Д.Алагаа: Уул уурхайн компаниуд татвар, төлбөр, хураамж төлөхөөс гадна дэлхийд байхгүй өндөр АМНАТ төлдөг

Д.Алагаа: Уул уурхайн компаниуд татвар, төлбөр, хураамж төлөхөөс гадна дэлхийд байхгүй өндөр АМНАТ төлдөг

Манай улсын татварын дарамтад шахагдсан аж ахуйн нэгжүүд өдөр тутам үүд хаалгаа барьсаар байна. Тэр дундаа уул уурхайн салбарынхан хамгийн өндөр татвар төлж, улсын төсвөө чирч явдаг. Тэгвэл нөгөө талд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ хуулийн төсөл боловсруулаад байна. Тус төсөлд үүсмэл орд буюу уурхайн овоолго, хаягдал хүдэр ашиглаж буй хувийн хэвшлийн компаниудаас авах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг одоогийн түвшнээс дөрвөөс зургаа дахин нэмэгдүүлэхээр тусгаад байна. Үүнийг уул уурхайн салбарынхан хүчтэй шүүмжилж буй.

Тэгвэл тус хуулийн төсөл болон уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал, татварын талаар "Дат консалтинг ХХК"-ийн УЗ-ийн дарга Д.Алагаатай ярилцлаа. Тэрбээр Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн ерөнхийлөгчөөр олон жил ажилласан бөгөөд Монголын уул уурхайн салбарын анхдагчдын нэг, салбарын эрх зүйн орчныг сайжруулах, эрдэс баялгийн боловсруулалтыг дэмжих чиглэлээр дуу хоолойгоо хүргэж ирсэн туршлагатай судлаач юм.

ВИДЕО:

"МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ТАТВАРЫН АЧААЛАЛ 53-70 ХУВЬТАЙ БУЮУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД БАЙНА"

-Та манай улсын хэмжээнд байдаг цөөн хэдэн мeталлургичдийн нэг юм байна. Өдгөө танай салбарт чухал “Ашигт малтмалын тухай” хуулийн төсөлд мэргэжлийн холбоод, тэргүүлэх мэргэжилтний хувьд санал өгсөн үү. Төсөл боловсруулагчид eр нь санал авдаг уу. Хамгийн чухал нь та бүхний өгсөн саналыг тусгаж байна уу?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэд байгуулагдсан. Намайг тус ажлын хэсэгт оруулсан. Хоёр удаагийн хурал болсон ч ажлын нөхцөлөөс шалтгаалан оролцож амжаагүй. Манай улсад хууль бүр дээр Ажлын хэсэг байгуулдаг ч бодит судалгаа хангалтгүй, улс төрийн нөхцөлөөс шалтгаалсан өөрчлөлт их байдаг. Хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийдэг ч иргэний нийгэм, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг нэг дор цуглуулдаг учраас үр дүн муутай болдог. Иргэний нийгмийнхэн гомдол, шүүмжлэл хэлээд өнгөрөх нь олон. Харин мэргэжлийн түвшинд асуудлыг сонирхлын бүлгээр нь ангилж, тодорхой сэдвээр мэтгэлцэж, зөвшилцөлд хүрэх байдлаар хэлэлцдэг тогтолцоо дутагдаж байна. Энэ нь хууль тогтоох үйл явцын гол сул тал гэж хардаг.

-Уул уурхайн нэг компани, үйлдвэр улсад хэдэн төрлийн татвар, хураамж төлдөг бол. Тэр нь нийт зардалын хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Манай уул уурхайн салбар бусад салбарын адил бүх төрлийн татвар, төлбар, хураамж төлдөг. Үүн дээр нэмээд зөвхөн уул уурхайд ногддог АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бий. Энэ нь борлуулалтын орлогоос тооцогддог учраас хамгийн хүнд ачаалал болдог. Нийтдээ 27-28 төрлийн татвар, төлбөр төлж байна. Олон улсад татварын ачааллыг “effective tax rate” буюу бодит татварын ачааллаар хэмждэг. Борлуулалтын орлогоос зардлаа хасаад үлдсэн татвар ногдох орлоготой төлсөн татвараа харьцуулж үздэг гэсэн үг. 2022 онд Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 19 орныг хамруулсан судалгаа хийсэн. Тэр судалгаагаар Монголын уул уурхайн татварын ачаалал 53-70 хувьтай гарч, хамгийн өндөр түвшинд орсон. Ашгийн татвар 25 хувь байгаа нь дангаараа өндөр биш ч бусад татвар, өсөн нэмэгдэх АМНАТ зэрэг дэлхийд хамгийн өндөр байна. Ялангуяа зэсийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжгүй татвартай байна. 

"ЗЭСИЙН АМНАТ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСЭН БӨГӨӨД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ Л ҮЙЛЧИЛЖ БАЙНА"

-Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр АМНАТ-ад ямар өөрчлөлт орж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар зэсийн АМНАТ дэлхийд байхгүй өндөр түвшинд хүрсэн. Энэ нь үндсэндээ Эрдэнэт үйлдвэр дээр хамгийн их үйлчилж байгаа. Оюутолгой тогтворжуулах гэрээтэй учраас өөр нөхцөлтэй. Шинэ төслүүд ийм өндөр татварын орчинд босож ирэх боломжгүй. Тиймээс зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бусад ашигт малтмалтай ойролцоо, олон улсын түвшинд дөхүүлж бууруулах талаар ярьж байгаа гэж ойлгосон. Тодруулбал, 15 хувь болгоно гэж тайлбарласан. Одоогийн системээр баяжмал дээр АМНАТ 20 хувь хүрч байна. Бусад ашигт малтмалынхаас хоёр дахин өндөр гэсэн үг. 

-Eр нь хуулийн АМНАТ-ыг ажаад байхад Монгол Улс түүхий эдийн орноос боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч орон болох, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох, ажлын байрыг нэмэгдүүлэгч болох талаар дэвшилттэй, ялгавартай заалт тун харагдахгүй юм. Энэ талаар таны бодол.

-Өнөөдөр байгалийн баялгийн өгөөжийн талаар, ялангуяа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын өгөөж ард түмэнд ноогдох ёстой гэж их ярьж байна. Гэхдээ “өгөөж” гэдэг ойлголтоо бид өөрсдөө нарийн тодорхойлоогүй хэвээр байна. Өгөөжийг зөвхөн татвар, төлбөр, хураамжаар хэмжих боломжгүй. Үүнийг эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн хөгжил гэсэн олон өнцгөөс харах ёстой. Гэтэл өнөөдөр зөвхөн татварын хэмжээнд төвлөрч байна. Харин нийгмийн өгөөж, дэд бүтцийн өгөөж, эдийн засгийн урт хугацааны үр нөлөө хаана байна вэ. Эдийн засгийн өгөөж гэдэгт зөвхөн компанийн ашиг биш, экспортын орлого ч орно.

Өнөөдөр Монголын экспортын гол орлогыг зэс, нүүрс хоёр бүрдүүлж байна. Харин дэд бүтцийн өгөөжийн тухай ярихад төмөр зам, авто зам, цахилгаан, усан хангамж зэрэг томоохон бүтээн байгуулалтууд уул уурхайг дагаж хөгждөг. Ашигт малтмалын орд дэд бүтэцтэй газар байдаггүй учраас уул уурхай өөрөө дэд бүтцийг хөгжүүлэх гол хөшүүрэг болдог. Үүн дээр нэмээд шууд болон дам ажлын байр бий болдог.

Өөрөөр хэлбэл, өгөөжийг эдийн засаг, нийгэм, дэд бүтэц гэсэн дор хаяж гурван том чиглэлээр харах ёстой. Гэтэл өнөөдөр “өгөөж” гэж яг юуг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтгүй хэр нь хувь хэмжээ ярьж эхэлж байна. Бүр өгөөжийн 60 хувь нь ард түмэнд ноогдох ёстой зэрэг заалттай тусгай хууль боловсруулах тухай хэлэлцэж байна. Би энэ тухай хоёр, гурван удаагийн хэлэлцүүлэг харлаа. Гэхдээ энд хамгийн гол асуулт нь яг ямар өгөөжийн тухай яриад байна вэ. Татвар, төлбөр, хураамж бол тухайн аж ахуйн нэгжид шууд хэмжигдэх бодит үзүүлэлт. Миний яриад байгаа “effective tax rate” буюу бодит татварын ачаалал өндөр байгаа нөхцөлд дахиад 60 хувийн өгөөж шаардах юм бол бусад "өгөөж" үүсэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, төсөл цааш хөдөлж чадахгүй, зогсонги байдалд орно гэсэн үг. Тиймээс эхлээд “өгөөж” гэдгээ зөв ойлголцох хэрэгтэй. Нийгмийн өгөөж, эдийн засгийн өгөөж, дэд бүтцийн өгөөжийг өгөөжид тооцох уу, үгүй юу гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Нийгмийн өгөөжийг хүмүүс ихэвчлэн хандив, тусламжтай андуурдаг. Гэтэл энэ нь боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил, сургалттай шууд холбоотой маш өргөн ойлголт. Байгалийн баялгийн өгөөж эцэстээ монгол хүний боловсрол, эрүүл мэнд, ирээдүйн хөгжилд очих ёстой. Уг нь байгалийн баялгийг хойч үедээ үр өгөөжтэй ашиглах нь дэлхийн хөгжлийн том зорилтуудын нэг.

Татвар, төлбөр, хураамж бол зөвхөн төсвийг бүрдүүлэх нэг өнцөг. Манай улсын татварын тогтолцоо төлж байгаагаа "мөлжих" бодлоготой. Зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх нэг цонхоор хараад байна. Гэтэл татвар, төлбөр, хураамж нь бизнесийг урамшуулдаг, дэмждэг, зохицуулдаг механизм нөгөө талд нь бий. Үр дүнд нь албан бус сектор бий болж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад татвар төлдөггүй хэр нь татвар төлөх боломжтой далд эдийн засаг бий болсон. 

-АМНАТ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг дэмжиж чадаж байна уу. Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид дайжлаа, дотоодын хөрөнгө оруулагчид татварын таатай орчинтой улс оронд хөрөнгө оруулах сонирхолтой болсон юм биш үү.

-АМНАТ-тай холбоотой олон улсын судалгаанууд бий. АМНАТ-ийг ашиг суурьтай, борлуулалт суурьтай болон биет зэрэг тооцох арга өөр. Манай улс борлуулалтын орлогоос АМНАТ тооцож авдгаараа дэлхийн хамгийн өндөр түвшинд ордог. Зарим улсад АМНАТ 30-40 хувьтай буюу өндөр байдаг гэж хэлдэг. Тэдгээр нь ашигт суурилсан системтэй. Харин борлуулалт суурьтай АМНАТ хамгийн өндөр нь 10 хувьтай байгаа. Манай улсын хувьд бусад борлуулалт суурьтай АМНАТ авах бодлого баримталж буй улстай өрсөлдөх ямар ч боломжгүй байна. Өсөн нэмэгдэх АМНАТ нь үнийн өсөлтөөс давсан хэсэгт биш нийт орлогод ногддог нь бүр хүндрэлтэй. Ингэснээр Монголтой ижил төрлийн уул уурхай хөгжүүлэх бодлоготой орнуудтай өрсөлдөх боломжгүй болсон. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын татварын орчин хэт өндөр эрсдэлтэй харагдаж байна.

"МАНАЙ УЛС ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ИЛҮҮ БОЛОМЖ ОЛГОЖ, ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ШАХАН ГАРГАСАН БОДЛОГО БАРЬЖ ИРСЭН"

-Гадны хөрөнгө оруулагч Рио Тинто, тэгээд хятадын зөөлөн бодлого хэрэгжүүлэгч компани л үлдэх шиг боллоо.

-Шинээр ашиглалтад орсон уул уурхайн төслүүд 2004-2005 оноос хойш маш цөөхөн. Сүхбаатар аймгийн Цайрт, Оюу толгой, Бороо байна. Үндэсний хөрөнгө оруулагчдын хувьд МАК зэрэг компаниуд нүүрсний салбарт ажиллаж байна. Гэхдээ нүүрс, жоншноос бусад металл ашигт малтмалын салбарт 2012-2013 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалттай шинэ том төсөл үндсэндээ орж ирсэнгүй. Шалтгаан нь хайгуулын лицензийг сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны хэлбэрээр олгож байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, дэнчин тавиулаад дээр нь үнийн өрсөлдөөнөөр шийддэг тогтолцоо руу орчихлоо. Миний харж байгаагаар барууны болон олон улсын том хөрөнгө оруулагчид ийм орчинд орж ирэхгүй. Тэд Монголыг орхиод гарсан. Энэ нөхцөл байдал тогтворжих хүртэл буцаж ирэхгүй. Магадгүй 10-20 жилийн дараа буюу бид урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлж чадвал эргэж ирж болох юм. Харин өнөөдрийн хайгуулын сонгон шалгаруулалтад хэн оролцож байна вэ гэхээр мөнгөтэй хятад, монголчуудтай хамтраад орж ирж байна гэсэн хардлага төрдөг. Учир нь дотоодын компаниуд тэрбум төгрөгийн хэмжээний үнийн өрсөлдөөнд дангаараа орох боломж хязгаарлагдмал. Харин Хятад улс эдийн засгийн өсөлттэй, хөрөнгийн чадамж өндөр байгаа учраас энэ орон зайг нөхөж байна гэж би хардаг. Өөрөөр хэлбэл манай өнөөгийн хууль, бодлогын орчин Хятадын хөрөнгө оруулагчдад илүү боломж олгож байна. Харин барууны буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том хөрөнгө оруулагчдыг аажмаар шахан гаргасан бодлого 2012 оноос хойш үргэлжилж ирлээ. Одоо яригдаж байгаа хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ч энэ асуудлыг бодитоор шийдэж чадахгүй байх гэсэн болгоомжлол байна.

-Өгөөж гэдэг нэр томьёог эрдэмтэн судлаачид, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, эдийн засагчид өөр өөрөөр тайлбарлах юм аа. Таны бодлоор Засгийн газрын өгөөж, хөрөнгө оруулагч компанийн өгөөж, иргэдийн өгөөж гэсэн олон ойлголтод яг юу гэж ойлгодог вэ?

-Компанийн өгөөж бол ноогдол ашиг. Өөр юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бусад нь болбол Монголынх. Тэр нь иргэд болон төр нь байна. Монгол Улсын одоо хөгжил гэдэг эдийн засгийн өсөлтийг хэлж байгаа шүү дээ. Харин төрийн авч байгаа зүйл бол татвар, төлбөр, хураамж. Үүнийг “өгөөж” гэж нэрлээд байгаа нь агуулгын хувьд зөв биш. Жинхэнэ өгөөж нь иргэдэд, эдийн засагт, нийгэмд очих ёстой. Компани ашиг олсноороо дахин хөрөнгө оруулалт хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хөгжлийн сан бүрдүүлэх боломжтой байх ёстой. Харин өнөөдрийн бодлого компаниас үлдэх бүхнийг татаж авах хандлагатай байна. Ингэснээр урт хугацааны хөгжил саарна. Тэгэхээр юм үлдээхгүй бодлого барьж байна гэж хэлэх гээд байна шүү дээ.

"БАЯЛГИЙН САНГИЙН ОРЛОГО НЬ АМНАТ-ААС БҮРДЭНЭ ГЭЖ ЗААСАН БӨГӨӨД ТУС САНГИЙН ОРЛОГЫГ УЛСЫН ТӨСӨВТ ЗАРЦУУЛЖ БАЙГАА НЬ БУРУУ"

- Eр нь үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж бүр Засгийн газарт өгөөжөө бүрэн төлдөг, харин тэр цугласан өгөөж нь иргэддээ, Улсын хөгжилдөө хүрч зарцуулагдаж чадаж байна уу?

- Экспортын орлогын 90 хувь, улсын төсвийн орлогын 30-40 хувийг зөвхөн уул уурхайн салбар оруулж байна. Гэтэл иргэд нь ядуу байгаад байна.  Энэ бол  баялгийн менежментийн асуудал. Баялгийн менежмент мөнгө авах нь чухал бус тэрнийг хүртээмжтэй, тэгш шударга иргэдэд хүргэх асуудал. Баялгийн сангийн тухай яриад байна шүү дээ. Баялгийн сангийн орлого нь АМНАТ-аас бүрдэнэ гээд заачихсан. Харин Баялагийн сангийн орлогыг улсын төсөв, хэдэн санд хуваагаад тарамдуулаад байна. Эрдэнэс Таван толгойн бүх мөнгө нь мухар төмөр зам боллоо. Баялгийн төсвөөс гадуур байх ёстой. Мөн Баялгийн санг эрсдэлгүй хөрөнгө оруулалтад бус  боловсрол, эрүүл мэнд, нийгмийн дэд бүтцэд зориулагдах ёстой.

-Засгийн газраар хэлэлцсэн хуулийн төсөлд гeологийн судалгаа, эрлийн ажлыг хувийн хэвшлээр хийлгэхээр заалтууд тусгажээ. Хувийн хэвшил энэ ажлыг хийснээр Засгийн газарт болон иргэдэд чухам ямар ач холбогдолтой болох вэ?

-Монголд 1997 болон 2006 оны "Ашигт малтмалын тухай" хуулийн үед хайгуулын ажлыг үндсэндээ хувийн хөрөнгөөр хийж ирсэн. Геологийн суурь судалгааг төрийн хөрөнгөөр хийдэг ч энэ нь хөрөнгө оруулагчдад “энэ бүсэд ийм төрлийн ашигт малтмал байх боломжтой” гэсэн анхан шатны мэдээлэл өгөх зорилготой. Геологийн потенциалын мэдээлэлгүй бол гаднын хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй. Харин хайгуул бол маш өндөр эрсдэлтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт.

Геологийн судалгаа, геодези, ус, дэд бүтэц, өрөмдлөг гээд бүх ажлыг хийж, ордын хэмжээ, байршил, агуулга, нөөцийг тогтоох хүртэл 10-20 жил шаардлагатай. Энэ бүх хугацаанд зарцуулж буй хөрөнгө 100 хувь эрсдэлтэй байдаг. Зах зээлийн эдийн засагтай аль ч оронд ийм ажлыг улсын төсвөөр хийдэггүй. Зөвхөн хувийн хэвшил хийдэг. Тиймээс “хайгуулыг хувийн хэвшлээр хийлгэнэ” гэж одоо дахин ярьж байгаа нь шинэ зүйл биш. Харин мэдэхгүй хүний үг бололтой. Дэлхийн жишиг угаасаа ийм.

Гол асуудал нь хайгуул хийж орд нээсэн компанид цааш ашиглах боломжийг нь баталгаажуулах ёстой. Хэрэв хүнээр хайгуул хийлгэж, хөрөнгийг нь зарцуулчхаад дараа нь ашиглуулахгүй бол дахиж хэн ч хөрөнгө оруулахгүй. Өнөөдөр хамгийн том асуудал нь хайгуулын лиценз олголтын тогтолцоо болж байна. Өргөдлийн системийг зогсоож, сонгон шалгаруулалтын хэлбэрт шилжүүлсэн нь процессыг хэт удаан, тодорхойгүй болгосон. Эхлээд талбай зарлана, дараа нь материал авна, дахин сонгон шалгаруулна, ихэнх тохиолдолд буцна. Иймээс лиценз олголт маш хязгаарлагдмал болсон. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь хайгуул, олборлолтод хаалттай. Үлдсэн 25 хувийн ердөө бага хэсэгт лиценз олгож байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхол буурч байгаа. Тиймээс хайгуулыг эрчимжүүлэхийн тулд зөвхөн хуульд заалт нэмэхээс илүү урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой бодлого хэрэгтэй. Хамгийн чухал нь лицензийг ил тод, тэгш, шударга нөхцөлөөр олгодог байх ёстой. Арын хаалга, будлиан, хэт төвөгтэй сонгон шалгаруулалтын тогтолцоо хөрөнгө оруулагчдыг үргээж байна.

"КОМПАНИУД ЗААВАЛ НӨӨЦ БҮРТГҮҮЛЭХ ДАРАМТАД  ОРСНООС БОЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛД БОДИТООС ДАВСАН ХӨӨСӨРСӨН НӨӨЦ БҮРТГЭСЭН ГЭЖ ХАРДДАГ"

-Хувийн хэвшлээр судалгааг хийлгэснээр илэрсэн илэрцийг улс бүрэн бүртгэж, авч чадах болов уу.

-Хуулиараа хайгуулын компаниуд жил бүр тайлангаа өгдөг. Геологи, хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн зөвлөл хэлэлцэж, шаардлага хангасан гэж үзвэл улсын бүртгэлд авдаг. Тиймээс хувийн хэвшил мэдээллээ нуучихдаг асуудал үндсэндээ байхгүй. Нуувал өөрсдөө хөрөнгө оруулалтаа босгож чадахгүй болно. Харин өөр асуудал бий. Ашигт малтмалын тухай хуульд байгаа зөрчилтэй заалтаас болж компаниуд заавал нөөц бүртгүүлэх дарамтад орж байна.

Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани ашиглалтын лиценз авахын тулд заавал улсын нөөц бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл хайгуул хийсэн ч нөөц нь бүрэн тогтоогдоогүй тохиолдол олон байдаг. Компани 10-12 жил хайгуул хийж, их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч эдийн засгийн ач холбогдолтой нөөц илрүүлж амжаагүй байж болно. Ийм үед хугацаа нь дуусахаар лицензээ сунгах боломжгүй нөхцөл үүсдэг. Үүнээс болоод компаниуд хуулийн шаардлага хангахын тулд бодитой бүрэлдээгүй нөөцийг яаран бүртгүүлэх хандлага гарч байна. Өөрөөр хэлбэл систем нь өөрөө “нөөцтэй мэт” тайлан гаргах руу шахаж байгаа гэсэн үг.

Би хувьдаа өнөөдөр улсын бүртгэлд бодитоос давсан, хөөсөрсөн нөөц орсон байж болзошгүй гэж хардаг. Энэ нь компаниудын буруу гэхээс илүү хууль нь өөрөө зөрчилтэй, бизнест ээлгүй байгаатай холбоотой. Нөөц нь бүрэн тогтоогдоогүй байхад ч лицензээ авч үлдэхийн тулд бага хэмжээний нөөц бүртгүүлээд цааш явах нөхцөл үүсчихсэн байна.

"БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ ХЭСЭГ БУЮУ ОВООЛГЫГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛМОГЦ “ҮҮСМЭЛ ОРД” ГЭЖ НЭРЛЭЭД ДАХИН АМНАТ АВЧ БАЙНА"

-Стратeгийн орд гэх нэр томьёог сүүлд 2006 онд хуульд оруулж ирсэн байдаг. Дэлхий нийтэд уул уурхай хөгжсөн орнуудад энэ ойлголт эрх зүйн орчинд ямар байдаг вэ?

-Энэ нэр томьёоны тухайд хоёр мянган жилийн түүхийг хоёр минутанд тайлбарлах амаргүй. Орчин үеийн Ашигт малтмалын тухай хуулийн үндсэн тогтолцоо нь лицензийн дэглэм дээр суурилдаг. Лиценз гэдэг нь зүгээр нэг “зөвшөөрөл” биш. Тодорхой хугацаанд тодорхой нөхцөлөөр хайх, олборлох эрх олгож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр эрсдэл үүрч хайгуул хийсэн бол түүний бий болгосон үнэ цэн, мэдээлэл, хөрөнгө оруулалт хууль эрх зүйн хүрээнд хамгаалагдах ёстой гэсэн зарчим дэлхий даяар үйлчилдэг. 1997 оны хууль энэ зарчимд илүү ойр байсан. Харин 2006 оны хуульд “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэсэн ойлголт орж ирсэн. Гэтэл дэлхийд “стратегийн бүтээгдэхүүн”, “стратегийн ашигт малтмал” гэсэн ойлголт байдаг болохоос “стратегийн орд” гэсэн ойлголт бараг байдаггүй. Учир нь орд гэдэг зүйл байгалиасаа бэлэн байдаггүй.

Компаниуд 10–20 жилийн турш асар их хөрөнгө, эрсдэл гаргаж байж нээж тогтоодог. Гэтэл ордыг нээгээд, үнэ цэнтэй болсны дараа “төр 34-өөс доошгүй хувийг эзэмшинэ” гэж зааж байгаа нь дэлхийд байхгүй жишиг.

Дэлхийн зарим оронд төр тодорхой хувь эзэмшиж болдог. Гэхдээ ихэвчлэн 10 хүртэл хувиар, урьдчилан хуульдаа маш тодорхой нөхцөлтэйгээр заачихсан байдаг. Харин 34 хувийг хуульчилна гэдэг нь төр тухайн хэмжээний хөрөнгө оруулалт, өр, байгаль орчин, нийгмийн бүх эрсдэлийг мөн адил хуваалцах ёстой гэсэн үг. Практикт энэ нь олон асуудал дагуулсан. Тиймээс 2006 оны энэ заалт Монголын уул уурхайн салбарыг хамгийн их маргаантай, эрсдэлтэй харагдуулдаг болсон. Цаашлаад Үндсэн хуульд хүртэл тусгагдсан учраас өөрчлөхөд улам хүндрэлтэй болсон. Хэрэв өөрчлөх гэж байгаа бол “стратегийн ач холбогдолтой орд” гэдэг ойлголтоо илүү тодорхой шалгууртай, олон улсын жишигт нийцсэн байдлаар дахин тодорхойлох шаардлагатай.“стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэх шинэ нэр томьёотой холбоотойгоор “үүсмэл орд” гэсэн шинэ нэр томьёо гарч ирсэн. Жишээ нь, Эрдэнэтэд яригдаж буй овоолгууд анхандаа “балансын бус хүдэр” буюу тухайн үедээ эдийн засгийн ашиггүй гэж үзсэн хүдрийн овоолго байсан. Эрдэнэт үйлдвэр бүх зардлаа гаргаж, олборлож, боловсруулж, ашиггүй хэсгийг овоолсон гэсэн үг. Тэр овоолго нь угтаа үйлдвэрийн өөрийн хөрөнгөөр бий болсон өмч. Харин технологи сайжирч, зах зээлийн үнэ өсөөд ашиглах боломжтой болмогц “үүсмэл орд” гэж нэрлээд дахин АМНАТ авахаар болчихсон. АМНАТ-ийг шинэ хуулийн төсөлд бүүр нэмэгдүүлчихсэн. Энэ бол төсвөө бүрдүүлэх л бодлого.

- Таны саяын хэлсэн яриа сонсох юм бол нөгөө ашигт малтмалын орд бүр стратегийн орд гэж үзэхэд бас өрөөсгөл юм байна.

- “Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэсэн ойлголт 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд орсон. Одоогийн тодорхойлолтоор улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй, ДНБ-ий тодорхой хувиас дээш хэмжээний ордыг стратегийн гэж үздэг. Гэтэл ДНБ өөрөө жил ирэх тусам өсдөг учраас энэ шалгуур байнга өөрчлөгдөж, улам том босго руу шилждэг. Ингэхээр асуудал нь юу вэ гэхээр хайгуул хийж байгаа хөрөнгө оруулагч анхнаасаа ямар хэмжээний орд нээхээ мэдэхгүй. Харин орд том, ашигтай болох тусам “стратегийн” ангилалд орох эрсдэл үүсдэг. Үүнээс болоод зарим компани нөөцөө бүрэн ил гаргахгүй, зориудаар бага хэмжээгээр тайлагнах хандлага ч бий болж магадгүй. Энэ нь олон улсын жишигт төдийлөн байдаггүй үзэгдэл. Анх Ашигт малтмалын тухай хууль нэг цогц хууль байсан. Дараа нь Цөмийн энергийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гээд салгаж эхэлсэн. Одоо бүр стратегийн ордын асуудлыг тусад нь зохицуулах тухай яригдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хуулиар шийдэх ёстой асуудлыг байнга хэсэгчилж, салгаж, нөхөж явсаар эрх зүйн орчин нь улам ойлгомжгүй, тогтворгүй болж байна. Энэ логикоор бол “стратегийн орд” гэж ялгахаас илүү түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад бүх ашигт малтмал Монголын хувьд стратегийн ач холбогдолтой гэж үзэж болох юм. Учир нь ихэнх нь экспортын орлого бүрдүүлж, эдийн засаг, төсөв, валютын урсгалд нөлөөлдөг. Тиймээс зөвхөн хэдхэн том ордыг онцгойлж ялгах нь өөрөө маргаантай асуудал болж байна. Үүний оронд бүх ашигт малтмалд ижил зарчим үйлчилдэг, ойлгомжтой тогтолцоо хэрэгтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, “АМНАТ” гэхээс илүү “Баялгийн сангийн төлбөр” гэсэн нэгдсэн ойлголттой болж, борлуулалтын орлогоос тодорхой хувь авдаг тогтолцоо руу шилжих санал гарч байна. Ингэвэл:

  • 34%-ийн төрийн эзэмшлийн маргаан багасна,
  • стратегийн орд гэж ангилж талцах шаардлага буурна,
  • хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой, тогтвортой орчин бүрдэнэ,
  • төр ч орлогоо тогтмол авна.

Харин хувь хэмжээг нь олон улсын жишигтэй харьцуулж, хөрөнгө оруулалт татах чадвараа алдахгүйгээр тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, төр ч ашигтай, хөрөнгө оруулагч ч ашигтай байх “win-win” тогтолцоо хэрэгтэй гэсэн санаа юм. Энэ байр суурийн гол агуулга нь: төр 34 хувийн эзэмшлийн зарчмаас татгалзаж, оронд нь ойлгомжтой татвар, төлбөрийн тогтолцоо бий болгож чадвал урт хугацааны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

"УИХ-ЫН ТОГТООЛООР БАТАЛСАН 39 ОРДЫН ТАЛ НЬ НӨӨЦ НЬ ДУУССАН ОРД БӨГӨӨД ТӨР 34 ХУВИЙГ НЬ ЭЗЭМШИЖ, БАЯЛАГИЙН САНГ БҮРДҮҮЛНЭ ГЭЖ ЯРЬЖ БУЙ НЬ ОНИГОО"

-УИХ-ын 2007 оны тогтоолын А лифтээр 15 орд, Б лифтээр 39 орд зарлагдсан. Энэ 15 ордоос одоо үйл ажиллагаа явуулж буй хэд, Б листээс А лифтээр нэмэгдэхээр хэдэн ордын судалгааг бэлэн болгосон бэ?

-Би энэ асуудлыг судалж байсан. Товчхондоо хэлбэл, УИХ-ын баталсан стратегийн ордын эхний жагсаалт 15 ордтой байсан, дараа нь 16 болсон. Гэхдээ тэр жагсаалт батлагдах үед ихэнх ордуудын асуудал аль хэдийн шийдэгдчихсэн байсан. Жишээлбэл, Эрдэнэт олон жилийн өмнөөс ажиллаж байсан, Бороо 2004 онд ашиглалтад орсон, Цайрт ч мөн 2004 онд ашиглалтад орсон. Өөрөөр хэлбэл, 2007 онд стратегийн ордын тухай тогтоол гарахад эдгээр төслүүд аль хэдийн хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, үйл ажиллагаа нь эхэлчихсэн байсан гэсэн үг. Тэр 15 ордоос үнэндээ Оюу толгой, Цагаан суварга зэрэг цөөн хэдэн орд дээр л төрийн оролцооны асуудал яригдсан. Бусад нь өмнө нь шийдэгдсэн учраас “хэлэлцээр хийе” гэх бодит нөхцөл байгаагүй. Тиймээс стратегийн ордын жагсаалт бодит эдийн засгийн тооцооноос илүү улс төрийн шинжтэй болсон гэж харагддаг. Дараа нь гарсан 39 ордын жагсаалт ч мөн адил асуудалтай. Тэнд орон нутгийн жижиг нүүрсний уурхайнууд, нөөц нь бараг дууссан ордууд хүртэл орсон байдаг. Зарим нь жилдээ 30–40 мянган тонн нүүрс олборлодог жижиг уурхай. Ийм ордоос төр 34 хувийн эзэмшил авч, ноогдол ашиг хүртэж, Баялгийн сан бүрдүүлнэ гэдэг бодит амьдрал дээр бараг боломжгүй. Зарим орд нь:

  • нөөц нь бүрэн тогтоогдоогүй,
  • ашиглалтын төгсгөлдөө орсон,
  • орон нутгийн жижиг уурхай,
  • хувьчлагдсан компаниудын эзэмшилд байгаа.

Ийм нөхцөлд “төр хувь эзэмшээд ноогдол ашиг авна” гэдэг нь эдийн засгийн бодит үндэслэлгүй харагддаг. Тиймээс энэ 39 ордын жагсаалтыг хэт сүртэй ярьдаг ч үнэндээ нэрсийн жагсаалт төдий болсон гэж шүүмжилж байгаа юм.

-Eр нь чухал ашигт малтмал гэж юу юм бэ. Ямар шалгуур үзүүлэлт байдаг вэ. Тэр шалгуур нь стратeгийн ордод хамааруулсан ашигт малтмалаас юугаараа өөр юм бэ?

-“Стратегийн ашигт малтмал” гэдэг ойлголт нь анх дэлхийн II дайны дараах үеэс илүү тодорхой хэрэглэгдэх болсон. Тухайн үед өндөр хөгжилтэй орнууд цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээ найдвартай хангах зорилгоор зарим ашигт малтмалыг “стратегийн” гэж ангилж, нөөцийн бодлогоо тусгайлан явуулдаг болсон. Харин “чухал ашигт малтмал” буюу critical minerals гэдэг ойлголт сүүлийн үед эрчим хүчний шилжилт, өндөр технологийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор гарч ирсэн. Цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, батерей зэрэг салбарууд өсөхийн хэрээр литий, кобальт, зэс зэрэг түүхий эдийн эрэлт дэлхий даяар эрс нэмэгдэж, улс орнууд нөөцийн төлөө өрсөлдөх болсон. Гэхдээ Монголын нөхцөлд энэ ойлголтыг шууд хуулбарлах нь оновчтой биш. Учир нь бидний хувьд өнөөдөр хамгийн “чухал” ашигт малтмал бол экспортын орлого бүрдүүлж байгаа нүүрс, зэс зэрэг бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр нь улсын төсвийг үндсэндээ үүрч явж байна. Нөгөө талаас дотоодын эрчим хүч, дулааны аюулгүй байдлын хувьд хүрэн нүүрс мөн адил стратегийн ач холбогдолтой гэж үзэх үндэслэл бий. Тиймээс “чухал” гэдгийг зөвхөн өндөр технологийн хэрэглээтэй холбохоос илүү, Монголын бодит эдийн засаг, аюулгүй байдлын хэрэгцээтэй уялдуулж ойлгох шаардлагатай. Жишээлбэл, дотоодын эрчим хүчний үнэ тогтвортой, хямд байх бодлого нь өөрөө нүүрсийг стратегийн түвшинд авч үзэж байгаагийн нэг хэлбэр юм. Гол асуудал нь бусад орны хууль, ангиллыг шууд хуулбарлах биш. Сүүлийн 30 жил бид ихэвчлэн гаднын загвар хуулж ирсэн ч тэр нь манай нөхцөлд бүрэн тохироогүй. Одоо бол өөрсдийн туулсан туршлага, алдаа оноонд тулгуурласан бодлого боловсруулах цаг болсон. Ашигт малтмалын салбарын гол зорилго нь хөрөнгө оруулалт татах, тогтвортой орчин бүрдүүлэх явдал. Гэтэл хэт хувь эзэмшил, тодорхой бус “стратегийн” ангилал, байнга өөрчлөгддөг дүрэм нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулдаг. Жишээлбэл, 34 хувийн төрийн эзэмшил гэх мэт хатуу шаардлага нь зарим тохиолдолд хөрөнгө оруулалтыг сааруулж, харин илүү ойлгомжтой, шууд татвар буюу роялти хэлбэрийн зохицуулалт илүү үр дүнтэй байж болохыг олон улсын туршлага харуулдаг. Өөрөөр хэлбэл, “далд эзэмшил” биш, ил тод төлбөрийн тогтолцоо илүү зөв шийдэл байх магадлалтай. Эцсийн дүндээ асуудал нь нэр томьёонд биш, бодлогын тогтвортой байдалд байна. Толины цаана чихэр нуух шиг ойлгомжгүй бүтэц биш, шууд, ил тод, ойлгомжтой тогтолцоо байж гэмээнэ салбар тогтвортой хөгжих боломжтой.

-Стратeгийн болон чухал гэсэн ойлголтууд нэг хуулиар зэрэг зохицуулагддаг улс орон байна уу?

- Байгалийн баялаг өөрөө нэг л зүйл—нийтийн өмч. Дотор нь “стратегийн”, “чухал” гэх мэт ангилал хийх нь шинжлэх ухааны ангилал байж болно, харин өмчийн шинжийг өөрчилдөг ойлголт биш. Гэтэл бодлого дээрээ энэ ангиллыг ашиглаад татвар, эзэмшил, төрийн оролцоог нэмэх хэрэгсэл болгочихоор ойлголт өөрөө гажуудаж эхэлдэг. Бүх ашигт малтмал нэг хууль, нэг зарчмаар зохицогдох ёстой гэсэн санаа эндээс гарч байна. Жишээ нь газрын тос, ашигт малтмал хоёрыг салгаж өөр өөр логикоор удирдах биш, нэг л тогтолцоонд багтаах шаардлагатай. Одоогийн хамгийн том зөрчил бол ашиглах бодлого, хамгаалах бодлого хоёр тусдаа явж байгаа явдал. Нэг тал нь “ухах ёстой” гэж үздэг, нөгөө тал нь “хамгаалах ёстой” гэж зогсоодог. Ингээд дунд нь нэгдсэн зорилго алдагддаг. Тиймээс нэг бодлоготой, нэг чиглэлтэй бүтэц хэрэгтэй гэсэн санаа гарч ирж байна. Байгалийн нөөцийг ашиглах, хамгаалах хоёрыг сөргөлдүүлэх биш, нэг зорилгын дор нэгтгэж байж л зөв зохистой ашиглалт явна. Эцсийн дүндээ гол санаа нь олон хууль, олон ангилал биш, харин нэг ойлгомжтой зарчим, нэг бодлогын хүрээ хэрэгтэй гэдэг дээр төвлөрч байна.

- Таны өмнөх ярианаас халти ганцхан л юм асуучихъя за та ОТ-н гэрээг халти одоо дурдлаа шүү дээ өнөөдөр одоо бид нар энэ ОТ-гоос ерөөсөө ашиг хүртээгүй гэж л яриад байна тэ? Бид нар ашиг ерөөсөө хүртсэнгүй Монголын ард түмэн ашиг хүртсэнгүй би ОТ-н гэрээ бараг хэрэггүй байсан юм шиг зүйлийг хэлээд байна шүү дээ. Та энийг юу гэж харж байгаа вэ?

-Ашиг гэдэг ойлголт зөвхөн “борлуулалт – зардал” биш. Харин урт хугацааны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа үүсдэг эдийн засгийн үр дүн. Борлуулалт бүрт таван хувийн татвар төлдөг. Өгөөж биш хэрэг үү гэж асуумаар байна. Мөн НӨАТ, Гааль, Нийгмийн даатгал зэрэг маш их татвар төлж байна. Энэ бүгд өгөөж мөн. Мөн нөгөө талд энэ төсөлд маш их хөрөнгө оруулалт орсон. Нөгөө хөрөнгө оруулалтаа нөхөж байж ашиг бий болно шүү дээ.  Тэр нь хойшлоод байгааг буруутгаад байна. Тэгээд хэн буруутай юм бэ гэх асуулт гарна. Гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр бариад далд уурхайн санхүүжилт явж байхад Монголын Засгийн газар зогсоосон. Гурван жил гэдэг бол бизнесийн хувьд гамшиг шүү дээ. Тэгж бид өөрсдөө гацаасан шүү дээ. Би монголчуудыг буруутгаж байгаа. Бид нарын буруу. Үе үеийн Засгийн газрын буруу. Хийсэн гэрээ сайн. Тухайн үед үүнээс илүү сайн гэрээ хийх боломжгүй байсан. Баялаг бий болгох нь 100 хувийн эрсдэлтэй. Харин менежмент хийх нь 50 хувийн эрсдэлтэй.  Хөрөнгө оруулагчийг буруутгах нь утгагүй юм.

-Ярилцсанд баярлалаа.