|

Хүүхдийн дууны хатан В.Долгор

2017 оны 1-р сарын 9

Энэ мэдээ хуучирсан буюу 2017-01-09 нд нийтлэгдсэн байна.

С.УЯНГА

Маамуу нааш ир” дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз. Тэгвэл энэхүү гэгээн мөртэй, алдарт дууг амилуулж, хүүхдүүдэд зориулан хэдэн мянгаар тоологдох тоглолт хийж тэр бүхэндээ сэтгэл зүрхээ зориулсныхаа  үр шимээр  “хүүхдийн дууч” хэмээн өргөмжлөгдсөн гавьяат жүжигчин В.Долгорыг  “Амьдралын тойрог” буландаа урив.

 

Өдгөө 90 насыг шүргэж яваа түүнтэй уулзах  цаг товлохоор утас руу нь залгавал цовоон цолгиун хоолойгоор мэнд мэдэж байна. Настай хүн гэж бодсоных уу тэрхэн зуур гайхсанаа нуух юун.

Ингээд бид нэгэн үдэш тэдний гэрт уулзахаар товлож болзсон цагтаа Улсын их дэлгүүрийн баруун талд хүрч очоод зэрэгцээ байрууд дунд жаахан будилж ойролцоо зогссон бүсгүйгээс “Долгор гуайнх аль орц вэ” гэвэл “Хүүхдийн Долгор гуай юу” гээд заагаад өгч байна. Араас “Хүүхдийн Долгор” гээд асуух юм бол манай энэ хавиас мэдэхгүй хүн байхгүй гэсээр үлдлээ.

В.Долгор гуай гэртээ үр ач, нартайгаа бужигнаад халуун дулаан сайхан амьдардаг юм билээ. Биднийг ороход хүүхдүүд нь гадагшаа гарсан гээд зургийн цомог, хүүхдийн дуутай хуурцгаа бэлдчихсэн сууж байлаа. Түүний амьдралын хором мөч бүхэн дууны урлаг, тэр дундаа хүүхдийн дуутай холбогдсоор иржээ.

“1945 оноос уран  сайхны сургуульд байхаас нь В.Долгорыг би мэддэг юм. Хөдөөний бор охин концертод гоцлолоор дуулж байхад нь сонсгол, ритм сайтай, хоолойны өнгө аяз нь ирээдүйн дуучин болох найдвартай харагдаж байсан” хэмээн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа түүний тухай анхны сэтгэгдлээ ярьсан бол “В.Долгорт байгаль эхийн хишиг харамгүй заяагдаж нарийн лимбийн эгшигтэй, найман настны хоолойтой. “Эгч Долгороо нааш ир. Энэ дууг хамт дуулья” гэж хүүхдүүд дуудаж байна” хэмээн түүний багш Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав хэлжээ. Магадгүй дээрх тодорхой­лолтууд урлагт 70 гаруй жил зүтгэж, түүн дотроо хүүхдийн дууны урлагт 60 гаруй жил үнэтэй хувь нэмэр оруулсан нийтлэлийн баатрыг  цөөн үгээр тодорхой  хэлээд өгнө.

В.Долгор өсч төрсөн нутгийнхаа шүтээн Булган уулаа сүсэглэж, хүүхдүүдэд зориулсан тоглолтын урилгандаа хүртэл мөнхөлжээ. Тэрээр бага насаа “1928 онд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Хотонт суманд эхийн халуун хэвлийгээс газар ээжийн цэцэгт зүлгэн дээр мэндэлсэн. Хааяа нэг зуны шөнө хадан энгэрт нь мянган зул бадран асч байдаг үзэсгэлэнт сайхан Булган уул минь нүдэнд харагддаг. Аав өндөр нуруутай биерхүү гүндүүгүй сайхан халх эр байсан. Ээж ардын дууг ёстой л нэг хангинуулж өгдөг байсан гэдэгсэн. Үнэхээр намрын сайхан цагаар манайд хүмүүс цуглаж хөгжим тоглон дуу дуулж найрладаг байсан нь бяцхан охин надад нөлөөлсөн юм болов уу. Миний ганц ах Тогмид хөдөөд эрдэм номтой хүн цөөн байхад Улаан-Үд хотод ажилчин залуучуудын сургуульд сурч ирээд аймагтаа багшилж байсан. Би айлын отгон охин болоод тэр үү нэлээд эрх танхи өссөн” хэмээн дурсав. Тэрээр багадаа урд Тамирын голын эргээр, Булган хайрхны энгэрээр тугалаа хариулж явахдаа ээж эгч нараасаа сурсан “Соёл эрдэнэ”, “Үхэрчин хүү”, “”Баянмонгол” дуунуудыг  дуулдаг байжээ.  Өөрийнх нь хэлснээр чулуун гэр барьж, тугалаа хариулж явахдаа хангинатал дуулж өссөн нь дуучин болох эхлэлийг тавьсан байна. Түүнийг бага сургуулиа дүүргэж аймагт дэвшин суралцахад багш нар нь дуулж, бүжиглэж урлагийн арга хэмжээнд идэвхтэй байдгийг мэддэг учир уран сайханд явуулжээ. Аливаа зүйлд авхаалжтай, хөдөлгөөнтэй нэг заагаад өгснийг дор нь сурчихдаг нүүрэмгий охин байж. Сүүлд аймгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад Урла­гийн хорооны даргаар томилогдсон н.Болд В.Дол­горыг дуулж, бүжиг­лэдгийг мэддэг байсан болохоор тухайн үеийн уран сайхны сургууль буюу одоогийн Хөгжим бүжгийн коллежид ирүүл гэсэн бичиг явуулж байсан ч сургууль нь явуулаагүй гэдэг.

“Маамуу нааш ир”-ийн гурвал. В.Долгор “Маамуу нааш ир дуунаас өөр дуугаар намайг хүлээж авахаа больсон үзэгчдийг би дийлэх болов уу”

 

В.Долгор дунд сургуулиа төгсөөд багшийн сургуульд хуваарилагдаж, хичээл эхлэхээс өмнө гэрийнхэндээ тус дэм болохоор аймгийнхаа клуб, хятад ажилчдын клубт сайн дураараа тоглож, тухайн үед тайзнаа тавигдаж байсан “Цэнд комиссар” зэрэг жүжигт тоглож, баяр наадмаар мандалин, гитар хөгжим дарна. Гэтэл нэг өдөр Улаанбаатар хотоос урлагийн бригад ирж циркийн тоглолтыг олонд толилуулахаас гадна авьяастай хүүхдүүдийг шалгаруулж урлагийн сургуульд элсүүлэхээр болжээ. Энэ тухай гавьяат дурсахдаа “Зохиолч Л.Ванган, ардын жүжигчин Нацаг, уран нугараач Даарийжав, илбэчин Цэнд-Аюуш гээд Монголын циркийг үндэслэгч урлагийн алдар цуутнууд ирсэн юм. Шалгаруулалтад сэтгэл догдлон, бас тэнцэхгүй бол яана гэсэн айдастай орсон. Аймгийн төвөөс гурван хүүхэд тэнцсэний нэг нь би. Зуны сайхан өдөр жүжигчин ах эгч нартай ачааны машинд суун Булган хайрхандаа сүсэглэсээр их хотыг зорьсон тэр өдрийн тэнгэр нь хүртэл намайг ивээж цэлмэг сайхан байсан” хэмээсэн юм. В.Долгорын ажил амьдралын гараа эхэлсэн энэ өдөр, холыг чиглэсэн зам түүнийг Монголын урлаг тийш, их алдрын оргил өөд залжээ. Мөн түүний уран бүтээлийн эхний алхам байсан гэж болно.

1945 онд Уран сайхны сургуульд ороход дуулаачийн анги гэж байгаагүй тул жүжгийн ангид орсон байна. Драмын жүжигчин болохоор гурван жил суралцах  байсан түүнийг хоёр жил сургаад Улсын хөгжимт драмын театр буюу Бөмбөгөр ногоон театрын найрал дууны ангид театрын даргын зургадугаар сарын 1-ий өдрийн тушаалаар хуваарилжээ. Ийнхүү театрын алтан босгоор анх алхаж мэргэжлийн дуучны гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрээр найрал дууны анхдагч, үүсгэн байгуулагчдын нэг болж Зөвлөлтийн мэргэжилтэн Ф.Клешко, дуучин М.Дорждагва нарын сургуулилт дор дуучид нэмэгдсээр найрал дуу 90 шахам дуучинтай болсон байна.

Тэр Бөмбөгөр ногоон театртаа их хайртай. Байн байн дурсана. “Чухамдаа Монголын  соёлын ганц том өв, урлагийн ууган гэр  болох Бөмбөгөр но­гоон теат­рын гал голом­тоос одоо­гийн энэ олон театр, чуулга ур­ла­гийн байгуул­лагууд үүссэн. Тэндээс уран бүтээлийн гараа­гаа эхэл­сэн өч төчнөөн алдар цуутан олон мянган жүжигчин, дуучин төрөн гарсан. Тэр дундаа найрал дууны анги бол олон хүнд амьдрал алдар нэр хайр­ласан урла­гийн гэ­гээн сүм” хэ­мээн ярив.

“Тоглолтоор явахад захиа их ирнэ. Пионерын хувцас өмсүүлээд улаан бүч зүүлгээд зураад явуулдаг байлаа. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан”

 

Олноо “Хүүхдийн” хэмээн алдарш­сан гавъяат В.Дол­горын ур­лагийн зам мөр улам  тодоор гэрэлтэж ирсэн байдаг. Тэр найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил, ангийн даргын үүрэгт ажлыг олон жил хийж иржээ. В.Долгор “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн Жаргалыг хүссэн Мөнхөө, Даланч худалч, Цогийн идэр нас зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, Ламбугайн нулимс, Үнэн зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон юм. Түүнчлэн Евгений Ониген, Кармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосноос гадна найрал дууны туслах багшаар 20 шахам жил удирдаач, гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ. Түүний арвин баялаг түүх намтар, дундаршгүй уран бүтээлийн зонхилох байр суурийг яах аргагүй хүүхдийн уран бүтээл эзэлнэ. Уран бүтээлийнх нь оргил үед В.Долгорыг хүүхдийн хоолой, сэтгэлгээгээр дуулж тэдний нижигнэсэн алга ташилт цовоо сэргэлэн түрлэгийг харамгүй хүртэж явсан. Бүхий л амьдрал уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж өдгөө 2000 хол давсан тоглолтыг багачуудад хүргэж, хүүхдийн дууны цомог, уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан түүнийг урлагийнхан, олон түмэн “Хүүхдийн дууны хатан хаан” хэмээн өргөмжлөх нь аргагүй юм. 1975 онд “Таван өнгийн цэцэг” нэртэй уран бүтээлийн анхны тоглолтоос хойш олон мянган үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ зориулсан нэгэн. 1980-иад оноос Хүүхдийн төлөө фонд, эмэгтэйчүүдийн хорооны Энэрэл сан, хүүхдийн наадмууд, асран хүмүүжүүлэх сургууль, цэцэрлэг, хүүхдийн хорих газруудад 20 гаруй мянган хүүхдэд төлбөргүй тоглолт хийж, хандивын арга хэмжээг ч цөөнгүй зохион байгуулж байжээ. Тэрээр “Хүүхэд гэдэг их ариухан, ээлтэй. Миний өдий олон жил урлагт зүтгэж, урт насалж яваа нь зөвхөн хүүхдийн л буян. Хүүхдийн алга ташилт намайг залуужуулдаг. Уран бүтээл дундаасаа “Маамуу нааш ир” дуундаа их хайртай. 1956 онд Д.Лувсаншарав багш намайг дуудаад “Би хүүхдийн хэдэн дуу зохиолоо. Чиний хоолойд яг тохирно. Дуулж радиод бичүүл гэсний дотор “Маамуу нааш ир”, “Алтан хараацай”, “Бөмбөг” зэрэг 10 гаруй дуу байсан. Намайг хүүхдийн заяа түшдэг” гэж байв.

“Бүхий л амьдрал уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж өдгөө 2000 хол давсан тоглолтыг багачуудад хүргээд байна. Хүүхдүүдийн алга ташилт намайг залуужуулдаг”

 

Дээхэн үед төвийн нэг хэвлэлд Г.Дулмаа, Цэрэнчимэд, В.Долгор гурвын харилцан яриаг шоглож бичжээ. Тэнд Цэеэ ““Алтан намар”, Цагайн Лавай-д дуу дуулуулах хүн хайгаад явах юм. Бидэнд дутаад байх юмгүй. Өөрсдийгөө санал болговол яасан юм” гэхэд нь В.Долгор “Ай горьгүй, Би имиджээ эвдчихнэ. Ядаж л Лууяа багшаас асууя. “Маамуу нааш ир”-ээс өөр дуугаар намайг хүлээж авахаа больсон үзэгчдийг би дийлэх болов уу” гэсэн байх хэмээн бичсэнийг уншаад бид хэсэгхэн зуур инээдэм болов. В.Долгор гуай “Хүүхдийн дуу тэр дундаа “Маамуу нааш ир” дууг ид дуулдаг байсан үе. Тэр үед энд энд тоглолтоор явахад захиа их ирнэ. Багшаа гэх хүмүүс ч олон. Надад пионерын хувцас өмсүүлээд улаан бүч зүүлгээд зураад явуулдаг байлаа. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан” гэсэн юм.

В.Долгор гуайн хань Б.Даваа Гадаад яаманд алба хашиж байсан сэхээтэн байжээ. Англи, Орос, Солонгос зэрэг орнуудад томилогдон ажилласан байна. Тэд 50 гаруй жил ханилахдаа зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ. Том охин Д.Одончимэг нь Ленинград хотын хөгжмийн сургуульд суралцаж Улсын филармонид хийл хөгжимчнөөр ажиллаж байсан. Охин Д.Оюунчимэг нь “Лусын дагина” дуурийн лусын охины дүрд тоглосон урлагийн авъяастай. Бага охин Д.Эрдэнэчимэг СУИС-д  төгөлдөр хуурч, концертмейстер, багшаар ажилласан. Том хүү Д.Мөнгөнхуяг нь Хүүхэд залуучуудын театрт ажиллаж, 20 гаруй кино теле жүжгийг дүрүүдэд дуу оруулсан байна. Хүүхдүүд нь ийнхүү урлагт хайртай, авьяастай болж өссөнд баяртай явдаг гэдгээ гавъяат хэлсэн юм. В.Долгор гуай нас өндөр болсон ч урлагийн төлөө, хүүхдийн урлагийн төлөө зүтгэсээр байх болно гэж байна. Түүнээс шинэ оны өмнөхөн байрны  түлхүүр гардсан баярт үйл явдлынх нь талаар хуваалцахад “Миний төлөө олон ч хүн зүтгэсэн байх. Урлагийн төлөө бүхнээ зориулж ирсэн надад баяртай мэдээ дуулгаж, байр бэлэглэсэн Хотын удирдлагуудад талархаж байна. Халуун сэтгэлийнхээ үгийг танай сониноор дамжуулж баярласнаа дахин, дахин хэлмээр байна. Би хүүхдүүдийнхээ төлөө уран бүтээлээ хийсээр байх болно. Хүүхдийн баяр дөхөхөөр хөөрч догдолно. Сургуулиудаар, хөдөө орон нутгаар явж дуулна. Зүгээр суухгүй. Уран бүтээлээрээ бэлэг барина” гэсэн юм. Ур­ла­гийн төлөө 70 гаруй жил зүтгэсэн, хүүхэд бага­­чуу­дын хайртай дуучин гавъяат жүжигчин В.Долгорын амьдралын арвин баялаг түүхийг сони­ны нэг нүүрт баг­таана гэвэл үгүй. Хэдэн арваар тоологдох ном, боть болох нь зүйн хэрэг.

Түүний амьдралын нэгээхэн хэсгийг өгүүлэхэд энэ буюу.

Эх сурвалж: Зууны мэдээ

Эх сурвалж:


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.