
Нутгийнхны ам дамжсан яриагаар бол 1842 оны 03-р сарын 09-нд одоогийн Кастайкийн /Castaic/ орчимд анх суурьшсан иргэдийн нэг дэслэгч Антонио дел Валлегийн /Antonio del Valle/ хоёр дахь эхнэрийн авга ах Франсиско Лопез /Francisco López/ Плейсерита хавцлын /Placerita Canyon/ нэгэн царс модон дор амархаар унтаж байхдаа дүүрэн алт бүхий усан сан дээр хөвж байна гэж зүүдэлжээ. Тэрээр сэрмэгцээ ойролцоох хэдэн зэрлэг сонгиныг сугалаад үндэстэй нь хамт гарч ирсэн шороонд алтны ширхэгүүд байгааг олж харав.
Ингэж л Ранчо Сан Францискогийн /Rancho San Francisco/ алтны орд нээгдсэн аж. Ранчо гэдэг нь Испани гаралтай Америкчуудын бүлэглэл, ферм, орон сууц зэргийг нэрлэдэг хэллэг.
Хэдийгээр Лопез энгийн нэгэн тариачин байсан боловч өмнө нь Мексикийн эрдэс судлалын их сургуульд суралцаж, алтны хайгуулд биеэр оролцож явсан нэгэн байжээ. Түүхэн баримтаас харвал энэ нутгаас 30 жилийн өмнө алт олдож байсан байдаг ч Лопезийн нээлт нь олон түмэнд танигдсан анхны тохиолдол. Лопесын нойрсож байсан модыг одоо "Алтан зүүдний царс" /Oak of the Golden Dream/ гэж нэрлэдэг бөгөөд Калифорнийн түүхэн дурсгалт газрын /California Historic Landmark/ №168-д бүртгэсэн байна.

Анх энэ нутагт 1797 онд цагаан арьстнууд шашны номлол түгээхээр хүрч ирж байсан бөгөөд Санта Клара /Santa Clara/ голын хөндийг ашиглан газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд таатай бүс болохыг ойлгон хөндийг түшиглэсэн Ранчогийн номлол /mission Rancho/ гээчийг байгуулж байв. Тэд тус бүсд амьдарч байсан Татавиам /Tataviam/ омгийн уугуулуудыг шашиндаа татан оруулж, газар тариалан эрхэлсэн.
Мексикийн дайны дараа нэг хэсэг уг бүс нь Мексикийн харьяанд орж шашингүй нутаг болж байсан.
1834 онд эхэнд нэр дурдагдсан дэслэгч Валле тус бүсд байсан Сан Фернандогийн номлолын эд хөрөнгийг тоолохоор томилогдов. Хэдийгээр ранчог Татавиам омгийнхонд эргүүлэн өгөх ёстой байсан ч амбан захирагч Алварадо /Alvarado/ 1939 оны 01-р сарын 22-нд найз нөхөр болсон Валлетай гэрээ байгуулжээ. Ингээд тэдний гэр бүл эндхийн анхны суурин иргэдийн нэг болов. Валле нас барахынхаа өмнө өөрөөс тусдаа амьдардаг төрсөн хүү Йгнасиотой /Ygnacio/ эвлэрэхийг хүсч түүнд ранчог бүхлээр нь өвлүүлэх тухай захиа бичжээ. Харамсалтай нь түүний захиа хүүд нь очихоос өмнө тэрээр 1941 онд нас барав. Йгнасио эцгийгээ нас барсны дараа ранчод ирж газрыг эзэмшсэн боловч шүүхээр заргалдсаны эцэст хойд эхтэйгээ үл хөдлөх хөрөнгөө хуваахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Энэхүү түүхээс үл хамааран Лопезийн олсон алтны ордоос олз хайх гэж Мексикийн Сонора мужаас /Mexican state of Sonora/ голдуу 2,000 орчим хүн Сан Францискогийн Ранчод ирсэн нь 1849 оны “алтны халуурал”-ын хажууд хамаагүй цөөн хүний анхаарлыг татсан хэрэг байлаа. Энэ нь тухайн ордын талаарх мэдээлэл ихэвчлэн Мексикийн нутагт тарсантай холбоотой гэж үздэг. Мексик-Америкийн дайн үргэлжилсээр байсан тул Америкчууд уурхайг өөрийн хяналтдаа авхаас сэргийлэн бага Валле уурхайг нурааж хүртэл үзэж байж.
Тэгэхдээ Мексик-Америкийн дайны үед байгуулсан Гвадалупе Хидалгогийн гэрээ /The Treaty of Guadalupe Hidalgo/ ёсоор тухайн газрын хууль ёсны эзэмшигчид нь газрыг цаашид ч эзэмших эрхтэйг баталгаажуулсан. Үүний дараа Йгнасиогийн хойт эх Яакоб Фелиз /Jacoba Feliz/ ранчог бүрэн хяналтдаа авахын тулд ахин шүүхэд хандан 1857 онд түүний талд шийдвэр гарснаар Йгнасио хамгийн баруун хэсгийн 55,03 км2 газрыг, Фелиз 86,23км2 газар, түүний зургаан хүүхэд тус бүр 18,96 км2 газрын эзэн болцгоов.
Харамсалтай нь энэ үеэр Өмнөд Калифорни даяар их хэмжээний үерийн гамшиг тохиолдож, газар тариалан эрхлэгчид хүнсээ хангахын тулд дарааагийн тариаландаа зориулж, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид түүндээ учирсан хохирлыг засахын тулд газраа барьцаанд тавихаас өөр аргагүйд хүрчээ. Фелиз газрынхаа тодорхой хэсгийг барьцаанд тавьж түүнийхээ өрийг дарахын тулд бага Валлед зарим хэсгээ заржээ.
Үерийн дараа ган гачиг залгаснаар газар тариалан эрхлэгчид, малчдын хувьд байдал дахин хүндрэв. Эцэст нь Йгнасиос Валле 1862 онд газрынхаа ихэнхи хэсгийг газрын тосны дамчин Томас Скоттын /Thomas A. Scott/ удирддаг Philadelphia and California Petroleum Company-д зарж зөвхөн Ранчо Камулос /Rancho Camulos/ орчмоо авч үлдэхээс өөр аргагүй байдалд хүрсэн юм.

Газрын тосны наймаачид уг газраас ямар ч тос олоогүй тул энэ хэсгийн газар Санта Кларитын хөндийтэй нэр нь байнга холбогдож байдаг Хенри Ньюхоллын /Henry Newhall/ гарт очжээ.
Ньюхолл Номхон далайн өмнөд хэсгийн төмөр замын компанид Лос Анжелес руу төмөр зам барих эрхийг олгож, газрынхаа тодорхой хэсгийг худалдсаны дараа компани түүний нэрээр Ньюхолл хэмээх шинэ хот байгуулжээ. Галт тэрэгний буудлын эргэн тойронд өөр нэг хот шинээр боссон бөгөөд Ньюхолл түүнийг өөрийн төрөлх хот болох Саугус /Saugus/ хотын нэрээр нэрлэжээ. 1882 онд Ньюхоллыг нас барсны дараа түүний өв залгамжлагчид Newhall Land and Farming Company-ийг байгуулж, газар нутгийг удирдаж байв. 1936 онд Ньюхоллын ач хүү Атолл МакБин /Atholl McBean/ уг газраас тос олж, компанийн нэрийг нь Ньюхолл Ранч /Newhall Ranch/ болгон өөрчилсөн байна.
Ийм л нэг баялаг дүүрэн газарт анх 1842 онд алт олдсоноор энэ бүс алттай нь тогтоогдож төд удалгүй 1849 оноос алдарт “Калифорнийн алтны халуурал” /California Gold Rush/ эхлэсэн түүхтэй ажээ.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв Блог