Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, нийт 5 өдрийн турш хянан хэлэлцэгдлээ.
Шүүхээс өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шийдвэрлэхдээ “нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийлгэх шаардлагатай”, “одоогоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзэж, хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа шүүгдэгч нарыг буруутгаж байгаа хэд хэдэн үндэслэлд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, хохирогч тодорхойгүй, шүүгдэгч нарыг яллаад байгаа үйл баримтыг бүрэн шалгаж мухарлаагүй, цагаатгах болон яллах талын нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг прокурорын хяналтад байхдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд алга болсон гэх “НОЦТОЙ” үндэслэлүүдээр прокурорын хяналтад буцааж шийдвэрлэжээ.
Уг хэрэгтэй холбоотой хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын гишүүн асан С.Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой мэдэгдлийг хийсэн билээ.