Гүрж улс ЕХ-ны гишүүний статус авах хүсэлтээ Брюссельд илгээсэн бөгөөд холбогдох баримт бичигт Ерөнхий сайд Иракли Гарибашвили гарын үсэг зурсан байна.
"Өнөөдөр Гүржийн хувьд түүхэн өдөр: Би тус улсын нэрийн өмнөөс ЕХ-нд элсэх өргөдөлд гарын үсэг зурж байна" гэж улстөрч видео илгээлтдээ дурджээ.Түүний хэлснээр "Европын ирээдүй" бол Гүржийн төр, ард түмний сонголт юм.
"ЕХ-нд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан нь Гүржийн Европын интеграцчлалд хүрэх бас нэгэн чухал алхам бөгөөд Европын нэг гэр бүлд нэгдэх өвөг дээдсийн хүчин чармайлтыг үргэлжлүүлэх үе шат юм.
Гүрж бол Европын улс. Гүрж олон зуун жилийн түүхийнхээ туршид Европын соёл, иргэншлийн орон зайд харьяалагдсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл түүнийг хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна" гэж Гарибашвили нэмж хэлэв.
Эрх баригч “Гүржийн мөрөөдлийн нам” Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргажээ. Эрх баригчид үүнийг өмнө нь 2024 онд хийхээр төлөвлөж байсан ч "шинээр бий болсон бодит байдалд" үндэслэн байр сууриа өөрчилжээ.
Даваа гарагт Владимир Зеленский ЕХ-ны гишүүдэд хандан Украин улсыг тус холбоонд яаралтай элсүүлэхийг уриалж, гишүүнээр элсэх өргөдөлд гарын үсэг зурав. Европын парламент Украинд нэр дэвшигч орны статус олгох тухай тогтоолыг дэмжээд байгаа юм.
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду мөн тус Бүгд найрамдах улсын евроинтеграцчлалыг түргэтгэх ёстой гэсэн байр суурийг мөн илэрхийлжээ. Гэхдээ гишүүнчлэлийн шалгуурыг хангахын тулд улс орнууд янз бүрийн шаардлагыг хангасан байх ёстой юм.
Эх сурвалж: РИА новости