Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй ойрын өдрүүдэд хэлэлцээ хийж магадгүй гэж Украины “Ukrinform” мэдээллийн агентлаг Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подолякийн мэдээлснийг эш татан уламжилжээ.
“Энэ дайныг дуусгах цорын ганц арга зам нь хоёр ерөнхийлөгчийн шууд хэлэлцээ гэдэг нь тодорхой байна. Бид одоо хийж буй хэлэлцээгээрээ үүн дээр ажиллаж байна” гэж Оростой хийж буй энхийн хэлэлцээний Украины талын төлөөлөгч М.Подоляк мэдээлсэн байна.
Тэрбээр, “Хоёр орны удирдагчдын уулзалтын үеэр гарын үсэг зурж магадгүй баримт бичгүүдийг бэлтгэх ажил үргэлжилж байна” хэмээгээд, Украины тал гал зогсоох тохиролцоонд ойрын хугацаанд хүрнэ гэдэгт өндөр найдлага тавьж байна гэдгийг нэмж хэлжээ.
Украин, Оросын төлөөлөгчдийн дөрөв дэх үе шатны хэлэлцээ даваа гаргаас цахим хэлбэрээр эхэлсэн бөгөөд лхагва гарагт үргэлжилсэн байна.
Montsame.mn