Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын яс хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан” гэх мэдээлэл тус аймгийн иргэнээс бүртгүүлжээ.
Дээрх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар нь бүлэглэн палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын яс бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уг динозаврын ясанд Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар тус олдвор хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлжээ.
Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй, үргэлжлүүлэн шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг аж.
Иймд иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж соёлын өвийн олдворын хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.