|

Орон сууцны дэмжлэг авсан УИХ-ын 40 гишүүний нэрийг ил болго!

2026 оны 5-р сарын 11

2024 оны сонгуулийн дараа бүрдсэн шинэ парламентын талаар олон нийтэд ил болсон нэг мэдээлэл нийгмийн бухимдлыг дахин өдөөв. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн “орон байрны дэмжлэг” авсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс хальж, ёс зүй, шударга ёсны асуудал болон хувирч байна. Албан ёсны тайлбараар бол эдгээр гишүүд Улаанбаатар хотод орон сууцгүй, орон нутгаас сонгогдсон хүмүүс аж. Гэвч хамгийн гол асуудал нь тэдэнд дэмжлэг олгосон эсэхдээ бус, харин энэ бүхнийг ямар үндэслэлээр, ямар шалгуураар, хэний мөнгөөр шийдвэрлэсэн бэ гэдэгт оршиж байна.

УИХ-ын Тамгын газар хаврын чуулганы үеэр энэ асуудлыг олон нийтэд ил тод мэдээлнэ гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр хүртэл хэн хэн ийм дэмжлэг авсан нь нууц хэвээр байна. Чимээгүй өнгөрөөх тусам хардлага улам зузаарна. Ил тод байдал байхгүй газар итгэл улам алсардаг. Тэр тусмаа иргэдийн татвараар санхүүждэг төрийн байгууллагад бүр ч үгүй.

Монголд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бий. Энэ бол зөвхөн ахуйн сургааль биш, төрийн ёс зүйн философи юм. Гэтэл өнөөдөр өөрийн амьдралын наад захын хэрэгцээ болох орон сууцны асуудлаа шийдэж чадаагүй хүмүүс төрийн дээд байгууллагад сонгогдон ажиллаж, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр хувийн өмчтэй болж суугаа нь ямар логик вэ? Хэрэв төрд ажиллахын тулд эхлээд төрөөр өөрийгөө тэжээлгэх шаардлагатай болдог юм бол энэ тогтолцоо өөрөө эрүүл бус байна гэсэн үг.

Энд нэг чухал ялгаа бий. Төрийн албаны тухай хуулийн 61.1.5-д “орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлж болно” гэсэн зохицуулалт байдаг. Гэхдээ энэ нь төрийн жинхэнэ албан хаагчдад хамаарах зохицуулалт. Харин УИХ-ын гишүүн бол сонгогддог улс төрийн албан тушаалтан. Тэд ард түмний төлөөлөл болохоос нийгмийн халамж хүртэгчид биш. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч өөртөө зориулж давуу нөхцөл бий болгож, татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулж байгаа нь эрх зүйн болон ёс зүйн маш том зөрчил юм.

Энэ асуудал Монголын улс төрд шинэ үзэгдэл ч биш. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас огцруулах улс төрийн тэмцэл өрнөж, өөрсдийгөө “шударга тав” хэмээн тодотгож байсан Л.Оюун-Эрдэнэ нарын улс төр ид хүчээ авч байх үед зарим гишүүдэд “орон байрны дэмжлэг” авах санал идэвхтэй тавигдаж байсан гэх яриа бий. “Өргөдлөө л өгчих, мөнгө нь данс руу орчихно” хэмээн шахаж, ятгаж байсан тухай тухайн үеийн парламентын хүрээнд ярьдаг хүмүүс ч бий. Хэрэв энэ үнэн бол орон сууцны дэмжлэг гэх зүйл нь нийгмийн баталгаа бус, харин улс төрийн нөлөөлөл, дэмжлэг худалдаж авах хэрэгсэл болж ашиглагдаж ирсэн байж болзошгүй гэсэн ноцтой асуулт гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, төрийн мөнгө зөвхөн халамжийн механизм биш, улс төрийн барьцаа, үнэнч байдлын “баталгаа” болж хувирдаг тогтолцоо Төрийн ордонд үүссэн үү гэдэг эргэлзээ эндээс төрж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрийг дэмжсэн гишүүн орон сууцтай болж, эсэргүүцсэн нэгэн нь хоосон үлддэг байвал энэ нь ардчилал биш, далд хэлбэрийн улс төрийн наймаа юм.

Энэ бол энгийн иргэдийн бухимдаж буй гол шалтгаан. Өнөөдөр Монголын дундаж өрх зээлийн дарамтад амьдарч байна. Залуу гэр бүлүүд ипотекийн босго давж чадахгүй, ахмадууд тэтгэврээрээ эм тариагаа арайхийж залгуулж, олон ээж хүүхдийн мөнгө хасагдах эсэхийг санаа зовнин хүлээж сууна. Татвар нэмэгдэж, үнэ өсөж, амьдралын өртөг өдөр бүр чангарч байхад төр “мөнгө байхгүй” гэж иргэддээ тайлбарладаг. Гэтэл нөгөө талд нь хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэх орон сууцны дэмжлэгийг хууль тогтоогчид өөрсдөдөө чимээгүйхэн шийдчихдэг байж болох уу?

УИХ-ын гишүүн байна гэдэг яг ямар онцгой эрх вэ? Төрд ажиллаж байгаа учраас бусдаас илүү тав тух эдлэх эрх үү, эсвэл олон нийтийн өмнө илүү өндөр хариуцлага хүлээх үүрэг үү? Ардчилсан нийгэмд парламент бол давуу эрхийн клуб биш. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой институц. Хэрэв хууль тогтоогчид өөрсдөдөө зориулсан “хаалттай хангамжийн систем” бий болгож эхэлбэл төр иргэдээсээ ёс суртахууны хувьд тасарч эхэлдэг.

Нийгмийн хамгийн том аюул бол ядуурал биш. Харин шударга ёс алдагдсан гэх мэдрэмж юм. Иргэд “төр бидний төлөө биш, өөрсдийнхөө төлөө ажиллаж байна” гэж ойлгож эхэлбэл итгэл нурж эхэлдэг зүй тогтол бий. Итгэл нурсан нийгэмд хууль ч үнэгүйддэг, төр ч нэр хүндгүй болдог.

Тиймээс энэ асуудал дээр парламент тайлбар хийхээс зугтах биш, харин нээлттэй мэдээлэх ёстой. Хэн энэ мөнгийг авсан бэ, ямар шалгуураар олгосон бэ, эргэн төлөгдөх нөхцөлтэй юу, эсвэл шууд бэлэглэл үү гэдгийг нийтэд ил тод зарлах хэрэгтэй. Учир нь энэ мөнгө бол төрийн мөнгө биш. Иргэдийн мөнгө.

Төрөөс хамгийн түрүүнд тансаглах ёстой хүмүүс нь эрх мэдэлтнүүд биш, харин иргэд нь байх учиртай.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.