“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ. Харин шүүгдэгч Ш.Батхүүд найман жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ.