Гэр хорооллын 200 мянган өрхийг орон сууцжуулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж Залуус-1, Залуус-2, Залуус-3 орон сууцны хороолол байгуулахаа эрх баригчид 2020 онд зарлаж байлаа. Энэ талаараа МАН шинэ сэргэлтийн бодлогодоо тусгаж, Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлэх үүргийг хүлээгээд 2 жилийг үдэж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Салбар хариуцсан сайд Б.Мөнхбаатар хурал, зөвлөгөөнд оролцох үеэрээ тунхаг төдий үг хэлснээс хэтрэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ.
Зорилтот бүлгийг орон сууцжуулах ажлын сураг тасарч, Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны кропораци гэх хоёр толгойтой могой шиг байгууллага Хөгжлийн банкнаас дааж давашгүй их хэмжээний зээл авсан ч ашиглалтад оруулсан орон сууцны ганц ч хороололгүй 2022 онтой золголоо. Баригдаагүй барилгад оруулах дараалал бичихээс хэтэрдэггүй авилгын сүлжээ шахуу болсон тус хоёр байгууллагыг Барилга хот байгуулалтын сайд нь удирдаж, чиглүүлж үнэндээ чадсангүй.
Төрийн орон сууцны кропарацийн 2021 оноос 2025 оны хооронд хэрэгжүүлэх ёстой Солонго-1, Солонго-2, Яармаг эко-1, Түрээсийн орон сууц зэрэг олон чухал хөтөлбөрүүд эхлэлгүй 2 жилийг үдлээ. Гэтэл энэ байгууллагын нэрийг барьж орон сууцанд оруулж өгөх нэрийдлээр залилан хийдэг бүлэг сүлжээ байгуулагдаж багагүй иргэдийг хохироосон тухай мэдээлэл чих дэлсэх болсон. ТОСК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал дорвитой ажил хийлгүй, бичиг цаас нухсаар орон сууцжуулах төслүүд үлгэр болсон тухай учир мэдэх хүмүүс ч хэлдэг. Хөгжлийн банканд өртэй төрийн байгууллагуудын тоог НОСК, ТОСК нэмснээс үр дүнтэй ажил нэгийг ч хийсэнгүй. Зорилтод бүлгийг орон сууцжуулах үүрэгтэй төрийн өмчит кропорациудыг удирдаж чиглүүлж чадаагүй Б.Мөнхбаатар сайд хэдий хүртэл зөөлөн сэнтийд заларч суух вэ.
Аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөр эцэстээ мянгуужингийн үлгэр болж байх шиг байна. Барилгын материалын үнэ тэнгэрт хадаж, үүнийг дагаад Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтуудын төсөвт өртөг нэмэгдэж улсын эдийн засагт дарамт үзүүлэх боллоо. Төрөөс зарласан барилгын тендерүүдийн утга алдагдаж, хэрэгжих ёстой төсөл хөтөлбөрүүд урагшлах бус ухрах тийш хандаад байна.
ТОСК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НОСК-ийг удирдаж буй М.Говьсайхан нарыг УИХ-ын гишүүн Н.Учралын шахааны хүмүүс гэлцдэг. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх ажлуудыг туршлагагүй хүмүүст даатгаж, Б.Мөнхбаатарт бүтээн байгуулалтын салбараа хариуцуулсан нь МАН-ын томилгооны алдаа болчхоод байна.