Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Арбитрын шийдвэрийг зөвшөөрвөл Н.Өсөхбаярын барилдах эрх сэргэж, “Гарди” цолыг буцаан олгох нөхцөл бүрдэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Арбитрын шийдвэрийг зөвшөөрвөл Н.Өсөхбаярын барилдах эрх сэргэж, “Гарди” цолыг буцаан олгох нөхцөл бүрдэнэ

Өнгөрөгч 2025 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын “гарди” цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргаан сүүлийн саруудад олны анхаарлын төвд байгаа асуудлын нэг болоод байна.

Түүнээс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гарснаар барилдах эрхийг нь хасах, шинээр хүртсэн цолыг нь хураах асуудал яригдаж, улмаар "Улсын гарьд цол хураах" тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ч гарсан. Харин энэ асуудал спортын арбитрын шатанд очиж, улмаар "шинжилгээний сорьц авах ажиллагаанд алдаа гарсан" гэх үндэслэлээр өмнөх шийдвэрүүдийг дахин нягтлах нөхцөл үүсээд байна. Гэхдээ олон нийтийн дунд “Н.Өсөхбаяр цагаадлаа”, “допинг хэрэглээгүй нь тогтоогдлоо”, “цолоо буцаагаад авчихлаа” гэх ойлголт түгээд байгаа ч арбитрын комиссын шийдвэрийн утга агуулга үүнээс арай өөр юм. Тус комисс Н.Өсөхбаярыг допинг хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй бөгөөд зөвхөн шинжилгээ авах ажиллагаа олон улсын стандартын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт хийжээ.

-ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ Ч ТУХАЙН БОДИС МАШ БАГА ХЭМЖЭЭГЭЭР БУЮУ “VERY LOW” ТҮВШИНД ИЛЭРСЭН” ГЭВ-

Эргэн сануулахад, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон допингийн эсрэг дүрмийн дагуу дөрөв болон түүнээс дээш даваанд шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг учир Н.Өсөхбаяраас ч мөн сорьц авсан юм. Удалгүй түүний сорьцоос хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл гарч, Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын баг түүний барилдах эрхийг гурван жилээр хасах, шинээр хүртсэн улсын гарди цолыг нь хураах санал гаргасан байдаг. Тус саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан. Харин Н.Өсөхбаяр энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисст гомдол гаргасан юм.

Ингэснээр уг асуудал спортын арбитрын шатанд шилжиж, шинжилгээний ажиллагаа, сорьц авах процесс, дүрэм журам мөрдөгдсөн эсэхийг дахин нягталж эхэлсэн юм. Допингийн асуудал олон нийтэд ил болсны дараа Н.Өсөхбаяр өөрийн байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “допингийн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үгүйсгэхгүй ч тухайн бодис маш бага хэмжээгээр буюу “very low” түвшинд илэрсэн” гэж тайлбарласан.

Мөн тэрбээр “санаатайгаар хэрэглээгүй бөгөөд гуравдагч этгээдийн нөлөө орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа” мэдэгдсэн юм.

Тэрбээр өмнөх жилүүдэд тогтмол допингийн шинжилгээнд хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу нь сөрөг гарч байсан талаар мөн дурдсан байдаг. Үүнээс гадна өөрт нь зориудаар допингийн төрлийн бодис хэрэглүүлсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд уг асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингэснээр энэ хэрэг зөвхөн спортын сахилгын маргаан биш, эрүүгийн шинжтэй байж болзошгүй асуудалтай зэрэгцэн яригдах болсон.

-АРБИТРЫН КОМИСС Н.ӨСӨХБАЯРЫГ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЖ ҮЗЭЭГҮЙ-

Н.Өсөхбаярын гаргасан гомдлыг Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисс хүлээн авч хэрэг үүсгэн шалгасан. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст даваа гараг /2026.05.11/ эцсийн хэлэлцүүлэг болж, өглөөний 10:00 цагаас эхэлсэн хурал 10 гаруй цаг үргэлжилсний дараа оройн 22:00 цагийн орчимд шийдвэрээ танилцуулсан юм. Тус комисс Н.Өсөхбаяраас 2025 оны долоодугаар сарын 12-нд авсан допингийн шинжилгээний сорьцыг цуглуулах ажиллагаанд олон улсын стандарт зөрчсөн гэж үзжээ.

Тодруулбал, сорьц авах, бүртгэх, хадгалах болон тээвэрлэх ажиллагаанд шаардлага хангаагүй нөхцөл байдал байсан гэж дүгнэсэн байна. Комиссын шийдвэрт “дээж цуглуулах ажиллагаа илт гажсан” гэх агуулга дурдагдсан бөгөөд энэ нь допингийн шинжилгээний процесс дүрмийн дагуу явагдаагүй гэж үзсэн хэрэг юм.

Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Учир нь Арбитрын комисс Н.Өсөхбаярыг допинг хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй. Мөн “допинг хэрэглээгүй” гэж үзээгүй. Харин тухайн сорьцыг хууль, дүрмийн хүрээнд хүчинтэй нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариунд юу илэрсэн бэ гэдгээс гадна тэрхүү сорьцыг ямар нөхцөлд, хэрхэн авсан бэ гэдэг асуудал олон улсын дүрэмд маш чухалд тооцогддог. Хэрэв сорьц авах ажиллагаа алдаатай бол тухайн хариу хүчинтэйд тооцогдох боломжгүй болдог байна.

Учир нь допингийн шинжилгээ авах ажиллагаа олон улсын маш нарийн стандарттай байна. Тодруулбал, тамирчнаас сорьц авахдаа:

  • Тамирчныг албан ёсоор дуудан мэдэгдэх
  • Шинжилгээ авах ажилтан тамирчныг байнгын хяналтад байлгах
  • Сорьцыг зориулалтын саванд хийх
  • А болон В сорьц гэж хоёр хэсэгт хуваах
  • Коджуулж битүүмжлэх
  • Хэн, хэдэн цагт авсан талаарх бүртгэлийг нарийн хөтлөх
  • Тээвэрлэлтийн үеийн нөхцөл, температурыг хянах зэрэг олон шат дамжлага мөрдөгддөг.

Энэ процессыг олон улсад “chain of custody” буюу сорьц хэний хяналтад, ямар дарааллаар шилжсэн талаарх хяналтын хэлхээ гэж үздэг. Хэрэв уг хэлхээ тасарсан, бичиг баримт дутуу, хадгалалт алдагдсан, эсвэл журам зөрчсөн нь тогтоогдвол тухайн сорьцын найдвартай байдалд эргэлзээ үүсдэг байна. Арбитрын комисс яг энэ үндэслэлээр Н.Өсөхбаярын сорьцын үр дүнг хүчингүйд тооцох нөхцөл бүрдсэн гэж үзжээ.

 -МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ОЛГОСОН ЦОЛЫГ ЗӨВХӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР СЭРГЭЭХ БОЛОМЖТОЙ-

Арбитрын комиссын шийдвэр гарснаар Н.Өсөхбаярын асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш юм. Олон нийтийн дунд түүний цол шууд сэргэсэн мэт ойлголт үүсээд байгаа ч одоогоор тийм шийдвэр гараагүй байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон цолыг зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар л сэргээх боломжтой. Өөрөөр хэлбэл өмнө гарсан зарлиг автоматаар хүчингүй болохгүй гэсэн үг. Тиймээс спортын арбитрын комиссын шийдвэрийн дараа дахин хэд хэдэн шат дараалсан процесс үргэлжилнэ.

Юуны өмнө Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Бөхийн салбар хороо арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал яригдана. Арбитрын шийдвэр гарснаас хойш 21 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй байдаг.

Хэрэв уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдвал маргаан үргэлжлэх боломжтой. Харин арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өмнөх дүгнэлтээ өөрчилбөл Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээх болон Улсын “гарди” цолыг нь буцаан олгох асуудлыг дахин хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.

Тиймээс уг хэрэг цаашид Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд дахин хэлэлцэгдэх боломжтой бөгөөд дараагийн шийдвэрүүдээс Н.Өсөхбаярын барилдах эрх, улсын цолтой холбоотой асуудал хэрхэн үргэлжлэх нь тодорхой болохоор байна.