
Жил бүрийн 03-р сарын 08-ны өдөр “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” /International Woman's Day (IWD)/ тохиодог. Тэгэхдээ манайхан энэ өдрийг 1857 оны 03-р сарын 08-нд болсон Нью Йоркийн оёдлын үйлдвэрийн ажилчдын ажлын цагаа багасгах, ажлын байрны нөхцлийг сайжруулахын төлөө хийсэн жагсаалаас эхтэй гэж үзэх нь бий. Харин олон улсын хувьд энэхүү жагсаалтай огт холбоогүй, санамсаргүй давхцсан огноо гэж үздэг бөгөөд анх 03-р сарын 08-н ч байгаагүй аж.

Тэгвэл анхны эмэгтэйчүүдийн өдрийг "Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр" гэсэн нэртэйгээр 1909 оны 2-р сарын 28-нд Нью-Йорк хотод Америкийн Социалист намаас идэвхтэн Тереза Малкиэлийн /Theresa Malkiel/ санаачлагаар зохион байгуулжээ. Энэ өдрийг 1857 оны оёдлын ажилчдын эсэргүүцлийн жагсаалтай холбох гэж оролддог ч судлаачид үүнийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг социалист үзэл санаанаас нь салгах зорилготой оролдлого гэж үзсэн.

1910 оны 8-р сард Дани улсын Копенгаген хотод Социалист 2-р Интернационалын ерөнхий хурлын өмнө Олон улсын социалист эмэгтэйчүүдийн бага хурлыг зохион байгуулав. Энэ хурлын үеэр Германы төлөөлөгчид болох Клара Цеткин, Кейт Данкер, Паула Тиде /Clara Zetkin, Käte Duncker, Paula Thiede/ болон бусад хүмүүс Америкийн социалистуудын туршлага дээр үндэслэн жил бүр "Эмэгтэйчүүдийн өдрийг" тэмдэглэх санаачлага гаргав. 17 орныг төлөөлсөн 100 төлөөлөгч энэ санааг эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, тэр дундаа эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хангахад түлхэц болохуйц сайн санаачлага гэж үзсэн байна.
Дараа жил нь буюу 1911 оны 3-р сарын 19-нд Австри, Дани, Герман, Швейцарьт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг нэг сая гаруй хүн тэмдэглэжээ. Зөвхөн Австри-Унгар улсад л гэхэд 300 гаруй жагсаал болж, эмэгтэйчүүд Парисын коммунын тэмцэлд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн туг барин Вена хотын Рингштрассе /Ringstrasse in Vienna/ гудамжинд жагсаж байв. Европ даяар эмэгтэйчүүд сонгох, төрийн албан тушаал хаших эрхийг шаардаж, ажлын байрны орчинд хүйсээр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн юм.

IWD анхандаа тодорхой огноогүй байсан ч ихэвчлэн 2-р сарын сүүл эсвэл 3-р сарын эхээр тэмдэглэдэг байв. Америкчууд 2-р сарын сүүлчийн ням гарагт "Үндэсний эмэгтэйчүүдийн баяр"-ыг тэмдэглэсээр байсан бол Орос улс 1913 онд анх удаа 2-р сарын сүүлчийн бямба гаригт Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байсан нь тухайн үед ашиглаж байсан Жулианы тооллоор бөгөөд үүнийг Григорийн хуанлид шилжүүлбэл 3-р сарын 8-н таарч байсан юм.
1914 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Германд анх удаа 3-р сарын 8-нд тэмдэглэсэн нь Ням гараг байсантай холбоотой байж магадгүй юм. Бусад орны нэгэн адил Германы энэхүү тэмдэглэлт өдөр нь эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хамгаалахад чиглэж байсан бөгөөд Германы эмэгтэйчүүд 1918 он хүртэл сонгох эрхээ баталгаажуулж чадаагүй юм.
Үүний зэрэгцээ Лондонд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг дэмжсэн жагсаал болж, Сильвия Панкхурстыг /Sylvia Pankhurst/ Трафалгарын талбайд /Trafalgar Square/ үг хэлэхээр явах замд Чаринг Кросс /Charing Cross/ зогсоолын орчимд баривчилж байв.
Харин 1917 оны 03-р сарын 08-нд Петроград хотноо Орос эмэгтэйчүүд “Талх ба энхтайван” уриан дор дэлхийн 1-р дайныг зогсоож, хүнсний хомсдлыг бууруулахыг Хаант засгаас шаардан жагссан нь хоёрдугаар сарын хувьсгалын эхлэл болсон гэж үздэг /Жулианы тооллоор 02-р сарын 23/.
Өнөөдөр тус өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг боловч бүх нийтийн амралтын өдөр болгосон, зөвхөн бүсгүйчүүд амардаг, ямар нэг амралтгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг улсууд хэмээн хуваадаг бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр тодорхой үйл ажиллагаанууд зохион байгуулдаг.
2022 оны “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийн НҮБ-аас зарласан албан ёсны уриа нь “Өнөөдрийн хүйсийн тэгш байдал нь маргаашийн тогтвортой байдлын үндэс” /Gender equality today for a sustainable tomorrow/ юм.
Эх Сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог