2021 оны байдлаар Монгол Улсын гадаад нийт өр 33.2 тэрбум ам доллар Өмнөх оноосоо 2.5 хувиар өссөн. Энэхүү өрийн нэмэгдлийг ихэвчлэн Эрүүл мэндийн салбарт гэсэн тодотголтойгоор авсан. Ковидын нөхцөл байдлаар далимдуулж өрийнхөө таазыг өндөрсгөөд авч буй нь энэ. Дээрх 33 тэрбум ам долларын өрийн 25.5 хувь буюу 8.4 эрбум ам доллар нь Засгийн газрын өр. Засгийн газрын өр өнгөрсөн жилд өмнөх оноосоо 1.9 хувиар буурсан. Тодотговол, 390 сая орчим ам долларыг улсын төсвөөс төлсөн тухай Сангийн сайд мэдээлж байсан удаатай. Харин гадаад өрийн 36.9 хувь нь компани хоорондын зээллэг буюу шууд хөрөнгө оруулалт эзэлж байна.
Монгол Улс олон улсын зах зээл дээрээс нийт найман удаа бондын санхүүжилт босгосон. Эдгээр нь бүгд гадаад валютаар гаргасан бонд байгаа. Үр дүн нь юу үлдсэн нь тодорхойгүй. Дундаж хүү нь 6.2 хувь. Нэг их сайн үзүүлэлт бас биш. Армен Бразил улс гэхэд 5 хувийн хүүтэй бондыг босгож чадсан байх жишээтэй. Зээлжих зэрэглэл гэхчлэн үзүүлэлтээрээ манайхаас илүү сайн байгаа нь нөлөөлсөн байх.
2022 онд төлөгдөх өрийн дарамт харьцангуй бага, гэхдээ л Чингис бондын 140 сая орчим ам доллар байгаа. Харин ирэх 2023 онд Гэрэгэ бондын 540 орчим сая ам доллар, Самурай бондын 300 сая ам долларын эргэн төлөлт хийх ёстой. Энэ бол Хөгжлийн банкны гадаад зах зээл дээрээс босгосон хөрөнгө. Гэвч тус банканд өнөөдөр чанаргүй активаас өөр хөрөнгө мөнгө гэх юмаар хомсхон байна. Хэрэв зээлдэгчдээсээ зээлээ эргүүлэн авч чадахгүй бол энэ өр төсөв дээр буухаас өөр гарцгүй.
Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 61.8 хувь байна гэдгийг Сангийн сайд хэлж байсан юм даг. Гэхдээ жилийн эцсээр хязгаартаа буюу 70 хувьд барих бололцоотой гэсэн тооцоо гарсан.Тэгэхээр өр нэмэгдэж байна гэж ойлгож болно гэсэн үг. Энэ жилээс шат дараатай 65 хувь руу бууруулах арга хэмжээ авна гэж байгаа. Эндээс уншигдах хамгийн таагүй агуулга бол Монгол Улс өрийн таазаа бүр 70 хувь болтол өндөрсгөсөн явдал.
Хэдийгээр цар тахалтай байсан ч 2020 онд 200 сая ам.доллар, 2021 онд 190 сая ам.долларыг төсвөөс шууд төлж барагдуулжээ. Сайн хэрэг. Гэхдээ ингэж төлж данс дугуйлахаас илүүтэй хойшлуулж өрийг өрөөр дарж аргацаах байдлаар өрийн менежмент хэрэгжүүлж байгаа нь Монгол Улс гадаад өрийн хүүнд хүлээстэй хэвээр байх нөхцөл болж байгаа юм.
Century, Nomad бонд зэрэг өрийн зохицуулалтыг иймэрхүү менежмент хийж тухайн жил төсөвт ирэх гадаад өрийн дарамтыг хойшлуулсан.
Сангийн сайд "Энэ жилийн Century бондын төсөл арга хэмжээ маш сайн болсон. Засгийн газрын түүхэнд хамгийн бага хүүтэй өрийн бичгийг гаргаж, санхүүжүүлж чадсан. Үүний үр дүнд манай гадаад өрийн зээлийн үнэлгээ, зээлжих зэрэглэл сайжирсан байгаа" хэмээн УИХ дээр мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан нь бий.
Гэсэн хэдий ч өр бол өр. Өргүй бол баян гэж сайхан үг бас бий. 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой. Үүнээс энэ онд бондын хүүд 160 сая ам долларыг төлнө. Ирэх 2023 онд бүр ч их. 2023 онд “Гэрэгэ” бондын 800 болон 600 сая ам.долларын өр төлнө.
Энэ бүхнээс харахад Монгол Улс өнөөдөр гадаад өрийн өндөр дарамттай гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгохоор байгаа юм.
Монгол Улсын гадаад өрийг төлж барагдуулах, өрийн таазын ДНБ-ий ядаж 50 хувиас хэтрүүлэхгүй барих зоригтой золбоотой аавын хүү Санхүүгийн салбарт үгүйлэгдэж байна.
Б.Тулга