БНСУ-д өнгөрсөн хоногт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 2000 мянгаас буурчээ. Гэвч нийслэлийн бүсэд халдвар тархсан хэвээр байгаатай холбоотойгоор удахгүй болох ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж болзошгүйд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байна. Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд "COVID-19" халдварын 1943 тохиолдол илэрсний 1921 нь дотоодод халдварлажээ
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Лужоу хотын Лушянь тойрогт өнөө өглөө 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, 60 хүн эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гурав нь хүнд гэмтсэн гэдгийг хотын Онцгой байдлын уршгийг арилгах товчооноос мэдээлсэн байна. Хятадын Газар хөдлөл судлалын төвийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 4:33 цагийн орчимд газар хөдөлсөн бөгөөд голомт нь хойд өргөргийн 29.2 хэм, өмнөд уртрагийн 105.34 хэмд, 10 км-ын гүнд байжээ. Мужийн засаг захиргааны баталсны дагуу Сычуанийн газар хөдлөлтийн тусламжийн газар яаралтай тусламж үзүүлэх хоёрдугаар түвшний арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Газар хөдөлсний дараа Лужоуд яаралтай тусламж үзүүлэх нэгдүгээр түвшний арга хэмжээ авч, аврах ажиллагаанд 3000 орчим хүнийг дайчилжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө тусгаарлах дэглэмд шилжих шаардлагатай болсноо мэдэгджээ. Тусгаарлалтад орох шаардлагатай болж магадгүй тухай тэрбээр өмнө нь Паралимпын наадамд оролцсон тамирчидтай даваа гарагт уулзахдаа ярьж байв. Кремлийн цахим хуудаст мэдээлснээр, Путин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой утсаар ярихдаа өөрийгөө тусгаарлах дэглэмийг "тодорхой хугацаанд" сахихаас аргагүйд хүрснээ мэдэгджээ
Их Британид эрүүл мэндийн салбарын ахмад зөвлөхүүдийн зөвлөсний дагуу 12-15 насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд ойрын хугацаанд хамруулж эхлэхээр болоод байна. Их Британийн Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөхүүдийн хувьд өсвөр насны хүүхдүүдэд “Pfizer”-ийн вакцины нэг тунг санал болгох хэрэгтэй хэмээн үзжээ. Дэлхийн бусад улс орнуудад өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг хэдийнээ эхлүүлсэн ч өөр өөр арга барилыг баримталж байна. Европт вакцинжуулалтыг хэрхэн явуулж байна вэ? Европын эмийн агентлаг /EMA/ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг тавдугаар сард зөвшөөрсөн. Түүнээс хойш Европын Холбооны /ЕХ/ орнуудад вакцинжуулалт өөр өөр хурдтайгаар явагдаж байна. Тухайлбал, Дани /12-15 нас/, Испанийн /12-19 нас/ хувьд хүүхдүүдийнхээ дийлэнх хувийг дор хаяж нэг тун вакцинаар дархлаажуулаад байна. Францад ч мөн 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэг тунд, 52 хувь нь бүрэн тунд хамрагджээ