Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет төрийн жолоо атгасны 70 жилийн ой энэ тавдугаар сард тохионо. Эзэнт гүрэн нь Европын Холбооноос дуулиан шуугиантайгаар тусгаарласны дараа британичуудын хувьд энэхүү үйл явдал асар чухалд тооцогдох ч ойн баярыг ёслол төгөлдөр, сүр жавхлантай тэмдэглэнэ гэхэд эргэлзэх хэд хэдэн шалтгаан буй.
Их Британид Брекситийн дараа дотоод задрал явагдана гэж үзэх шинжээч олон байлаа. Хэдийнээс салан тусгаарлах хүслээ цухалзуулж, байсхийгээд л санал асуулга явуулдаг Шотланд, Умард Ирланд, хараахан санал асуулга явуулаагүй ч бие даах бодол тээсээр ирсэн Уэльс, Австрали Хатан хааныг насан өөд болсны дараа зүгээр суухгүй гэдэг нь тодорхой. Тэгвэл II Элизабет вант улсаа одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнээр нь авч үлдэхэд туслах ганц гаргалгаа нь бие эрүүл, ухаан саруул дээрээ угсаа залгамжлах хунтайж Чарльзд ширээгээ шилжүүлэх байж магадгүй юм. Энэ нь хааны гэр бүлийн ёс уламжлал, эрхэм дээд чанар төдийгүй улс үндэстний бүрэн бүтэн байдалд нэмэртэй гэж үзэх хүний тоо сүүлийн өдрүүдэд улам бүр олширлоо.
Элизабет эцэг VI Жорж хааныг тэнгэрт хальсан 1952 оноос хойш Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс, түүний хамтын нөхөрлөлийн орнуудыг удирдаж буй. Британийн хаан ширээ залгамжлагчдаас хамгийн урт хугацаанд төр барьсан Хатан хаан дэлхийн түүхэнд бол 72 жил төрийн жолоо атгасан Францын XIII Луи хааны дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ.
Британичуудын бэлгэ тэмдэг болсон хатагтай өнгөрсөн хугацаанд Уинстон Черчиллиөс хойш өнөөгийн Борис Жонсон хүртэл 14 Ерөнхий сайдын нүүр үзэв. Хэдийгээр эзэнт гүрэн бүгд найрамдах засаглалд шилжин Хатан хааны удирдан захирах эрх мэдэл суларч, бэлгэ тэмдгийн шинжтэй болсон ч тэрээр өөрийн ажил үүргийг олон нийтийн маргаантай асуудлуудаас холдуулж чадсан нь ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй эрхэм дээдсийн дүр төрхийг хадгалж үлдэхэд тусалсан билээ.
Энэ жил 96 нас сүүдэр зооглох Хатан хаан сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хааны гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэх ёстой үүрэг, олон нийтийн арга хэмжээ, олон улсын дээд хэмжээний уулзалтуудаас нэрээ татах болсон. Тэгвэл ирэх зун болох хаан ширээнд заларсны 70 жилийн түүхэн арга хэмжээнд өөрийн биеэр оролцохоо онцлон мэдэгджээ. Үүнийг Элизабетын хаан ширээнд суух түүхэн цаг хугацааны төгсгөл гэж харах хэсэг байгаа юм. Насан өндөр болсон эхийнхээ өмнөөс Уэльсийн хунтайж Чарльз төрийн зарим ёслол, албан үүргийг нь гүйцэтгэх болсон нь ч үүний нотолгоо байж мэднэ. Хэдхэн долоо хоногийн өмнө гэхэд л хунтайж Чарльзыг хаан ширээ залгамжлах үед түүний хоёр дахь эхнэр Камилла хатны цол хэргэм хүртэнэ гэдгийг дэлхий дахинд зарласан билээ.
Коронавирусийн халдвар авснаа зарласан ч хатны бие тэнхлүүн, ухаан санаа саруул. Гэвч зуу шахаж яваа өндөр настанд оюуны асар өндөр ачаалалтай төрийн ажил эрхэлнэ гэдэг амаргүй нь ойлгомжтой.
Их Британийн түүхэнд хамгийн богино ердөө 326 хоног төр барьсан VIII Эдуардын дараа “ширээгээ шилжүүлэх” гэдэг үгийг хэлэх зориг хаан удмынхнаас бараг л гараагүй билээ. 1936 онд Элизабетын авга ах Эдуард хувийн амьдралаа илүүд үзэж хаан ширээнээс татгалзсанаар өөрийн дүү III Жоржид титмээ шилжүүлж байв. Өнөөгийн Хатан хааны эцэг III Жоржийн засаглалын үед тогтсон журмаар Уэльсийн хунтайж Чарльз эхийгээ амьд сэрүүн цагт хаан ширээ залгамжлах тухай ам нээх боломжгүй. Түүнчлэн хунтайж хатны өмнөөс нь албан үүргийг нь гүйцэтгэсээр байвал тэнгэрт хальсных нь дараа титэм зүүхэд улам л бэрхшээлтэй болно.
Бурхантай байгуулсан гэрээ
Хааны гэр бүлийн намтар судлаач Хюго Викерсийн өгүүлснээр Хатан хаан амьд ахуй цагтаа хаан ширээгээ орхихгүй гэсэн тангаргийг бурхны өмнө тавьсан. Гүнж Элизабет 1953 онд титэм зүүхдээ “Хэрэв адислагдсан хатан бол хаан ширээг хэзээд орхиж үл болно” хэмээн бурхантай гэрээ байгуулсан юм. Тухайн жил явуулсан санал асуулгаар Британийн 10 иргэн тутмын гурав нь түүнийг бурхантай байгуулсан гэрээгээ зөрчиж, хаан суудлаас татгалзана гэдэгт итгэлтэй байжээ. Хэдийгээр бурхан шүтээний өмнө ам тангараг тавьсан ч титэмт сэнтийгээ шилжүүлэх нь өнөө цагт зүй бус үйлдэлд тооцогдохоо больсон билээ. Шинэ мянган гарсаар Нидерланд, Бельги, Испани, Японы хаант төрийг залуу залгамжлагчид нь уламжилж яваад байна. Хатуу дэг жаягтай католик сүм хийдийн ёс уламжлал ч зөөлөрч 2013 онд Ромын пап Бенедикт хорвоогийн жамаар бус өөрийн хүслээр залгамжлагчаа тодруулж байлаа.
Ер нь хаант засаглал Үндсэн хуулиар л зохицуулагдах зайлшгүй үүрэг хариуцлага биш тул ганцхан хүн улс төрийн үйл хэргээс тусдаа төрт улсын бэлгэдэл байх боломжгүй гэх үзэл хандлага улам бүр хүчээ авч буй. Үнэндээ ч хаан гэгдэх хүн төрсөн цагаасаа хойш ямар нэг шашин, ёс уламжлалаар бусдыг захирах онцгой нэгэн болж сонгогдох нь ардчилал хөгжсөн өнөө цагт учир дутагталтай хэрэг. Өнөөгийн хаант засаглал нь зөвхөн соёл уламжлал, түүхийн ул мөр төдийгөөр хязгаарлагдах нь нэгэнт тодорхой.
Нөгөө талаар дэлхийн хамгийн тогтвортой, хөгжил дэвшилтэй гэгддэг Швед, Норвеги, Дани, Нидерланд зэрэг улсууд үе залгамжилж ирсэн хаант засаглалаа алдаагүй. Тэд хаант засаглалтай учраас тогтвортой байгаа юм биш. Харин тогтвортой учраас хаант засгаа авч үлдэж чаджээ. Шатлан захирах ёс, ард түмний итгэл үнэмшил Британийг доош татна гэвэл бас л өрөөсгөл ойлголт. Энүүхэндээ гэхэд жуулчдад ихэс язгууртны амьдралын дүр зураг үнэхээр таалагддаг юм шүү. Гэхдээ Британийн бэлгэ тэмдэг болсон хааны удам залгамжлагчид албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд ард иргэд нь тэднийг хэсэг хугацаанд завсарлахыг хүлээж байж болзошгүй юм. 1800-аад оны үед Викториа хатны өндөр нас байнга хэл ам таталж, цуу яриа гарахад хүргэдэг байсан. Хатан тэнгэрт халихад улс үндэстэн даяар үймрэн тэвдэж дараагийн залгамжлагчийг хаан ширээнд залах ёслол хатны уй гашуу дунд бүдгэрч байв. Хааны гэр бүлийн талаар үзэл бодлоо хамгийн тодорхой илэрхийлдэг шинжээч Верно Богданор “Хаан ширээ нууцлаг, ид шидтэй, тэр бүү хэл эрх мэдэлгүй байсан ч олон нийтийн санаа бодолд л тулгуурлах ёстой” хэмээн өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, парламентын танхим эсвэл сонгуульд хариуцлага тооцох тухай бус, харин бэлгэ тэмдэг, бусдад нөлөөлөх чадвар зэрэг бодит хөдөлмөрөөс шалтгаална гэсэн үг.
Уруудаж буй нэр хүнд
II Элизабет хатан болон түүний нөхөр хунтайж Филип нар 1960-аад оны үед Скандиновын орнуудтай адил дугуй жийж явдаг энгийн ардын хэв маягтай хааны гэр бүл болохыг төдийлөн эрэлхийлсэнгүй. Тэд “пүүс” хэмээн олон нийт ёжлон дууддаг язгууртан гэр бүлийн өнгө төрхийг урлан бүтээж, уламжлуулан үлдээхийг чармайж ирсэн. Үр удам, залгамжлагчдадаа илүү анхаарал хандуулснаар хамгийн цуутай хаан удмыг цогцлоож үг хэл, үйл хөдлөл бүр нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсон юм. Гэхдээ Уэльсийн гүнж Дианаг хунтайж Чарльзаас гэр бүлээ цуцлуулж, хожим нас барсан үйл явдал хааны гэр бүлийг олон нийтийн санаа бодолд эмзэг хандахад хүргэжээ. Британийн иргэдийн 2/3 нь эзэн хааны гэр бүлд тааламжтай ханддаг гэсэн судалгаа бий. Гэвч энэ нь хүн бүрт таалагддаг гэсэн үг биш юм. Ипсос Мори маркетинг судалгааны байгууллага одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд судалгаа хийхэд 70 сая хүн амын 80 хувь нь хааны удмын гэр бүлийг дэмждэг хэмээн хариулж байжээ. Харин өдгөө энэ тоо 60 хувь болж буурсан. Хэвлэлийн мэдээлэлд онцгой эмзэг хандаж, ач холбогдол өгдөг Букингемийн ордон үүнийг хунтайж Эндрю болон Сассексын гүн Харри, түүний эхнэр Меган Маркл нар гэр бүлээ орхиж, АНУ-д амьдрах сонголт хийсэнтэй холбон тайлбарлаж буй. Өнгөрсөн 70 жилд ордны хэрэг явдал элдэв маргаан дагуулалгүй аврагдаж байсан боловч өдгөө Хатан хааны шийдвэрээс шалтгаалж хаан ширээний бат бөх хамгаалалт сэтэрч болзошгүй нөхцөл байдал үүслээ.
Хатан хааныг тэнгэрт хальсны дараа ч Уэльсийн хунтайж Чарльз титэмт угсаагаа сэргээн мандуулж, нэр хүндийг нь буцааж авчрахад туйлын хүнд хэцүү байх болно. Шинэ хаан залж, үе солигдох явц 70 жилийн дараа ирж буй тул олон талын сорилт тулгарч, түүнээс ихээхэн ур ухаан шаардах нь гарцаагүй. Тиймээс эх нь амьд сэрүүндээ титмээ шилжүүлэн адислал хүртээхээс өөр юу ч Чарльзыг хаан сууж, угсаат удмаа хамгаалахад тусалж чадахгүй. Яг одоо Британийн улстөрчдийн хийсэн бүхэн буруудаж, шүүмжлэл дагуулж буй. Үүнд хаан ширээг буруутгах аргагүй юм. Ядаж л Их Британи нь АНУ-ын одоогийн муж улсуудын тэмцэлтэй ижил нөхцөл байдалд ороогүй нь сайн хэрэг. Гэвч хаан ширээ тогтвортой байх эсэх нь нийтийн эрх ашиг, тэдний дэмжлэгээс шалтгаалах нь үнэн билээ. Олны дэмжлэгийг мөнхийн мэт санаж хэзээд болохгүй. Хатан хаан эрт ширээнээс татгалзаж, тэтгэвэртээ гарах нь зөвхөн хааны удмын эрх үүргээс татгалзсан явдал биш. Харин оновчтой, мэдрэмжтэй шийдвэр байх аж.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл