Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны гуравдугаар сарын 7-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм. Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Судалгаагаар “Нарантуул” зах руу чиглэж байгаа хөдөлгөөн түгжрэлийн 20 орчим хувийг үүсгэж байгаа гэсэн дүн гарсан. Нийслэлээс дээрх төслийг эрх зүйн хүрээнд дэмжинэ. Хотын захиргаанаас төсөв гаргахгүй. “Нарантуул” худалдааны төв, “Хүчит шонхор”, 100 айл гэсэн гурван зах руу баруун аймгаас зорьж ирэн, үйлчлүүлж байгаа иргэн олон байдаг. Тус худалдааны нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр иргэн хотын төв рүү орохгүйгээр үйлчилгээ авах боломжтой болох юм” гэлээ.

Нэгдсэн төвийн нийт газрын хэмжээ нь 28 га бөгөөд худалдааны төвийн барилга байгууламж 2.6 га буюу 26.000 мкв байх юм.