Улс төрчдийн ууж идсэн, унтаж хэвтсэн бүгд улсын нууц. Ийм нэг хошин гунигт драмын тун ойрын жишээ гэвэл Хөгжлийн банктай хөл толгойгоороо холбогдож байна.
Монгол банкнаас Хөгжлийн банкийг шалгаж 1.6 их наядын чанаргүй зээлтэй болохыг тогтоосон. Шалгасан нь сайн хэрэг. Шалгасан тухай тайлангаа хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд тараажээ. Ингэхдээ мөнөөх тайлан дээрээ “Нууц” гэсэн тамгыг хуудас алгасалгүй дарж “сэтэрлэсэн” байна гэнэ.
Үгүй нээрээ, улс төрчдийн шууд болон дам хамаарлын хэдэн нөхөд худал үнэн ярьж байгаад, эрх мэдэлтнүүдийн нөмөр нөөлөгөөр зээл аваад эргүүлж төлөхгүй “луу унжаад” явж байгааг Монгол төрийн нууц болгожээ. Чанаргүй зээл эрх мэдэлтнүүдтэй холбоотой гэдгийг энэ “нууц”-ийн зэрэглэл нотолж байна. Ухаандаа улс төрчдийнхөө улаан нүүрийг хамгаалж байгаа нь энэ байх л даа. Хөгжлийн банканд хөл гараа дүрээгүй эрх мэдэлтнүүдийг үзээд өгье ч гэмээнэ тун цөөхөн байх. Тэгээд танай, манай нам гэлгүй бүгд бие биеийнхээ хулгай луйврыг мэддэг, үүгээрээ барьцаалагдчихсан жинхэнэ аалзны тор тэнд байдаг ч юм билүү, хэн мэдлээ.
Хөгжлийн банкнаас идэж уусан булхайгаа улсын нууцын зэрэглэлд оруулж буй гайхалтай гэмээр шийдлийг ингэж л ойлгохоос өөр арга алга. Хэрэв ёс журам, шударга ёс гэхчлэн ярих юм бол харин ч эсрэгээрээ тэр луйварчдын нэрсийг нийгэмд нээлттэй ил тод зарлах ёстой бус уу.
Ер нь бол Хөгжлийн банкны энэ чанаргүй зээлийн ард уудалж дундрахааргүй их “НО” байгаа. Яг нөгөө “Хүрээний бузрыг яривал далай далай” гэдэг шиг.
Зах зухаас нь дуулдаж байгаагаар бол амбаар сав, уурын зуух, арай данх савнаас бусдыг барьцаанд тавьсан, бүр биет хөрөнгө бус ирээдүйд олох ашиг гэгчээ барьцаалаад зээл авчихсан байна. Тодотговол алдарт “Эрэл” компани.
Авсан зээлийнхээ тэн хагасаар казино тоглочихсон, аль эсвэл үйлдвэр байгуулах зээлийнхээ нэг хэсгээр үнэтэй машин тэрэг авчихсан, дэлгүүр нээчихсэн хүн ч байгаа сурагтай.
Энэ ч бас бага хэрэг. Бүр зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө шүүхэд өргөдөл гаргаад чөлөөлүүлчихсэн, хүүг нь төлөхгүй гээд шүүхийн алх цохиулчихсан их гарынхан зээлдэгч нарын дунд бий. Хууль шүүх нь хүртэл хутгалдчихсан. Тиймээ, энэ бүхэн улсын нууц. Задруулж үл болно.
УИХ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар ойрын үед нээлттэй сонсгол хийхээр зорьж байгаа. Энэ үеэр Б.Баттөмөр даргатай УИХ-ын ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны зээлдэгч зээл хоёрыг зэрэг нууцаас гаргах асуудлыг тавьж иргэддээ мэдээлэх нь шударга ёсонд нийцнэ.
Ард түмний хөрөнгөөр гараа угаагчдын мэдээллийг “Нууц” гэсэн тамгаар хамгаалж хаацайлаад байвал Монгол Улсын төрд хамгийн муу жишиг болж, улсаа хөгжүүлэх бус сөхрүүлэх замд оруулна гэсэн үг.
М.Нэргүй