Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй 26 чанаргүй зээлийг танилцуулав. Эдгээр зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тухайгаа мэдээлсэн.
26 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан байна.
Улмаар энэ асуудал хүчээ авч байх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хөндөн, ямар улстөрчид чанаргүй зээлийн ард байгааг ил тод зарлахыг шаардаж байв. Тэдгээр улс төрчдийн нэр түрүүчээсээ тодорхой болж байгаа.
Шүүхийн шатанд олон хэрэг байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд төгрөгийн асуудал шүүхийн шатанд байна. Харамсалтай нь зарим нэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаагдсан, зарим хэрэг шүүхээс дахин дахин буцаж байгаа нь энэ хэргийг шударга үнэнээр шүүх сонирхолгүй байна гэж харагддаг.
Ганцхан жишээ дурдахад зээл төлөх хугацаа нь 40 сараар хэтрээд байгаа “Монгол драй милк” компанийн хэрэг гэхэд хоёр жилийн турш сунжирч шүүхээс 11 удаа буцаад байгаа юм.
Яг үүнтэй төстэй нэг хэрэг нь “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийн зээлтэй холбоотой хэрэг. Энэ асуудлаар Хөгжлийн банк гурван удаа шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй байна. Эцсийн өмчлөгч тодорхойгүй учраас гэсэн тайлбарыг араас нь дагалдуулдаг. Гэвч энэ үйлдвэр хэнийх вэ гэдэг нь тов тодорхой зүйл. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөтөл” хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. “Хөтөл”-ийн орлого хаашаа ордгийг бид мэднэ. Гэвч шүүх хэргийг шийддэггүй” хэмээн УИХ-ын хуралдаан дээр хэлж байв.
Энэчлэн дурдвал олон жишээ гарна. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой хэргийн нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг зээлдэгч ус бүрээр хүргэж байна. Эндээс уншигч та бүхэн Хөгжлийн банкны асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг илүү тодорхой авах боломжтой.
“КЬЮЭС СИ” 203 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээндХандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам, ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан.
2015 оны арван хоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авч, зээлийн гэрээгээр 2018 оны арван хоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байв. Үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд шийдвэрлэсэн юм.
Сануулахад энэ компани бол хуучин Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөгөөд 60 жилийн хугацаатайгаар менежментийн гэрээ гэгчээр хувийн мэдэлд шилжээд байгаа юм.
- “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ”, “НЬЮ ЯАРМАГХАУСИНГПРОЖЕКТ” КОМПАНИ ХАМТРАН 142 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл төлөлт 56 сараар хойшилсон тул 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
ТОСК-аас 24 тэрбум , “НЯХП” компаниас 61 тэрбум төгрөг тус тус гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр 2020 онд гарсан. Давж заалдах шатны шүүх хурал гурван сарын дараа болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт ороогүй, хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулжээ. Дээд шүүхийн шүүгчдэд энэ хэргийг хуваарилаагүй байдалтай байна.
- “ЭРЭЛ” КОМПАНИ 2013 ОНД 104 ТЭРБУМ төгрөгийн зээлийг угсармал орон сууц барихаар авсан.2013, 2014 онд хоёр удаа зээл авч, 26 тэрбум төгрөг төлжээ. Гэвч зээлийн нийт үлдэгдэл 163 тэрбум төгрөг байна. Тус компанийн банканд үлдээсэн барьцаа хөрөнгийг 83 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
Зээлийн хугацаа хэтрэлт 91 сар болсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны аравдугаар сард ханджээ. Шүүх хурал таван удаа хойшилж, Хөгжлийн банк 161.9 тэрбум төгрөгийг тус компаниас шаардаж байна.
Гэвч хэдхэн хоногийн өмнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “Би найдваргүй зээлдэгч биш. Төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн Банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд багтааж байна” хэмээн мэдээлэв.
- “МОНГОЛДРАЙМИЛК” КОМПАНИ 42.6 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Тус компани 2017 онд хөдөө хуурай сүүний 60 үйлдвэр барина хэмээн зээл авчээ. Гэвч ердөө 2.4 тэрбум төгрөгийн зээл эргүүлэн төлж, одоо 50 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх ёстой. Тэд зээл авахдаа нийт 62 тэрбум төгрөгийн үнэ бүхий барьцаа үлдээжээ.
Тус компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж байна. “Монгол драй милк” компанийн зээл төлөлт 40 сараар хугацаа хэтэрчээ. 2019 онд шүүхэд хэргийг шилжүүлсэн ч 11 удаа шүүх хурал хойшилж, хэрэг хоёр жилийн турш сунжирч байгаа юм. Дараагийн шүүх хурлын товч гараагүй байна.
- “БЭРЭН” ГРУПП 33.2 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан.720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барихаар авсан зээлээс 3.2 тэрбум төгрөг төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 43 тэрбум төгрөг болжээ. Одоогоор шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
- “МОНГОЛ МАХЭКСПО”, “БИШРЭЛТ ПРОПЕРТИЗ”, “ВЕЛЛМАРТ” ХАМТРАН 31.9 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. 8.4 тэрбум төгрөгийг эрүүлэн төлж, зээлийн үлдэгдэл 38.6 тэрбум төгрөг байна. Зээл төлөлт 31 сараар хойшилсон. 2019 онд СХД-ийн Иргэний хэргийн анхан, давж заалдах шатны шүүх хурлууд болсон. Дээд шүүхийн хурлыг товлоогүй байна.
- “ЕНСАДАИСТЕРН” КОМПАНИ 26.9 ТЭРБУМ төгрөгийн зээлийг экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр авсан. Нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй, зээлийн нийт үлдэгдэл 34 тэрбум төгрөг болжээ. Зээл төлөлт 22 сараар хойшилсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж байна.
- “ЧИНГИС ХААН” БАНК 25 ТЭРБУМ төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр 2019 онд авсан. Зээлийн нийт үлдэгдэл 37.5 тэрбум төгрөгт хүрчээ. Зээл эргэн төлөлт 22 сараар хойшилсон тул 2020 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Шүүх тус банкнаас 28.1 тэрбум төгрөг гаргуулах, 9.2 тэрбум төгрөгийн 27 ширхэг, барьцааны орон сууцны өмчлөгчөөр МУХБанкийг тогтоожээ.
Гэвч Чингис хаан банкны гомдлоор шүүх хэлэлцсэн. Анхан шатны шүүх рүү буцаасан байна. Чингис хаан банкнаас хяналтын шатанд буюу Дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг 2021 онд анхан шатны шүүх рүү буцаасан.
- ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ 2016 ОНД 19 ТЭРБУМ төгрөгийн зээлийг “Хөдөлгөөнт цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр авсан.Зээлийн нийт үлдэгдэл 25 тэрбум төгрөгт хүрч, зээл төлөлт 64 сараар хойшилжээ. 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, гурван шатны шүүх хурал болсон. Хариуцагч ТОСК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, шүүхийн маргаан дуусжээ.
- “СОНГОУЛД”, “ӨРМӨНУУЛ ГРУПП” 17 ТЭРБУМ төгрөгийн зээлийг “Алт-2” хөтөлбөрт оролцохоор авсан. 2017 онд авсан ч зээлийн нийт үлдэгдэл 19 тэрбум төгрөгт хүрчээ. Зээлээ сүүлийн 43 сар төлөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж, хамгийн сүүлд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Дээд шүүхээс энэ хэргийг хэлэлцэх, эсэх шийдвэрийг хүлээж байна.
- “ПИРАМИД ОРД” КОМПАНИ 15 ТЭРБУМ төгрөгийн зээлийг “Буман залуус 296 айлын орон сууц” барихаар авсан.
Зээлийн нийт үлдэгдэл 23 тэрбум төгрөг болсон.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
- “БАРМОН” 13.8 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Зээлийн нийт үлдэгдэл 17 тэрбум болж, 54 сарын турш зээлээ төлөөгүй.Сонгинохайрхандүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч томилоогүй байна. Сануулахад зээлдэгч Ш.Үнэнбат саяхан АН-ын Хяналтын хороонд тайлбараа хүргүүлээд байгаа.
- “МОНДУЛААН ТРЕЙД” КОМПАНИ 13 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан.
3.3 тэрбум төгрөгийн зээл төлж, зээлийн нийт үлдэгдэл 17.7 тэрбум төгрөг байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхний хурал болж, шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
- ЧИНГИС ХААН БАНК 13 ТЭРБУМ төгрөгийн зээлийг Арьс шир боловсруулах төсөлд дамжуулан олгосон. Зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум төгрөг. 2021 онд Давж заалдах шатны шүүх Чингис хаан банкны гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхрүүбуцаасан ч тус банкнаас хяналтын шатанд гомдол гаргаж, Дээд шүүх анхан шатны шүүх рүү буцаажээ.
- “МБҮТРЕЙД” КОМПАНИ 11.5 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Зээлийн нийт үлдэгдэл 16.7 тэрбум төгрөг болж, 55 сараар зээл төлөлт хойшилсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхрүү хэргийг шилжүүлсэн.
- “ЗЭСТ-ӨНДӨР” КОМПАНИ 10.8 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн нийт үлдэгдэл 11.8 тэрбум төгрөг болжээ. Сүүлийн 28 сард зээлээ эргүүлэн төлөөгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Дараа нь хоёртал буюу “Зэст-Өндөр” ХХК болон Банк тус тус Дээд шүүхэд гомдол гаргажээ. Дээд Шүүхийн шүүх хурал хүлээгдэж байна.
Тус компани Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Ширэн-овоо хэмээх газарт 583.83 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын талбайг эзэмшдэг. 2014 оноос үйл ажиллагаа явуулж, 2015 оны эхний хагас жилд баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан. Урьдчилсан тооцоогоор баяжуулах үйлдвэрээс жилд 500 мянган тонн, цаашид хүчин чадлаа 2-3 дахин нэмж, төмрийн өндөр агуулгат баяжмал боловсруулж, экспортод гаргахаар төлөвлөжээ. “Заг” групп энэ компанийн хөрөнгө оруулагч юм.
- “МОНГЕМА” КОМПАНИ 10 ТЭРБУМ төгрөгийн зээлийг муур, нохойн хоол үйлдвэрлэхээр авчээ. Тус компанийн зээлийн нийт үлдэгдэл 12 тэрбум төгрөг болсон. Тэд зээл авахдаа 10.5 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө үлдээсэн, зээл төлөлт38 сараар хоцорсон тул яг нэг жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хурлыг огт зарлаагүй байна.
- “МОНГОЛ ЭМИМПЕКСКОНЦЕРН”, “БИШРЭЛТ ГРУПП” 7.2 ТЭРБУМ Төгрөгийн зээлийг 2018 онд авсан. 5.5 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, зээлийн үлдэгдэл 4.9 тэрбум төгрөг болжээ.
Зээл төлөлт 31 сараар хойшилсон тул 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч, 6.9 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийджээ. Дээд шүүхийн хуралдааны тов гараагүй байна.
- “ГАН ХҮДЭР ОРД” КОМПАНИ 5.9 ТЭРБУМ төгрөгийн зээлийг хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барихаар авчээ. Зээлээс 1.2 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл нь 5.6 тэрбум төгрөг байна. Зээл төлөлт 21 сараар хойшилсон.Шүүхийн шийдвэрийг Дарханы ШШГГ 445-р хорих ангид гүйцэтгэсэн.
- “ИНЖИР” КОМПАНИ 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН зээлийг экспортын наамал дүнз үйлдвэрлэх, евро стандартын угсармал, модон байшин барихаар 2018 онд авчээ. Зээлийн нийт төлбөр 7.6 тэрбум төгрөг болсон. Нийт5.7 тэрбум төгрөгийн барьцааг Хөгжлийн банкаар үнэлүүлсэн. Зээл төлөлт нь 42 сараар хоцорсон тул өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Одоогоор нэхэмжлэлийг гардуулаагүй байна.
- “МОНЛАА” 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН зээлийг төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 7.6 тэрбум төгрөг болсон. Сүүлийн 74 сард зээлийн эргэн төлөлт хийгээгүй. 2019 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарч,барьцаахөрөнгийн шинжээчийн үнэлгээ хийж, дуудлага худалдаа эхэлнэ. Тус компанийн барьцаа хөрөнгийг 6.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
- “СЭЛЭНГИЙНГЕРЕФОРД” КОМПАНИ 4.1 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Зээлийн нийт үлдэгдэл 5.4 тэрбум төгрөг болж, 72 сар зээлээ төлөөгүй. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж, шүүгч томилоогүй байна.
- “БОЛОР ШҮР” КОМПАНИ 2.3 ТЭРБУМ төгрөгийн зээлийг “Алт-2” хөтөлбөрт орохоор авсан. Зээлийн нийт үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг болсон. Энэ маргаантай холбоотойгоор долоон удаагийн шүүх хурал 2018 оноос хойш болжээ. Тус компанийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан байна.
- “ДЭД БҮТЭЦИНЖЕНЕРИНГ” КОМПАНИ 2.1 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. Одоо зээлийн нийт үлдэгдэл 2.8 тэрбум байна. Зээл төлөлт 34 сар хойшилсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхний хурал болжээ.
- “ЭРДХУЛ” КОМПАНИ 0.7 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан. 0.3 тэрбум төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 0.6 тэрбум төгрөг байна. Сүүлийн 43 сар зээлээ төлөөгүй. 2019 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарч, дуудлага худалдаа зохион байгуулах болсон.
Энэ 25зээлдэгчийн чанаргүй зээлийн нийт дүн 880 тэрбум төгрөг байна. Гэвч компаниудын бодит буюу гэрчилгээтэй барьцаа хөрөнгө 323 тэрбум төгрөг байгаа юм. Одоогоор Хөгжлийн банк шүүхээс нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн шаардлага гаргажээ.
Ерөнхий зураглалаараа нэг иймэрхүү байна. Эндээс маш тодорхой байгаа нэг зүйл бол Хөгжлийн банк шүүхэд хандсанаараа чанаргүй зээлийн асуудлаа түргэн шуурхай шийднэ гэвэл ёстой “бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэдэгтэй утга нэг. Нийт дүнгээрээ 1.6 их наяд гэж байгаа чанаргүй зээлийн эргэн төлөлтийг өөр шуурхай арга замаар шийдвэрлэж чадахгүй бол 2023 онд Хөгжлийн банк бондуудынхаа эргэн төлөлтийг хийж чадахгүйд хүрнэ гэдэг нь тодоос тод харагдаж байгаа юм.
Б.Тулга