|

Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...

2026 оны 6-р сарын 29

Монголд монголоос өөр ганц үндэстэн байдаг нь казах юм. Тэднийг нутаг уснаасаа хөөгдөн амь зулбаж ирэхэд манай наймдугаар Богд хүлээн авсан төдийгүй, амьдарч төвхнөх газар нутаг заан өгч байжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэд маань Богд хааны оноож өгсөн газар нутаг дээр 100 гаруй жил амьдран сууж байна. Анх хэдхэн овог иргэд ирж байсан ч, одоо өсөж өндийн зуугаад мянгуулаа болжээ.

Богд хаан яагаад тэдэнд газар олгосон юм бол гэж бодож үзсэн л биз дээ. Шашин өөртэй, шал ондоо хэл соёлтой, ядарч туйлдсан тэдгээр омгийг зүгээр л хөөгөөд явуулчихаж болох л байсан. Нөгөө “Тунгалаг тамир” кинонд Итгэлтийн эхний цухуйлгадаг егзөр аашийг үзүүлээд, хаа хаанаа хал балгүй салцгаая гээд явуулчихаж болох байсан уу гэвэл болох байсан. Тэглээ гээд гомдох ч эрхгүй юм чинь, тэд маань буцах л байсан биз. Гэвч тэгээгүй. Тэр бүү хэл тэднээс юу ч шаардаагүй. Ямар нэгэн болзол тавиагүй. Шашин юмаа өөрчил гээгүй, шалчиганаагүй. Ийм л юм.

“Хаяа багтахаараа бууж, хамар хатгахаараа ид” гэдэг монгол үг бий. Тэрийгээ л манай өвөг дээдэс барьсан биз. Тэр үеийн монголчууд бол алсын бодлоготой, алтан ургийн шууд удмын хүмүүс байсан. Тийм ч учраас казахууд ч гэсэн манай Их Монгол улсын тасархай, тэдний үр сад л гэж тунгаасан байх.

Одоо энэ хэдээ ад үзээд байх юм байхгүй. Эвтэй найртай, энх тунх амьдраад ч явна биз. Тэд маань ч алуулж хядуулж, амь зулбан явснаа бодвол буцаад нүүчих тусгаар улстай болсон. Бид хэдтэй таарч тохирохгүй гэвэл нүүгээд л явна биз. Үүнд нэг их сүйд болоод байх юм байхгүй. Бодвол казахуудын дотор ч алсын бодолтой, наана цаанаа мэддэг өвгөд хөгшид нь цөөрөө биз. Сүүлийн үеийн, юм юмны захгүй хөвсөргөн юмнууд нь элдэв дэмий юм ярьж үймүүлж байгаа харагддаг. Манайх ч өөрцгүй, жинхэнэ ул суурьтай, ухааны далай болсон хөх өвгөд хальж одоод, тавьтар тааруу улс олширсон. Тэгэхээр зуйврын үгээр ханарцгаах хэрэггүй юм.

Үнэндээ хүн хүүхэд насаа өнгөрөөсөн, ид халуун залуу насандаа бужигнаж явсан нутгаа л нутаг гэж үздэг. Манай казах залуус өссөн төрсөн халхын нутгийг л нутгаа гэж санан, зорьж тэмүүлсээр ирж буцаж байгаа харагддаг. Тэрэн шиг өлгий нутаг одоо тэдний өссөн төрсөн нутаг нь мөн. Өлгий нутаг нь мөн юм бол Монгол Улс тэдний төрөлх нутаг нь мөн л гэсэн үг. Жижиг сажиг юман дээр сэтгэлийн хөөрлөөр хандахаа больж, ар өврөө бодохгүй ойворгон зангаар элдэв үгсийг бие бие рүүгээ шидэлж, хэн нэгнийхээ дээр гарах гэж тэмцэлдэх хэрэг одоо бидэнд байхгүй. Эрт урьдийн хийсэн үйл, хэлсэн үг эргээд баримт болон үлддэг үйлтэй хорвоод бид бүгдээрээ л амьдарч яваа гэдгээ мартаж болохгүй. Усаа уусан, ёсоо дагана. Хэдийгээр өв соёлын ялгаа бий ч, бид нэг дээвэртэй шүү. Эвтэй найртай явах нь хаа хаанаа өлзийтэй билээ.

Сүүлдээ улсаа хагалж бутаргасан, улгүй хэрүүлээр амьсгалсан орон болох нь. Бид нэг монгол. Бид цул. Цаашилбал, цэнхэр гаригийн хүн төрөлхтөн бид нэг л гэртэй. Тэр нь дэлхий гэдэг нэртэй. Энэ бол 21 дүгээр зуун. Эзэн Чингис Хаан маань найман зууны тэртээ Их Монгол хэмээх нэрийн дор, гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлалгүй, энх тайвнаар энэ гүрнийг удирдаж явсан түүхтэй. Үүнийг санаж сэрж явах нь бидний үүрэг юм аа.

2.

Монголчууд бид өнөөдөр улс орныхоо төлөө л санаа бодлоо чилээх цаг. Монгол Улсын асуудал л бидний асуудал. Өнөөдөр манай улсын нийт өр 40.2 тэрбум ам.долларт хүрчихээд зогсож байна. Энэ бол энгийн үгээр хэлэхэд өр шир маань эдийн засгийн хэмжээнээсээ давчихлаа гэсэн үг. Засгийн газрын тавьсан өр гэхэд 8.5 тэрбум ам.долларт хүрчихсэн. Тэдний тавьсан өр улс орныхоо үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогод, экспортод зориулагдсан бол яая гэх билээ. Гэвч улстөрчдийн популист амлалт руу л урсчихсан. Энэ л бидний хамгийн гаслантай явдал болоод байна.

Монгол Улсын эдийн засаг 7.9 % - ийн бодит өсөлттэй байгаа гээд Засгийн газар маань биднийг угаах байх. Үнэн хэрэгтээ яг өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 11.2 % - д хүрч, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөн, ард иргэдийн маань амьдрал ахуй уруудаж эхлээд байна. Харин үүнийг бол Засгийн газар маань ярихгүй байх. “Сайхан наадаад ир. Олон хоног амраая” л гээд байгаа биз дээ.

Бид ч өр зээл тавиад хөдөө гадаа давхилдахаар хөөрцөглөөд гүйлдэж байна.

Гэтэл бидний борог амьдрал дээр махны үнэ гэхэд бараг 50 хувиар өсчихлөө. Амжиргааны төвшин маань илт нүдэн дээр унаж буй энэ үед харин бид хоорондоо халх хасгаараа дуудалцаад сууцгааж байна. Үүн шиг тэнэгэрэл, энэн шиг мунхрал гэж хаана байна вэ?

3.

Дэлхийн зах зээл дээр зэсээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ суларсаар байгаа энэ өдрүүдэд бид УИХ-аараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мэдээж хамгийн их хүлээлт үүсгэсэн заалт нь зэсийн АМНАТ байв. Ингэхэд АМНАТ буюу манай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өнөөгийн тогтолцоо яг ямар байгаа юм бэ. Эрхбиш энэ зүг рүү зарим нь харж байгаа гэдэгт найднам.

Үнэн хэрэгтээ “Эрдэнэт”, “Оюу Толгой” хоёрт үйлчилдэг өнөөдрийн манай татварын бүтэц бол богино хугацаанд л төсвийг бүрдүүлдэг болохоос урт хугацаандаа улсынхаа эдийн засагт маш том дарамтуудыг үүсгэж байгаа алдаатай бодлого юм. Энэ талаар УИХ-ын гишүүдээс Д.Үүрийнтуяа гишүүн л маш тодорхой байр суурь гаргаж тавьж байгаа. Салбарын сайд нь хүртэл улсынхаа бодит зовлонг хөндөхөөс зайлсхийж, гилмэн далчиж явааг өнөөдөр бид харж байна.

Бид ямар асуудлыг олж харах ёстой юм бэ ?

“Эрдэнэт” ба “Оюу Толгой” гэх манай эдийн засгийг чирч явдаг хоёр том үйлдвэр дээр маань харилцан адилгүй татварын орчин үйлчилдэг юм. Үүнээс нь болоод асар том тэнцвэргүй байдал үүссэн. Яагаад гэж үү.

Яагаад гэвэл, “Эрдэнэт” үйлдвэр бол ТӨҮГ юм. Төрийн өмчит учраас улс төрийн шийдвэрээр хамгийн өндөр татварын дарамтыг үүрч ирсэн гэсэн үг. Монголчууд бид “Эрдэнэт” үйлдвэрээ төдийгөөс өдий хүртэл ямар ачаа дүүрч явааг мэддэггүй.

Зэсийн үнийн өсөлтөөс хамаарч “Эрдэнэт” үйлдвэрийн төлөх нийт АМНАТ байнга 20 орчим хувьд хадгалагдаж байдаг юм. Гэсэн ч төсөв мөнгө дутах болгонд нөгөө л “Эрдэнэт”- ээсээ урьдчилгаа татвар авах хэлбэрээр дарамтаа овоолж өгдөг. Гэтэл “Оюу Толгой” ХХК дээр бол монголын Төр дэлхийд байхгүй “хайр” -ыг асгаруулж байдаг. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр яаж ч өссөн “Оюу Толгой” тогтмол тавхан хувийн суурь АМНАТ л төлдөг юм шүү дээ. Үүнийг “хайр” аас өөр юутай зүйрлэх билээ. Энийгээ манай хэд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж байгаа төрийн бодлого гэж тайлбарладаг юм. Үнэндээ дотоодын компаниудынхаа нүдэнд нулимс хуруулдаг ялгаварлал гэдгийг огтхон ч хөндүүлэх дургүй.

Энэ бодлого алс хэтдээ монголын эдийн засагт ямар том дарамт үүсгэх талаар л өнөөдөр Д.Үүрийнтуяа хашгирч байгаа.

Үнэн хэрэгтээ АМНАТ-ийн өнөөгийн энэ бүтэц үргэлжлээд явбал урт хугацаандаа Монголын эдийн засагт асар том эрсдэл үүсгэнэ.

Өнөөдөр АМНАТ болон уул уурхайн бусад татвар л улсын төсвийн голлох ачааг нугалж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс гэх манай гаргадаг ганц хоёрхон түүхий эдийн үнэ унах мөчид л манай төсөв шууд тасарна. Бид хөнжлийнхөө хэрийг мэддэггүй шүү дээ. Бас өнөөгийн баримталж буй энэ бүх урвуу бодлого гадаадын шинэ хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгч байгаа гэдгийг тооцох нь битгий хэл хөндөх хүн энэ Төрд цөөн байна.

Дээрээс нь одоо ажиллаж байгаа ордуудын нөөц үсрээд л 15 жилийн дараа дуусна. Гэтэл өнөөдөр манай АМНАТ-ийн дарамтаас айгаад шинээр хайгуул хийх, шинэ уурхай нээх хөрөнгө оруулагчид Монгол руу зүглэхээ больсон шүү дээ. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж үсрээд 10 жилийн дараа л манайд олборлох уул уурхай үгүй болох эрсдэл байгааг эдийн засгийн шинжээчид хэлсээр байгаа. Бас л сонсохгүй байна.

Мөн манай АМНАТ-ийн хуулиар түүхийгээр нь гаргасан нүүрс, баяжуулсан нүүрс хоёрт бараг адилхан татвар тооцдог гажуудал бий. Энэ нь компаниудад эх орондоо үйлдвэр барьж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүүтэйгээр, зүгээр л түүхийгээр нь хил давуулах сонирхлыг төрүүлдэг. Энэ байдал нь тэгээд аж үйлдвэржилтийн бодлогыг сэргээж байна гэж үү ?

Манай төрийн өмчит компаниудын энэ туйлдалт "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг компаниудаас хэт өндөр АМНАТ болон ногдол ашиг авч, улстөрчдийн самарсан төсвийн цоорхойгоо нөхөж явдаг бодлогоос үүдсэн шүү. Эдгээр компаниудад технологийн шинэчлэл хийх, хайгуулаа өргөтгөх, дараагийн шатны үйлдвэрээ барих мөнгө үлдээх боломж огт өгдөггүй. Ирээдүйд эдгээр үйлдвэрүүд хуучирч, өрсөлдөх чадваргүй болно. Тэр цагт өнөөгийн улстөрчид хариуцлага хүлээх үү. Ийм л асуудлууд биднийг хасаг халхаараа дуудалцан самралдаж байх хооронд өрнөлөө шүү дээ.

Б.Ганчимэг

Эх сурвалж: Baabar.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...5 цаг 6 минутын өмнөДарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04АУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ6 сар 24. 11:02Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо6 сар 24. 11:01Криштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо6 сар 24. 10:59Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 10:56SENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ6 сар 24. 10:54Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв6 сар 24. 10:49М.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой6 сар 24. 10:47Шарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа6 сар 24. 10:43Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо6 сар 24. 10:39ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА6 сар 24. 10:30Б.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна6 сар 24. 10:27УИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.