Сурвалжлага: Гэр хорооллын айлууд дулааны шугамд холбогдож, халуун устай болох боломжтой болжээ
Нийслэлийн хүн амын тэн хагас нь гэр хороололд амьдардаг. Тэр ч утгаараа гал түлж, агаар бохирдуулагч гэж байнга шахам гоочлуулсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ цаг ард хоцрох нь ээ.
Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлууд эхнээсээ дулааны шугамд холбогдож, гал түлэхгүйгээр дулаахан амьдрах боломжтой болжээ.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдэж, гэр хорооллын иргэдийг өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус төслийн хамгийн эхний загвар төслийг 2018 оны есдүгээр сараас эхлэн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд эхлүүлж, нийт 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбоход бэлэн болжээ. Одоогоор 33 өрх дулааны шугамд холбогдож, гэртээ гал түлэхгүйгээр дулаахан амьдрах боломжтой болсон байна. Харин цэвэр, бохир усны шугамд холбох ажил дулаан орохоор эхлэх юм байна.
Төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдолгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах боломж бүрдсэн байна. Тухайлбал, “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулжээ.
Өнөөдрийн байдлаар тус ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэж, ирэх тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна.
Төслийн талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгээс тодруулахад, “Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно. Улаанбаатарт хамгийн тулгамдсан асуудал нь агаар, болон хөрсний бохирдол. Үүнийг хамгийн зөв шийдэх арга бол энэ төсөл. Янданг байхгүй болгож, авто зам тавьж, ногоон байгууламж барьж л бохирдлыг шийднэ. 285 гаруй айлын 15 га газар дээр агаар, хөрсний бохирдол арилна. Мөн нийгмийн дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Бидний барьсан “Үйлчилгээний төв”-ийг дагаад олон ажлын байр бий болно. Тэдгээрийг тухайн хорооноос авч ажиллуулахад анхаарна. Ингээд 2020 гэхэд эхний 50 байршилд дэд бүтэц байгуулах юм. Нэг байршилд 200-300 айлыг хамруулна гэсэн төлөвлөгөө байсан ч техникийн хүчин чадлыг тооцоход 400-500 айл хамруулах боломжтой. Нэг байршилд ойролцоогоор 10 тэрбум төгрөг зарцуулна гэвэл нэг айлд 10 гаруй сая төгрөг зарцуулна. Айлуудаас өөрсдөөс нь дотор паарын төмөр, суултуур, угаалтуур зэргийн мөнгө л гарна. Энэ онд эхний ээлжид нийслэлийн төсвийн 15 тэрбум төгрөгөөр хоёр байршилд ийм төв барина. Засгийн газрын 179-р тогтоол гараад БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн хүрээнд шийдэх болсон. Бид эхний 16 байршлыг НИТХ-аар батлуулсан. Дараагийн 15 байршлыг өргөн барих гээд бэлдэж байна" гэв.
Харин Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “50 байршилд дэд бүтэц бий болгоно гэсэн төлөвлөгөө байна. Гэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастай, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Сүхбаатар дүүргийн 18-р хороо буюу Бэлхэд энэ ажлыг хийнэ. Туршилтаас цаашид юуг өөрчилж, шинэчлэх вэ гэдэг алдаа оноогоо мэдэж, суралцах хэрэгтэй. Наанадаж энэ байгууламжийг хэн хариуцах вэ гэдэг эхний асуудал байна. Гэхдээ үүнийг байгуулахад иргэдийг зөвшөөрүүлж, тэднийг нэг санаатай болгоно гэдэг асар хүнд. Тиймээс иргэдийн оролцоо маш чухал. Гэр хороололд дэд бүтцийн төвтэй болсноор иргэдийн толгойны өвчин болсон агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Манай яамнаас Сүхбаатар дүүргийн Сэлбэд энэ төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ мэтээр цэвэрлэх байгууламжийг гэр хороололд бичил байдлаар шийдэж, 300-500 айлыг цэвэр, бохир усны шугамд холбосноор иргэдийн өмч үнэ цэнэтэй болно. Мөн “Үйлчилгээний төв”-ийг дагаад олон ажлын байр бий болох боломжтой. Алсдаа энэ 200 айл нэгдэж, суурин соёлд шилжснээр бидний өмч гэсэн ойлголт бий болох нь хамгийн их ач холбогдолтой. Үүнийг дагаад 200 айлын дундах шугам сүлжээний контор, СӨХ бий болох боломжтой" гэсэн юм.
Бид тус төслийн үр шимийг хүртэж, халуун дулаанд холбогдсон айлуудаар орж эздийнх нь сэтгэгдлийг сонссон юм. Тус айлууд дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдож гэр хороололд ч гэсэн байрны айл шиг тав тухтай амьдардаг болохын тулд дунджаар 4-5 сая төгрөг зарцуулжээ.
-ШӨНӨ БОСОЖ ГАЛ ТҮЛЭХГҮЙ, МАШ САЙХАН БАЙНА-
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Л.Цогцэцэг
-Манай байшин 50 метр квадрат талбайтай. Урьд нь нүүрс түлдэг байсан. Өнгөрсөн сарын нэгнээс галлаагүй. Орон сууцны адил халаад сайхан байна. Утаа тортог гэхгүй, шөнө босож гал түлэхгүй, маш сайхан байна. Туршилтын хэсэг болохоор одоогоор биднээс мөнгө аваагүй. Өмнө нь нүүрс, мод түлдэг байхад зардал их гардаг. Жилд хамгийн бага түллээ гэхэд л 4 куб мод, 5 тонн нүүрс зарцуулдаг байсан. Мөн утаа, тоос шороо, хог их үүсдэг. Одоо энэ бүхэн багассан.
-ГАЛ ТҮЛЭХГҮЙГЭЭР ХАЛУУН ДУЛААНАА ШИЙДҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛОН АЙЛД ОЛДООСОЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА-
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Б.Дугарсүрэн
-Өмнө нь гал түлдэг байсан. Тухайн үед орой ажлаа тараад гэртээ ирэхэд хүйтэн орчин угтдаг, мөн өглөө оройд гал түлэх гэж их зутардаг байсан. Одоо бол сайхан байна. Ирэх сарын нэгнээс халуун ус ирнэ гэсэн. Тэгэхээр байрны айлаас дутах зүйлгүй болно. Гал түлэхгүйгээр халуун дулаанаа шийдүүлэх энэ сайхан боломж зөвхөн манайд биш өшөө олон айлд олдоосой гэж хүсч байна. Энэ чинь гэр хорооллын айлуудын ганц мөрөөдөл шүү дээ.
Зөвхөн орон сууцанд л тохитой амьдардаг гэсэн бодлыг өөрчилж, гэр хороололд ч ая тухтай, тохилог сайхан амьдрах боломж дүүрэн байгааг эдгээр айл өрхүүдээс харж болохоор байсныг нуух юун.
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.
Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна
Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.