Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна

Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна

Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна

Улаанбаатарын ирээдүйн усны аюулгүй байдлыг хамгаална хэмээн олон жил яригдсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааг сурвалжлахаар бид өнгөрсөн Баасан гаригт /2026.05.15/ Сонгинохайрхан уулын зүүн бэлд байрлах Монголын анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг зорьсон юм. Үйлдвэрийн талбайд очиход хамгаалалтын хувцастай инженер, техникийн ажилтнууд хүндэт зочдыг угтахаар бэлтгэлээ базааж байв. Шинэ үйлдвэрийн цогцолбор нь гаднаас харахад энгийн нэг байгууламж мэт боловч дотогш нэвтрэхэд өндөр технологи бүхий, нарийн хяналттай үйлдвэрийн орчин угтана.

Талбайд хамгаалалтын хувцастай инженерүүд эгнэн зогсож Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авснаар нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бол зөвхөн нэг үйлдвэрийн нээлт биш, Монгол Улсын тогтвортой хөгжил, Улаанбаатар хотын ирээдүйн баталгааг бий болгож буй түүхэн үйл явдал” хэмээн онцолсон юм. Тэрбээр "Олон жил тэсэн ядан хүлээсэн энэхүү томоохон бүтээн байгуулалт бодит ажил болж, өнөөдөр үүд хаалгаа нээж байгаад бид туйлын баяртай байна. Одоогоос найман жилийн өмнө буюу 2018 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-тай хамтран Мянганы сорилтын хоёрдугаар компакт гэрээг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, 2021 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү амжилттай дуусаж, ашиглалтад орлоо.

Энэ хугацаанд төслийг тууштай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хотын өргөжин тэлэлт, ирээдүйн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж буй энэ бүтээн байгуулалт нь түүхэн ач холбогдолтой томоохон төсөл болж байна“ гэлээ.

Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгч Дан Пийтри хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг хөгжүүлэхэд тогтвортой усан хангамж хамгийн чухал дэд бүтэц болохыг онцолсон юм. Тэрбээр “Усны Компактын үр дүнд урт хугацааны ус хангамжийг баталгаажуулснаар эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлийг бууруулж, Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” хэмээв. Албаны хүмүүсийн ярьж буйгаар энэхүү төсөл нь зөвхөн ус нийлүүлэх байгууламж биш, харин хотын ирээдүйн эдийн засгийн хөгжлийг дэмжих суурь систем болж байгаа аж.

Үйлдвэр рүү ороход хамгийн түрүүнд анзаарагдах зүйл нь чимээ багатай ажиллагаа. Өндөр хүчин чадлын төхөөрөмжүүд ажиллаж байгаа ч дотор орчин лаборатори шиг цэвэрхэн. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд нийт 30 гүний худаг гаргаж, Монголд анх удаа дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг иж бүрэн шугам хоолой, автомат хяналтын системийн хамт байгуулжээ.

Үйлдвэр жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Улаанбаатарын найм дахь, хамгийн том шинэ эх үүсвэр болж байгаа юм.

Инженерүүдийн тайлбарласнаар үйлдвэрийн ус цэвэршүүлэх үйл явц бүхэлдээ автомат системээр хянагдаж, усны даралт, эрдсийн хэмжээ, тунгалаг байдал зэрэг үзүүлэлт секунд тутамд хэмжигддэг ажээ.

Хяналтын төвийн инженер “Энд бүх процесс мэдрэгч болон удирдлагын системээр ажилладаг. Бид усны чанарын өөрчлөлтийг шууд хянаж, шаардлагатай тохируулгыг агшин зуур хийх боломжтой” хэмээн ярьсан юм. Нээлтийн индэр дээр үйл ажиллагааг нээсэн нь хоёр орны төр, засгийг томоохон төлөөлөгчид байсан ч үйлдвэрийн жинхэнэ эзэд нь цэнхэр ажлын хувцастай инженерүүд байлаа.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын шатанд дадлагажин ажиллаж байна. Тэд энэ хугацаанд системийн ажиллагааг бүрэн эзэмшиж, өдөр тутмын хяналт, тохиргооны дадлага туршлага хуримтлуулжээ.

Тэдний нэг залуу инженер хэлэхдээ “Энэ үйлдвэрийг зүгээр нэг ажиллуулах биш, олон арван жил тасралтгүй, найдвартай авч явах үүрэг бидэнд оногдож байна” хэмээн онцолсон юм.

Нээлтийн үеэр тэдний зарим нь үйлдвэрийн шугам хоолойн дэргэд зогсон ирсэн зочдод ажиллагааг тайлбарлаж байв. Монголын Мянганы сорилтын сан болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтран хэрэгжүүлсэн Усны Компакт хөтөлбөр нийт 461 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд зөвхөн энэ үйлдвэрээр хязгаарлагдаагүй. Үүнд ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой менежментийг бий болгох зэрэг томоохон төслүүд багтсан байна. Энэ талаар Сангийн яамны дэд сайд Б.Хулан "1990-ээд оноос хойш Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл эрчимжиж, хүн амын төвлөрөл огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор усны хэрэглээ, хотын эко системийн ачаалал улам өссөн. Үүнтэй уялдан ундны усны хангамж, ялангуяа усыг гүн цэвэршүүлэх, тогтвортой нийлүүлэх шаардлага улам бүр өндөр болсон юм. Ийм нөхцөлд энэхүү ус цэвэршүүлэх үйлдвэрийн ач холбогдол маш өндөр.

Төслийг Сангийн яамны зүгээс онцлох болсон нь ч үүнтэй холбоотой. АНУ-ын талаас 300 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газраас 112 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр нийт санхүүжилт бүхий хамтарсан энэхүү төсөл ямар нэгэн хугацаа, төсөв хэтрэлтгүйгээр амжилттай хэрэгжиж дууслаа.

Ингэснээр олон улсын болон улсын хамтарсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг цаг хугацаанд нь, үр ашигтай хэрэгжүүлэх боломжтойг бодитоор харуулсан жишиг төсөл болж байна. Цаашид энэ туршлага, зарчмыг дараагийн томоохон төслүүдэд хэрэгжүүлж, илүү үр ашигтай, тогтвортой хөрөнгө оруулалтын загвар бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна“ хэмээн онцолсон юм.

Улаанбаатарын хувьд усны асуудал урьд нь мэргэжлийн хүрээний хэлэлцүүлэг байв. Харин өнөөдөр энэ нь эдийн засаг, хот төлөвлөлт, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон.

Ийм нөхцөлд шинэ ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хүн амын унд, ахуйн хэрэгцээг найдвартай хангах боломж бүрдэж, усны хомсдол үүсэх эрсдэлийг бодитойгоор бууруулах чухал ач холбогдолтой болж байна. Мөн энэ нь хотод шинэ үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхээс гадна төвлөрлийг даах Улаанбаатар хотын суурь дэд бүтцийн чадавхыг нэмэгдүүлж, ирээдүйн тогтвортой хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьж буйгаараа онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.178

АНУ-ын 300 сая долларын буцалтгүй тусламжаар УБ хотын маань усны хангамж баталгаажиж байна. Thank you USA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж