Сурвалжлага: Иргэд нь дүрэм зөрчиж, компани торгуулийг нь төлнө

Сурвалжлага: Иргэд нь дүрэм зөрчиж, компани торгуулийг нь төлнө

Сурвалжлага: Иргэд нь дүрэм зөрчиж, компани торгуулийг нь төлнө

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд долоон аж ахуйн нэгжийн скүүтер, мопед иргэдэд үйлчилж байна. Иргэдийн нэг хэсэг нь түгжрэлээс "зугтаж" скүүтер, мопедоор хөл залгуулдаг болсон ч зориулалтын замгүйгээс аваар осол ихээр бүртгэгдэж байгааг албаныхан хэлж буй. Нэг хэсэг нь скүүтер, мопедыг түгжрэлтэй үед цаг хэмнэх хамгийн зөв унаа гэж сайшааж байгаа бол зарим нь замын хөдөлгөөнд эрсдэл үүсгэж байна гэж бухимдаж байна. Энэ бүгдийн гол зангилаа нь ердөө л хотын дэд бүтэцтэй холбоотой юм. Албаныхан авто замын "Хөвөөгөөр зорч" гэх шаардлагыг тавьдаг ч, бодит байдал дээр ихэнх замын хөвөө нь эвдрэлтэй, стандартын шаардлага хангахгүй байгааг иргэд учирладаг. Тиймээс дүрэм журмаа мөрдөх иргэний ухамсараас гадна, зорчих нөхцөлийг нь бүрдүүлсэн стандарт зам хотод үгүйлэгдсээр байгааг энэ удаагийн сурвалжлагаараа хөндөж байна.

Зарим иргэд скүүтерээ явж байсан газраа буюу авто зам дээр шууд орхиод явах тохиолдол цөөнгүй гаргадаг. Энэ хариуцлагагүй үйлдэл нь эргээд авто замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарт саад учруулж, осол аваар гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан албаныхан авто замын нэгдүгээр эгнээнд хууль бусаар байршуулсан скүүтерүүдийг өнгөрсөн жилийнхтэй адил журмын хашаа руу ачиж, албадан чөлөөлөх арга хэмжээг авч эхэлжээ.

Дүрэм зөрчин, замын нэгдүгээр эгнээнд хаягдаж хоцорсон скүүтер, мопедуудыг албадан ачих ажиллагаа нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд үргэлжилж байна.

Албаныхан эдгээр хэрэгслүүдийг шууд тээврийн хэрэгсэл саатуулах байр буюу журмын хашаа руу зөөвөрлөж байгаа бөгөөд тэдний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах "ТС-10" журамлах талбай юм. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш тус газарт авто замын хөдөлгөөнд саад учруулж, дүрэм зөрчсөн скүүтер, мопед журамлаж байгаа аж. Биднийг тухайн байгууллагын хашаанд нэвтрэхэд скүүтер, мопедуудыг нэг буланд нь цэгцлэн хураасан байлаа.

Журамлах талбайд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй долоон аж ахуйн нэгжийн хэд хэдэн тооны скүүтер, мопед хураагдан байрлаж байв. Анхаарал татсан нэг зүйл нь ААН-үүдийн хариуцлагын ялгаа байв. Зарим компаниуд хариуцлагатай хандаж, скүүтерээ хураалгасан даруйдаа буюу өдөрт нь багтаан ирж авдаг бол, зарим компанийн унаанууд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл журмын хашаанд "мартагджээ". Дүрэм зөрчин авто замын хөдөлгөөнд саад учруулсан скүүтер, мопедыг журмын хашаанаас гаргахад иргэн эсвэл тухайн компани санхүүгийн чамгүй хариуцлага хүлээх зохицуулалттай гэлээ.

Тодруулбал, журамлагдсан хэрэгсэл тутамд ачилтын хураамж 30 мянган төгрөг, хоног тутамд 3000 төгрөг нэмж тооцогдож байна.

"Тээврийн хэрэгсэл саатуулах байр-10" ажилтан хэлэхдээ "Манай талбайд өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож буй долоон аж ахуйн нэгжийн скүүтер, мопедууд хураагдан ирээд байна. Тухайлбал, иргэдийн сайн мэдэх Tapa, Eco Bike, GoGo зэрэг байгууллагын скүүтэр энд бий. Эдгээр хэрэгслүүдийг замын нэгдүгээр эгнээ буюу зорчих хэсэг дээр орхисон, эсвэл явган хүний зам хааж байрлуулсан гэх шалтгаанаар албадан ачиж байгаа юм. Бид дур мэдэн ачдаггүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цахимаар албан ёсны зөвшөөрөл, чиглэл ирсний дагуу манай ажилтнууд журамлах ажиллагааг гүйцэтгэдэг" гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс цахилгаан дугуй, скүүтер, мопедод зориулсан зогсоолын асуудлыг Бага тойруугийн хэмжээнд шийдэж өгсөн ч энэ нь бодит хэрэгцээгээ огт хангахгүй байна. Энэ байдал нь захын дүүргүүдэд хүртэл мөн адил гэхэд хилсдэхгүй. Явган хүний замыг таглаж, хөндөлсүүлэн тавьсан скүүтерүүдийн уршгаар жирийн иргэд байтугай харааны болон тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, бага насны хүүхдүүд зөрж өнгөрөхөд ч бэрхшээлтэй тулгарч буй.

"72 ЦАХИЛГААН СКҮҮТЕР, МОПЕДЫГ АЧЛАГА ЗӨӨВӨРЛӨХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ТҮР СААТУУЛСАН"

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Өнөөдрийн байдлаар нийслэл хотод долоон аж ахуйн нэгжийн нийт 36,468 цахилгаан скүүтер, мопед гудамж талбайд байршин, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Өмнөх жилүүдэд ердөө 1-3 компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр энэ тоо хэд дахин өссөн. Гэвч дүрэм баримтлаагүйгээс шалтгаалж иргэд осол аваарт өртөх явдал маш их гарч байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 131 зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Иргэдийн гаргаж буй нийтлэг ноцтой зөрчлүүдийг дурдвал, эсрэг урсгал сөрж явах, зорчих хэсгийн голоор эгнээ байр сүлжих, бага насны хүүхдийг урдаа зогсоож тээвэрлэх, найз нөхдөө давхар сундалах, явган хүний гарцаар гарахдаа унаанаасаа буулгүй, шууд хурдтай унаж гарч автомашинтай мөргөлдөх тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байна. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар, унадаг дугуйн зам байхгүй бол скүүтер, мопед нь зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна. Саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн гар талын эгнээ рүү орохыг хатуу хориглодог. Мөн цахилгаан скүүтер, мопед нь явган хүний замаар зорчих ёсгүй.

Мөн дөрөвдүгээр сарын 15-наас хойш замын хөдөлгөөнд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, дүрэм зөрчиж замбараагүй байрлуулсан нийт 72 цахилгаан скүүтер, мопедыг ачлага зөөвөрлөх байгууллагатай хамтран түр саатуулж, журамлаад байна.

Энэ асуудалд зөвхөн цагдаа гэлтгүй төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо чухал. Бид Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт замын хэвтээ тэмдэглэгээ болон зорчих хэсгийн баруун хөвөөний тэмдэглэгээг сайжруулах албан бичиг хүргүүлсний дагуу одоо засч сайжруулах ажил үе шаттай хийж байна" гэлээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр цахилгаан дугуй, скүүтер, мопедыг 16 насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хатуу хориглосон байдаг. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн сурагчид скүүтер хөлөглөн замын хөдөлгөөнд оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Уг нь түрээсийн аппликейшнүүд хэрэглэгчийн насны хязгаарыг шалгадаг бөгөөд тэд ах, эгч, эсвэл гэр бүлийнхээ бусад гишүүдийн хувийн мэдээлэл, бичиг баримтыг ашиглан бүртгүүлж хэрэглэж байна. Гудамж талбайд 16 насанд хүрээгүй хүүхэд скүүтер унаж явааг харсан иргэн бүр шаардлага тавих ёстой.

"СКҮҮТЕР, МОПЕДОД ХЯНАЛТ ТАВИХ 300-500 ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА АЖИЛЛАЖ БАЙСАН"

НИТХ-аас олон нийтийн цагдаа нарыг гудамж талбайд дайчлан ажиллуулж, нийтийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулсан байдаг. Энэхүү ажлын хүрээнд явган хүний замаар хурдлан зорчиж, явган зорчигчдод аюул занал учруулж буй скүүтертэй иргэдэд шаардлага тавьж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвхөн автозамын баруун хөвөөгөөр зорчих ёстойг албан ёсоор сануулж, зааварчилгаа өгч ажилласан юм. Энэ талаар НИТХ-ын дарга асан А.Баяр хэлэхдээ "Миний бие тухайн үед захирамж гаргаж, энэ ажлыг дөнгөж эхлүүлээд нэг, хоёр дахь хоног дээрээ ажлаа өгсөн. Тийм учраас энэ ажил бодит байдал дээр үр дүнгээ өгөөгүй, цаашаа далайцтай үргэлжилж чадаагүй гэж харж байна. Өнөөдөр иргэдийн дунд явуулсан судалгааг харахад үр дүнд хүрээгүй, хамгийн их шүүмжлэл дагуулж буй асуудлын нэгээр скүүтер, мопед эрэмбэлэгдсэн байна лээ. Иймд Улаанбаатар хот скүүтер, мопедтой тууштай тэмцэх цаг нь аль хэдийнэ болсон.

Одоо эрс шийдэмгий шийдэл гаргах хэрэгтэй. Зогсоовол зогсоосон шиг зоригтой шийдвэр гаргах хугацаа тулжээ.

Хэрэв зогсоож чадахгүй юм бол асуудлын гол зангилаа болох скүүтер, мопед зорчих тусгай эгнээг хамгийн түрүүнд бий болгох шаардлагатай байна. Замын хөдөлгөөнд хяналт тавих 300-500 олон нийтийн цагдаа ажиллаж байсан. Одоогийн шинэ хотын дарга энэ тал дээр зоригтой шийдвэр гаргаж, ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.183

Ачиж байхаар зам чөлөөлж байрлуулах ажлыг хийсэн дээр бус уу

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.9.46.231

Мулгуу журамлах юм олдохгүй юу чхамаагүй журамлаж байх юм өвчтэй байх аа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.21.115.186

ЗОГСОО!!!

Avatar

Зам 11 цагийн өмнө 103.229.120.228

Зам дээр орхигдсон скүүтэрийг журамлах биш зам дээр орхиод явсан этгээдүүдийг журамлах байсан.Төмрийг бус тархийг журамлах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-05-27 82.149.82.44

Анхнаасаа оруулж ирэх боломж олгосон, оруулж ирсэн байгууллагууд нь ирээдүйд үүсч болох нөхцөл байдлыг бодолцсон, хотоо оновчтой төлөвлөгөөтэй хөгжүүлсэн бол ийм юм болохгүй байсан байх.

Avatar

Huz 2026-05-27 202.126.90.165

utgagui duremtei uls shuu

Avatar

явган хүний замаас л зайлуулчих, 2026-05-27 202.70.37.221

дэд сайд Дашням гээд сармагчин анх Jet оруулж ирсэн

Avatar

И 2026-05-27 103.212.116.78

Ямарч бэлтгэлгүй бж энэ тээврийн хэрэгслийн зөвшөөрөл өгсөн нь буруу. Машины хөдөлгөөнөө яая гэж бж илүү зантай юм ! Машинтай хүмүүс наадахаар ч байтутугай автобусанд ч суухгүй !

Avatar

зочин 2026-05-27 103.57.94.129

Явган хүний зам дээр ямар ч техник бүр ундаг дугуй явуулахыг хориглоё, Дайруулж эрүүл мэндээрээ хохирох явдал маш их гарч байна, Солиотой юм шиг хурдалж байна, Мэдрэлгүй юм шиг давхиж байна Дураараа авирлах дэг журам сулрах нь ийм байдалд хүргэж байна, Бололцоот газруудад ийм техникүүдэд зориулсан тусгай зам засч өг,Төр хуулиараа иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, Үүнийхээ дагуу ажилла

Avatar

Гангаа 2026-05-27 122.201.31.166

Энэ бузар үйлчилгээнүүдийнхээ зөвшөөрлийн эрхийг цуцлаач дээ

Avatar

Иргэн 2026-05-27 66.181.190.128

залуус, хүүхдүүд голчлон хэрэглэдэг гэхдээ эрүүл мэндээ алдаж байна манайх шиг хотод одоохондоо таарахгүй бүгдийг нь хорь хувьдаа авсан нь хэрэглэнэ биз одоо бүр ЕБС ийн хүүхдүүд давхар суучихсан явж байна

Avatar

эрка 2026-05-27 202.9.47.73

Хот гэдэг бол Нэг том айл гэсэн үг -Зохицуулах ёстой байтал дундаас нь мөнгө олохын төлоо явчих юмаа

Avatar

Өндөр настан 2026-05-27 202.21.108.43

Энэ бол утаа, түгжрэл, махны үнэ гурваас ч илүү аймшигтэй юм биш үү?

Avatar

Нэргүй 2026-05-27 66.181.188.213

Энэ бол гамшиг болсон шүү. Явган хүндээ ивээлгүй хот болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж