өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран эзэмшдэг гэх мэтээр олон нийтэд мэдээлэгдсэн. Энэ талаарх олон мэдээлэл олон нийтэд нээлттэй учраас энд нуршилгүй орхиё. Хамгийн гол нь Бор тээгийн ордыг төр мэдэлдээ аваад, гадаадын хөрөнгө оруулалт татахаар нээлттэй тендер зарласан.
Уг төслийн олон улсын тендерт нийт долоон аж ахуйн нэгж санал ирүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрийн хэмжээг 500 саяас нэг тэрбум ам.долларын хооронд санал болгосон байна.
Тендерийн дараагийн шатанд БНХАУ-ын Baowu Resourses, China Energy Materials & Technology Xuzhou болон China Risun Group /Hong Kong/компани шалгарч, Засгийн газартай нэмэлт хэлэлцээ хийжээ. Гэвч эдгээр компаниуд Засгийн газрын тавьсан үнэлгээний шаардлагыг хангаагүй тул Бортээгийн ордын олборлолтыг үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” ХХК өөрийн менежментээр зохион байгуулж, үндэсний туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид хэрэггүй, бид өөрсдөө менежментээ хийгээд явна гээд гадны хөрөнгө оруулагчдаа "хөөчихөж".
Төр оролцож, төр менежмент хийснээр ямар үр дүнд хүрдэг, юу болдог талаар бид Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгойгоос харж болно.
Ганцхан Тавантолгойгоос монголчууд ашиг хүртэж байгаа юу, улстөрчид ашиг хүртэж байгаа юу гэдэг дээр жишээлье. Өнөөдөр бид энэ ордыг ашиглаад хэдэн жил болж байгаа, иргэд зөвхөн ногдол ашиг авдаг болоод хоёрхон жил л болж байна. Тэгээд тэр ногдол ашиг нь аманд ч үгүй, араанд ч үгүй, иргэн бүрт тараасан хувьцаа нь ямар ч амьгүй, цаасан дээр байсаар хэдэн жилийн нүүр үзэв. Ийн байхад өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэг гэх том дуулианы гол баатар нь Эрдэнэс Тавантолгой, бүр түүний удирдлага холбогдож байв. Тэнд маш их хэмжээний авлигын асуудал яригдаж байсан ч ардын намынхан ганц хоёр хүнээр туг тахиад тэгсгээд намжчихсан байдаг. Ерөөсөө л төр өөрөө уул уурхайн менежментийг хийж чадах уу гэдгийг төрийн эзэмшлийн уул уурхайн компаниудаас анзаарчихад болно.
Төрийн эзэмшлийнх бол улстөрчдийн саалийн үнээ болж, сонгуульд ялсан намын хүний нөөцөө цалинтай залгуулдаг бүтэц болон хувирдаг ийм л тогтолцоотой байгаа.
Гэтэл Бор тээг гэх ордоо гадны хөрөнгө оруулалттай компанид менежментийг нь өгөөд төр татвар болон бусад ашгаа хүртээд сууж байх нь өнгөрсөн хугацааны туулсан зам харуулсан. Яагаад олон улсын долоон компаниас нэг нь Монгол Улсын Засгийн газрын шаардлагыг хангаагүй вэ гэдэг нь гайхаш төрүүлмээр. Тиймээс л ардын намынхан эрх мэдлийн мөнгөний төлөө тэмцэлдэж байсан гэж хардахад хүргэж байгаа юм. Бор тээгийн ордыг хувьдаа авсан МАН-ын генсек асан Д.Амарбаясгалангаас албан ёсоор Ерөнхий сайд Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, МАН-ын генсек Я.Содбаатар нарын мэдэлд шилжлээ хэмээн улс төрийн хүрээнд жиг жуг гэлцэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал менежментийг нь хийнэ гэдэг нь МАН-ынхан буюу түүний талынхан оролцож, шийднэ гэсэн үг.
Дахин хэлэхэд, хэдэн жилийн дараа Бор тээгийн орд ч гэсэн улстөрчдийн саалийн үнээ болчихсон, ард түмэн ашгийг нь бус ардын намынхан хүртсэн байх вий гэсэн болгоомжлол бий болгов.
СЭЛБЭ ТӨСӨЛ Х.НЯМБААТАРААС Э.БАТ-АМГАЛАНД ШИЛЖИВ
Хотын дарга Х.Нямбаатар том төсөвтэй төслүүд хэрэгжүүлээд, эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, эцэс сүүлдээ махны асуудлаар ажлаа өгсөн байдаг.
Х.Нямбаатарын өөрийн автор болгож хэрэгжүүлсэн том төслийг нэг нь Сэлбэ төсөл байв. Гар хорооллын олон янданг буулгаж, орон сууцжуулах ажлыг хамгийн сайн хэрэгжүүлж, гардаж хийсэн нь Х.Нямбаатар.
Сэлбэ төсөл нь Улаанбаатар хотыг олон төвт болгон хөгжүүлэх, түгжрэлгүй, утаагүй, бие даасан Сэлбэ дэд хот болгох зорилготой, бүтээн байгуулалтын ажил нь ид дундаа өрнөж буй том төсөл, том ч төсөвтэй. Х.Нямбаатарын хэлсэнчлэн Сэлбэ төсөл болон бусад төслүүд ашиглалтад орвол миний нэр хүнд өснө гэдэгт МАН, АН-гүй санаа зовж байна гэсэн нь ч оргүй биш. Хотын дарга Х.Нямбаатартай хамгийн их үзэлцсэн хүн бол Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан. Түүнийг нийслэлийн МАН-ын хорооны дарга болгоно, хотыг өгнө гэсэн ах нарын даалгавраар Х.Нямбаатарын дайсан болгож сүүлийн хэдэн сар ноцолдсон байдаг.
Х.Нямбаатар ажлаа өгөөд удаагүй байхад Засгийн газраас Сэлбэ төслийг албан ёсоор Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлэв.
Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан Сэлбэ төслийг цааш хариуцаад явна гэсэн үг. Тэгэхээр Э.Бат-Амгалан Хотын дарга болоогүй ч Сэлбэ төсөл болох улаанбатарчуудад хамгийн их хэрэгтэй, хамгийн сайн оноо авчрах төслийг автор албан ёсоор болж байна.
Ингээд харвал ардын намынхан нэг их ард түмний төлөө бус мөнгө, эрх мэдлийн төлөө л хоорондоо тэмцэлдэж байж гэж дүгнэмээр. Хэрэв үнэхээр ард түмнээ бодож байсан бол Бор тээгийн ордыг гадны хөрөнгө оруулагчдад өгөх байлаа. Хэрэв нийслэлчүүийг боддог байсан бол Сэлбэ төсөл хот дээрээ үлдэх байлаа. Энэ хоёр төсөл хоёулаа маш их мөнгө, ашиг хонжоо авчрах учраас л ардын намынхан үеийн үед зөвхөн мөнгө, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж ирснийг илтгэнэ.
Ш.ЧИМЭГ
3,576.03






















































Нэргүй 5 цагийн өмнө 103.140.11.157
ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАРИЛГЫН САЙД БАТАМГАЛАН АЖИЛ ХИЙСЭН НЭР ЗҮҮХ ГЭЖ УЛААНБААТАР ХОТЫН МЭР НЯМБААТРЫН ЭХЛҮҮЛСЭН ХАМГИЙН САЙН ЯВЖ БАЙГАА СЭЛБЭ ТӨСЛИЙГ БУЛААЖ АВЛАА. ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ЭРДЭНЭТИЙН НЭГ КОМПАНЫГ ДЭЭРЭМДСЭН , ХУВИЙН ХАУС ХОРООЛОЛ БАРЬДАГ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЭНЭ н**ш НИЙСЛЭЛИЙГ ХОХИРООХООС ӨӨРИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.187.35
Энэ уул уурхайгаас олох ашгийг ард түмэн бус луйварчин ардын намынхан хүртсэн байх нь тодорхой ш дээ.
ХЭРЭГ АЛГА ДАА 2026-06-04 202.70.40.217
Дүүгээр дэмжуулаад зэс эрдэнийн хувь иас 30 тэрбум шаасан гартом юм байна аа. Үнэхээрийн том юм байна, Цагдаа яаж ч чадахгүй баахан хамгаалагч шаасан даам гарсан явж байх юм, АРД ТҮМЭНГ БОЛ НОХОЙН БААС ШИГ ҮЗЭЖ БАЙНА ДАА
Нэргүй 2026-06-04 202.179.24.247
Ухарал бүх юмыг бусниулж байна даа овоо цэгцэлж байсан юмсан хотын ажилд оролцоод сүйрэл ээ
Ахмад 2026-06-04 202.9.40.126
Содбаатар, Учрал, Ж. Б.Энхбаяр нарраас МАН -аа салгаж авахгүй бол цаашдаа МАН ялах ч үгүй, устан, тарна шүү гишүүдээ.
зочин 2026-06-04 103.57.93.126
Манайд хэрүүл луйвар хулгайнаас өөр хийж чадах юм алга,Хэн нэгэн нь дэвшээд,ажиллах бүтээх гэж зүтгээд,тодроод ирэнгүүт л түүн рүү хамаг гүтгэлэг доромжлол чиглэнэ, Нэр төрийг нь унагах компанит ажил өрнөнө, Улс төрийн бүлэглэлүүдийн тэмцлийн бай болно,Нийгмийг хуурч төрийн эрхэнд гарахын тулд ямар ч бохир, булай ,хүн чанаргүй зүйл хийхээс буцахгүй байдалд шилжинэ, Энэ бол зах зээлд шилжсэн ядуу буурай орнуудын үндсэн шинж нь юм гэсэн,Байгалийн нөөц нь барагдаад ирэнгүүт бүр хүнд байдалд орно
Нэргүй 2026-06-04 103.11.193.222
Барилга, хот байгуулалтын яам хүнд суртал гаргаад энэ төсөл хударлаа.