Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар ихээр бүртгэгдэж байгаа учир ХӨСҮТ-д менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалт явагдаж эхэлсэн. Тэгвэл тус вакциныг ганцхан цэг буюу ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албанд хийж буйгаас үүдэн иргэдийн бөөгнөрөл, эмх замбараагүй байдал тэнд үүсчээ. Иргэдийн зүгээс “Ганцхан цэгт вакцинжуулалт хийснээс үүдэн энд бөөгнөрөл үүсч Ковид-19 болон бусад өвчин тусах эрсдэл маш өндөр байна. Зохион байгуулалтаа хурдан цэгцлэх хэрэгтэй. Өрх, дүүргийн эмнэлгүүдэд вакцинжуулалтыг хиймээр байна” гэсэн саналыг хэлж байлаа.
Харин мэргэжлийн эмчийн зүгээс “Менингококк халдвар нь хүндэрвэл амь насанд аюултай. Гэхдээ менингет вакцинаар хамгаалагддаг. Тиймээс ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын албан дээр хоёр наснаас дээш, халдварт өртөөгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй, эмчийн үзлэгээр халуураагүй, ханиадгүй нь тогтоогдсон бол вакцинд хамрагдах боломжтой. 22 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой. БНХАУ-ын дөрвөн цэнт уг вакцин нь менингетийн дөрвөн хувилбараас сэргийлэх юм. 08.30-15.30-ын хооронд вакцинжуулалт хийж байгаа. Өрх дүүргийн эмнэлэгт хийлгэе гэсэн саналаа иргэд хүргүүлвэл боломжгүй зүйл байхгүй байх” гэсэн тайлбарыг өглөө.