АН-ыг “хагалсан” буруутан МАН гээд байснаа Орос болж хувирсан уу?!

2022-3-7
2051

Уг нь АН-ынхан хоорондоо 2017 оноос хойш зөрчилдөж эхэлсэн юм. Гэхдээ 2020 оны сонгуулийн дараа энэ бүхэн нь тэсэрсэн. Тэр сонгуульд унасан шийтгэлээ эдэлж С.Эрдэнэ тамгаа өгсөн. Дэд дарга байсан Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч болсон ч Их хурлаа зарлаж өөрийгөө албажуулаагүй. Ингэж явсаар 2020 оны сонгуулийн босгон дээр ширүүхэн нанчилдах болсон. Хоёр АН-тай болсон. Гэхдээ С.Эрдэнийн барьж байгаа тамгаар 2021 оны УИХ-ын нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн болоод Орон нутгийн сонгуульд оролцсон. Сүүлдээ нийллээ гэсэн. Гэсэн ч хоёр талд хоёр өөр үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

УИХ дахь бүлэг нь бас утгаа алдсан. Энэ бүлэг хэдэн гишүүнтэй нь тодорхойгүй. Бие даагчид хийгээд өөр намын нэрээр сонгогдсон нэр бүхий гишүүдийг авлаа гэсэн. Бас “Аваагүй” гэсэн. Бүлгийн зарим гишүүнээ “Хөөлөө” гэсэн мэдэгдлийг АН-ын бүлэгт харьяалагддаг гишүүд хийсэн. Хэн нь хэнийгээ хөөгөөд байгаа нь мэдэгдэхээ больсон. Эцэстээ Д.Ганбат бүлгийн дарга хэвээрээ ч юм шиг, үгүй ч юм шиг болсон.

Сүүлдээ АН-аа орхиод Дээд шүүхэд асуудалгүй бүтгэлтэйгээр нь МоАХ-оо булаалдаж байх шиг байгаа юм. Тэнд нэг МоАХ, энд дахиад МоАХ...

Ер нь бол АН-ын асуудлыг ард түмэн байтугай АН-ынхан өөрсдөө ч ойлгохоо больсон дог шүү.

Гэхдээ АН-ынханд нэг “юм” байдаг. Нэг зүйл байна. АН-ынхан ингэж хагаралдсан нь тэдний буруу биш. Тэд ингэж үздэг.

Жилийн өмнө дөө, АН-ынхан Онц их хурал зарлаж байв. Тэр үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын дотоод хагарал угтаа тулж 1990 оноос хойш хамгийн бага санал сая сонгуулиар авлаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд МАН манай намын дотоод хагарлыг ашиглаж Сонгуулийн хуулийг өөртөө ашигтай батлуулсан” гэсэн. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “АН-ыг анх байгуулсан олон зуун мянган гишүүн ардчиллыг Монголд бэхжүүлж, энэ улс орны хувь заяаг шийднэ гэхэд итгэж оролцсон болохоос МАН-аар намынхаа асуудлыг шийдүүлнэ гэж нэгдээгүй. МАН-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж АН-ын хувь заяаг шийднэ гэж байна. Та бүхэн хоёр талд хурал хийх биш нэг дороо хурлаа хийж нэг даргатай болоорой” гэж байлаа.

Аль нэг АН-ынх нь ХЭГ-ын дарга Б.Ган-Очир дөрвөн сарын өмнө “Загас толгойноосоо өтдөг, булаг ундаргаасаа бохирддог гэдэг шиг дээр гараад байгаа ялих шалихгүй хэрүүл АН-ыг хувааж, дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн МАН-ын адын хүсэлд нь өгөөш болоод үндэсний хямрал болгоод байна” гэж хэвлэлд ярьсан. Иймэрхүү байдлаар АН-ын хагарлын буруутан МАН гэцгээдэг юм. Энэ хэд ч гэлтгүй, АН-ынхан ер нь бүгдээрээ л ингэж ярина. Бүтэн хоёр жил ингээд ярьчихаж байгаа юм.

Нөгөө “хойд хар овоохой” хааяа хариу өгнө өө. Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан гарч ирээд “Энэ нь АН-ын л асуудал. Монгол төрийн асуудал биш ээ. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй төрийн сонгуульд орох гэж байгаа нь эдгээр улсуудыг ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж улс төр хийж байгаад гайхаж байна. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Монгол Улс нэг хүний болон нэг намын дарлалд орох ямар ч боломж байхгүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. АН-ын залуучууддаа уриалмаар байна. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, Энэ ардчилсан намын ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар өрсөлдмөөр байна. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч намаа шинэчлээч” гэчихэж байв.

Тэгвэл цагаан сар өнгөрч, бар жил гарсанаас хойш АН-ыг “хагалсан” буруутан өөрчлөгджээ. Цагаан сар ч гэж, хоёр долоо хоногийн өмнө Орос улс Украин руу дайрснаас хойш тийм болсон. Тодруулбал, АН дахь МАН-ын тэр “орон зай”-г Орос эзлэх болжээ.

АН-ынхан цахим оройн зайдаа Украины далбааг “мандуулж” байна. Үүгээрээ болоод үг яриагаараа Оросыг буруутгасан байр суурийг ч нэлээдгүй гаргав. Тэгээд өнгөрсөн амралтын өдрүүдээр аль нэг АН нь ээлжит бус XIII их хурлаа МҮЭСТ-д хийлээ. Тэр хуралд очигсдын нэлээд нь Украины төрийн далбаа дахь цэнхэр, шар өнгийг өмссөн хувцсандаа шингээсэн байв. Тэр хурлаараа Орос, Украины асуудлыг авч хэлэлцэж, байр сууриа илэрхийлцгээсэн байна.  Тэд “1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар айдсаа дарж, эрх чөлөөнийхөө төлөө бид тэмцсэн. Украины асуудлаас болж нийгэм айдсаараа нөгөө хэсэг нь үнэт зүйлсээрээ хуваагдаж байна”, “Оросоос Украин руу дайрч байгаа нь нэг өдрийнх биш ээ. Их урт хугацаанд могойн үр бойжиж байсан”, “Өнөөдөр түрэмгийлэл үйлдэж  байгаа Путины дотор Сталин, Гитлер бий. Өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж устгах бодол түүний дотор бий”,  “Оросын улс төрийн системээр цааш явах ёсгүй”, “Орос, Украины дайн одоо  хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна” гэх зэргээр мэдэгдэл хийлээ. Ерөнхийдөө АН-ынхны бухимдал Орос руу чиглэв. Уг нь тэнд Орос, Украин муудахад энд АН бухимдах нь хэр зохимжтой бол доо. Монгол Улс дуугүй байх нь зохимжтой гэдэг дээр санал нэгдчихээд сууж байна. Гэтэл АН-ын “ах нар” нь ингэж далайн цаадах бодлого дээр ээлжит бус их хурал зарлатлаа идэвхижсэн нь гайхашрал төрүүлж байна.

За яахав, нарийн ширийнийг нь ойлгож мухарлахаа больё. Тэгэх нээ, Б.Нацагдоржийн шүлэг, Л.Галмандахын ая “Буруу буруу” гэдэг хүүхдийн дуурхуу юм болоод байгаа нь анзаарагдах аж. Тэр дуунд “Буруу бүхэн бусдын буруу” гээд “Хичээл тасалсан нь, муу авсан нь, ер нь бүх буруу бусдынх” гэдэг юм. Нээрэн л, саяхан АН-ыг “хагалсан” буруутан МАН гээд байснаа Орос болж хувирсан даг шүү?!

 

Т.БАТСАЙХАН

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.