Б.Тэмүүлэн: Олон мянган хүнээс сонгогдож, дэлхийд алдартай “Nike” брэндтэй хамтрах болсондоо баяртай байна
Нэр хүнд, цар хүрээ, ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг "NIKE" брэндтэй хамтарч, өөрийн түүхийг шингээсэн шинэ загварын пүүз гаргахаар болсон Батмөнхийн Тэмүүлэнтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
Түүний загварыг нь гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-10-нийг хүртэл "NIKE"-ийн албан ёсны цахим хуудсаар худалдаанд гарах юм байна.
-Дэлхийд алдартай “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй анхны Монгол хүн болсонд баяр хүргэе?
-Маш их баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Батмөнхийн Тэмүүлэн гэдэг. Дууддаг нэр Tem. Энэ нэрээрээ уран бүтээлээ туурвидаг. Миний хүсэл зорилго өв соёлоо тээн, орчин үеийн урлагийг хөгжүүлэх, түүнийг сурч цааш түгээх.
-Америкт хэр удаан амьдарч байна вэ?
-Ирээд удаагүй ээ. 10 сар болж байна.
-Анх яагаад “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт оролцохоор шийдсэн бэ?
-Instagram дээрээс ”Cultivator x Nike By You” хөтөлбөр “Nike”-ийн гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарласныг олж хараад оролцоод үзье гэж бодсон. Миний хамгийн том зорилгуудын нэг бол “Nike” брэндтэй албан ёсоор хамтарч ажиллах олон жилийн турш байсан.
-Түүхээ бичиж байхдаа таны түүх ийм амжилтыг дагуулна гэж төсөөлж байв уу?
-Амжилт гэж хэлэхэд бас хэцүү юм аа. Миний пүүз гараагүй, хүмүүс ч хараагүй байгаа. Яг үнэндээ би ийм олон хүмүүст хүрч, энэ олон хүн надад баяр хүргэнэ гэж огт төсөөлөөгүй. Надад болон манай гэр бүлийнхэнд л баяртай мэдээ, том амжилт байх болов уу гэж бодсон. Харин “Tell your story with shoes” хөтөлбөрт хамрагдаад амжилт гарна гэж төсөөлж байна уу гэвэл мэдээж тийм. Би “Nike”-тай хамтарч ямар нэгэн зүйл хийнэ гэдэгтээ үргэлж итгэж, хүлээсээр ирсэн.

-Таны түүх шалгарсныг мэдээд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Бидний хувьд ийм л зүйлийг хийж бүтээхийн төлөө энд нүүж ирсэн болохоор маш их баярласан. Бас хамгийн түрүүнд эхнэртээ хурдан хэлэх юмсан гэж бодсон.
-Пүүз бүтээх үйл явц одоо ямар шатандаа явж байна вэ. Таны түүхийг илэрхийлэх пүүз өнгө загварын хувьд ямар байх бол?
-Пүүзний загвар батлагдчихсан байгаа. Гэхдээ одоогоор өнгө загварын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь бид нууцлалын гэрээ хийсэн.
-Nike тай хамтарч өөрийн түүхийг шингээсэн пүүзийг худалдаанд гаргах нь таны ирээдүйд ямар өөрчлөлтийг авч ирнэ гэж харж байна вэ?
- “Nike”-ийн нэрийн пүүзээ гаргах эхлэл гэж харж байгаа. Мөн надад маш том туршлага, гайхалтай сайхан дурсамж үлдээсэн сайхан үйл явдал болж байна.
-Пүүз хэзээ ямар байдлаар худалдаанд гарах вэ. Авах хүсэлтэй Монголчууд олон байна. Монголоос захиалж авах боломж байдаг болов уу?
- Хүмүүс захиалах бүрт тухайн хүнд зориулагдан шинээр хийгдэж очно. Заасан тоо ширхэг байхгүй. Зөвхөн ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ны хооронд “Nike”-ийн албан ёсны вебсайтаар худалдаалагдана. Энэ линк нь байна. https://www.nike.com/nikebyyou/community/drop/ho19/creator/tem_tsa.
-Таны ойрын болон хэтийн зорилго төлөвлөгөө?
-Маш их зүйл бий. Хамгийн ойрын гэж хэлж болохоор зүйлс гэвэл, өөрийн түүхийг агуулсан “Nike”-ийн пүүзээ худалдаанд гаргах байна. Мөн ирэх 11 дүгээр сарын 22-24-нд DesignerCon гээд convention-д өөрийн уран бүтээлүүдээрээ оролцоно. Бас жүжигчин Mark Hamill-д зориулсан тусгай үзэсгэлэнд бүтээл туурвиж байгаа. Манайхан Star Wars-ийн Luke Skywalker дүрээр нь сайн мэдэх байх. Мөн ирэх жил хувийн үзэсгэлэнгээ гаргах төлөвлгөөтэй байгаа.
-Таны амжилтыг хамтдаа хуваалцаж, таниар бахархаж, баяр хүргэж байгаа монголчууддаа хандаж сэтгэлийн үгээ хэлээч?
-Миний өмнөөс баярлаж, амжилтыг минь урамшуулан дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам зориг авлаа. Баярлалаа.
ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ
Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв
Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ
Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.