Өчигдөр Белорусийн Брестэд Орос Украины хэлэлцээний гуав дахь шатны уулзалт боллоо. Хэлэлцээ орон нутгийн цагаар 15.00 цагт эхэлсэн.
Энэ удаад Беларусь Украин, Оросын 3-р шатны хэлэлцээг зохион байгуулав. Уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн ч талууд тохиролцоогүй хэвээр байна.
Хэлэлцээний явцад харин хүмүүнлэгийн коридорын асуудалд тодорхой ахиц дэвшил гаргаж чадсан бөгөөд хэлэлцүүлэг улс төр, цэргийн талын асуудлаар үргэлжилсэн юм. Гэсэн хэдий ч дорвитой үр дүн гараагүй байгаа талаар хоёр талын төлөөлөгчид мэдээлэв.
ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский яриа хэлэлцээ эхлэхийн өмнө мэдэгдэл хийж, "Дотоод улс төрийн зохицуулалтын асуудал, олон улсын хүмүүнлэгийн асуудал, цэргийн зохицуулалтын асуудал гэсэн гурван багц асуудлыг хэлэлцэнэ" гэж мэдэгджээ.
Мединский "Украины тал оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх коридор бий болгоход саад болж байна" гэж хэдэнтээ ярьж байсан удаатай.
Даваа гарагт Орос хэд хэдэн хүмүүнлэгийн коридор, тэр дундаа Киевээс гарах гарц санал болгосон боловч зарим энэхүү коридор нь Беларусь, Оросын нутаг дэвсгэр рүү чиглэж байсан учир Киев ийм сонголт хийх боломжгүй гэж хариулсан байна.
Тэгвэл хэлэлцээрт оролцохоор ирсэн Украины тал ч бас мэдээлэл хийжээ. Тодруулбал, Украины төлөөлөгчдийн гишүүн, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Бойкогийн тухай хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг уриалсан байна.
Өмнө нь мөрдөн байцаагч Христо Грозев нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан, ОХУ Украины сөрөг хүчний платформын дарга Юрий Бойког Украины Ерөнхий сайд болгохыг шаардсан гэж мэдээлсэн юм.
Харин үүний хариуд Юрий Бойко өөрөө гарч ирж “эдгээр мэдэгдлийг "хуурамч", "өдөөн хатгалга" гэж нэрлээд байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Киевт тавигдах шаардлагыг тодорхой дурдсан. Түүний хэлснээр, Украин Крымийг Оросынх мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын (ДНР, ЛНР) тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс гадна Киев үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, "аль нэг эвсэлд нэгдэнэ" гэсэн зохицуулалтаасаа татгалзах ёстой.