Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД, 2026 оны аравдугаар сарын 8 /Kazinform/. Мадрид хотын оршин суугч Марикармен Абаскаль 87 настайдаа эмнэлэгт нас барсан тухай тус хотын Орон сууц түрээслэгчдийн холбоо мэдэгджээ. Энэ эмэгтэйг түрээслэн сууж байсан орон сууцнаас нь хөөн гаргасан нь Испани даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн билээ.
Тэрбээр Испанийн нийслэлд нэгэн орон сууцанд сард 500 еврогийн төлбөр төлөн
70 жил амьдарчээ. Гэтэл 2018 онд уг сууцыг худалдан авсан компани түрээсийн
төлбөрийг эрс өсгөсөн нь Абаскалийн
тэтгэврээс давсан байна.
Олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны эцэст 9 дүгээр сарын 23-нд түүнийг байрнаас
нь албадан гаргахаар шийдвэрлэжээ. Албадан гаргахыг эсэргүүцсэн олон хүн Абаскалийн байрны орчимд цугларч, эсэргүүцлээ илэрхийлж
байсан боловч цагдаа нар дайран орж, тэтгэврийн эмэгтэйг гудамжинд гаргасны
дараа түргэн тусламжийн машинаар түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь аюул учраагүй гэж мэдэгдсэн байна.
Энэ хэрэг явдлын дараа Испани даяар Абаскалийг өмөөрсөн жагсаал цуглаан өрнөжээ.
9 дүгээр сарын 28-ны өдөр түүний өмгөөлөгчид сар тутам 410 еврогийн төлбөр төлөх
8 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан байна. 410 евро гэдэг нь Абаскалийн
тэтгэврийн гуравны нэгтэй тэнцэх мөнгө юм. Гэрээ байгуулсан хэдий ч эсэргүүцлийн
ажиллагаа үргэлжилсээр байв. Үүнээс үүдэн энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайд
Педро Санчес парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг энэ оны 11 дүгээр сарын
29-нд явуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Засгийн газраас санал болгож буй орон сууцны тухай хуульд “хямд орон сууц барихад
улсын төсвөөс хэдэн зуун сая евро гаргах, түрээслэгчдийг 2030 он хүртэл байрнаас
хүчээр гаргахыг хориглох, том компаниуд ирэх 3 жилийн хугацаанд орон сууцнуудыг
худалдан авахыг хориглох гэх мэт заалтууд орсон байна.