Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган эхэллээ.
Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хэлэлцэх юм. Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар дэд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар бүх салбар, олон нийтийн 800 орчим төлөөлөл нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцах юм.
Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилснөөр хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм.